Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ хийлгэж халдвар авсан иргэдийн гэр нь нийслэлийн бүх дүүрэгт байрлалтай учраас том дэгдэлт гарлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос шинээр 31 хүнд коронавирус илэрч, тус голомтод бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 болсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  мэдээлсэн.

Тэрбээр "Хэдийгээр БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт өвчтөнүүд эмчилгээ үйлчилгээ хийлгэж, халдвар авсан боловч тухайн өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүргүүдэд байрлалтай учраас энэ халдвар нэлээд өргөн хүрээтэй, том дэгдэлт гарсан гэж ойлгох хэрэгтэй.

Цар тахлын вирус нийслэлийн хүн амын дунд идэвхтэй эргэлтэд байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай.

Өнөөдрийн байдлаар бид дээрх голомтот халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын 1,136 хүнийг илрүүлэн тандалт, шинжилгээ хийж байна.

Үүнээс ойрын хавьтлын 622 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан бол хоёр дахь хавьтлын 327 хүн болон 157 эмч, ажилчдыг гэрт нь тусгаарлан ажиглаж байна.

Тухайн голомтод бүртгэгдсэн 62 тохиолдлын 46 нь эхний шинжилгээгээр, 16-аас нь давтан шинжилгээгээр нь коронавирус илэрсэн. Бид өнөөдөр ойрын хавьтлын хүмүүст давтан шинжилгээ хийж, нэмж хавьтлуудыг илрүүлэх ажлыг зохион байгуулна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/961210687619119

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.