Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн нурсан барилгыг актлахаар боллоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн барилга хэдийнэ насаа элээж, хэзээ мөдгүй нурах дээрээ тулжээ.
Тухайн үед өдрийн ээлжийн хоёрдугаар цагийн хичээл орж байсан. Азаар хэн нэгэн бэртэж, гэмтээгүй
Тус сургуулийн нэг давхрын ариун цэврийн өрөөний тааз нурж багш, ажилчид төдийгүй эцэг, эхчүүдийг багагүй сандаргав. Харин 1-12 дугаар ангийн 2700 гаруй сурагч өнөөдрөөс эхлэн төрөлх сургуульдаа сурч чадахгүйд хүрээд байна.
Учир нь өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тухайн сургуулийн барилгын насжилт дууссан, газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй гэх дүгнэлт гаргажээ. Улмаар өнөөдрөөс эхлэн сургуулийн үйл ажиллагааг зогсоож, “өвгөн” барилгыг актлах шийдвэр гаргаад байна.
2700 сурагч, 140 багш, ажилчин хаачих вэ
Дээрх сургуулийн барилга ашиглалтад ороод 50 гаруй жилийг элээжээ.
1949-1950 оны хичээлийн шинэ жилд хоёр багш, 75 сурагч, хоёр ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан тус сургуульд өдгөө 2700 гаруй сурагч, 140 орчим багш, ажилчид ажиллаж байгаа аж. Өнөөдөр насжилт нь дуусч өвгөрсөн сургуулийг актласан тул тэд хаачихаа мэдэхгүй сууна.
В.Цэцгээ: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандаж байсан
Ингээд тус сургуулийн захирал В.Цэцгээгээс дараах зүйлийг тодруулав.
-Танай сургуулийн нэгдүгээр давхрын ариун цэврийн өрөөний үүд орчмын тааз нурсан байна. Тухайн үед яг юу болсон юм бэ?
-Тухайн үед өдрийн ээлжийн хоёрдугаар цагийн хичээл орж байсан. Азаар хэн нэгэн бэртэж, гэмтээгүй. Бид тэр даруйд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газарт мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авсан.
-Тааз юунаас болж нурав?
-Сургууль маань 1957 онд, хичээлийн өргөтгөл буюу II байр маань 2008 онд ашиглалтад орсон. Ямар ч байсан бид зохих шат шатны байгууллагад нь санал, хүсэлт хүргүүлсэн.
Яг энэ асуудлаар өнгөрсөн баасан гарагт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан хуралдсан. Улмаар манай сургуулийн барилгын ашиглалтын хугацаа дууссан байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гаргаж акталж байх шиг байна.
-Одоо 2700 гаруй сурагч хаана хичээллэх билээ?
-Энэ асуудлаас болж хүүхдүүд хохирох ёсгүй. Өнгөрсөн баасан гарагт сурагчдынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс хичээллээгүй.
Цаашид бид сургалт хүмүүжлийн ажлаа хэвийн явуулах үүднээс дүүргийн мэргэжлийн хэлтэс, Нийслэлийн боловсролын газартай зөвлөлдөж, нэг шийдвэрт хүрэх байх.
Тэгээд ч яг энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт удаа дараа хандаж байсан.
-Тэд ямар хариу өгч байв?
-Дорвитой хариу өгдөггүй байсан. Гэхдээ тухайн үед арай ч хана, таазнаасаа нурж эхлээгүй байсан л даа. Ашиглалтын хугацаа нь дуусч, өнгө үзэмжээ алдсан барилгууд ийнхүү мараалын элэгдэлд орж иргэдийн амь нас, аюулгүй байдалд заналхийлэх болов.
Тэр тусмаа бяцхан үрсийн дуу хуур цалгиж, эрдэм ном дэлгэрсэн оюуны их өргөө болох сургууль, цэцэрлэгүүдийн хана, тааз ээлж дараалан нурж эхэллээ. Энэ бол манай улсын өнөөгийн боловсролын салбар ямар түвшинд байгааг, хэрхэн үйл ажиллагаа явуулдгийн бодит жишээ. Нэг үгээр хэлбэл “дампуурал” юм.
Бид боловсролын салбарын дампуурлыг хэд хэдэн жишээнээс харж болно. Тухайлбал Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэгийн хаалгыг чангахан хаахад таазнаас нь шороо бургилан унаж, хананд нь цууралт үүсдэг. Тус цэцэрлэгийн барилга 1955 онд орон сууцны зориулалтаар баригдаж байжээ. Өрөө тасалгаа нь хэтэрхий жижиг, өргөтгөл хийх аргагүй тус цэцэрлэгийн барилгын насжилт хэдийнэ дууссан ч үйл ажиллагаагаа явуулж л байна.
Харин өнгөрсөн онд нийслэлийн боловсролын салбарт 45.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж дөрвөн сургууль, 12 цэцэрлэгийн барилгын ажлыг шинээр эхлүүлэхээр болсон билээ.
Эл хүрээнд нэг л өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Монгол-III” сургуулийн барилгыг акталж, сурагчдыг хоёр сургууль руу тараасан. Өдгөө тус сургуульд сурч байсан 1740 гаруй сурагч хойд эцэг, эхдээ загнуулж адлагдсан хүүхдүүд шиг өдөр хоногийн өнгөрүүлж байна.
Харамсалтай нь дээрх сургуулийн шинэ барилгын ажил одоо болтол эхлэх нь битгий хэл хэзээ баригдаж ашиглалтад орох нь тодорхойгүй байгааг боловсролын салбарын дампуурал гэхээс өөрөөр хэрхэн тайлбарлавал зохилтой.
Гэтэл Хо Ши Миний нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль “Монгол-III” сургуулийн түүхийг давтаж эхэллээ.
Энэ бол боловсролын салбарын өнөөгийн үнэн дүр зураг. Ийн атал сургууль, цэцэрлэгүүдийн төсөв мөнгийг танаад байгааг юу гэж ойлговол зохилтой вэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
