Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгүүлчид 1-5 жил хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад ₮10-80 саяын торгууль оногдуулдаг болох уу?

Р.Оюун, iKon.mn
2020 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Худал мэдээллийг Эрүүгийн хуулиар зохицуулдаг болох санаачилгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гаргаж, хуулийн төслийг олон нийтийн санал авахаар арванхоёрдугаар сарын 7-ны өдөр яамны сайтдаа байршуулжээ. 

Энэхүү хуулийг баталбал "худал" мэдээлэл түгээсэн хэргээр сэтгүүлчид 1-5 жил хорих ял, хэвлэл мэдээллийн байгууллагад 10-80 сая төгрөгийн торгууль оногдуулдаг болох нь.

Хуулийн заалтыг бүрэн эхээр нь харвал:

“13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх

  1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийг:
  • 2.1.захиалгаар;
    • 2.2.хүүхдийн эрхийг зөрчиж;
    • 2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж;
    • 2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож;
    • 2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
         
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
 
Хуулийн тайлбарт "УИХ-аас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт
тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан боловч уг гэмт хэргийн шинжийг ерөнхий байдлаар тусгасан. 

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгслээр бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан, олон нийтийг төөрөгдуулсэн, айдаст автуулахаар хортой, илтэд худал мэдээллийг тараах, түгээх явдал түгээмэл болж байна. Тухайлбал, цагдаагийн байгууллагад гүтгэх гомдол 2018 онд 602, 2019 онд 1302, 2020 оны 11 сарын байдлаар 1531 ирүүлсэн байна. Түүнчлэн гүтгэх зөрчил 2018 онд 278 зөрчилд 570 сая төгрөг, 2019 онд 121 зөрчилд 250.8 сая төгрөг, 2020 оны 11 сарын байдлаар 35 зөрчилд 84 сая төгрөгний торгууль тус тус оногдуулсан байна. 

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн тоон үзүүлэлтээс дурдвал цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэрэг 2020 оны 11
дүгээр сарын байдлаар 236, үүнээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 110, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн 15, бусад эрүүгийн хэрэгт нэгтгэсэн 8, мөрдөн
шалгах ажиллагаанд байгаа 103 хэрэг тус тус байна. Иймд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинж, хүлээлгэх хариуцлагын зохицуулалтыг нарийвчлан тодорхой болгох зохицуулалтыг тусгалаа" гэжээ.

Гэвч энэхүү хууль нь сэтгүүлчдийн мэдээлэх, цаашлаад иргэдийн мэдэх эрхэнд ноцтой халдаж байна. Яагаад гэвэл манай хуулиудад "Худал мэдээлэл гэж яг юуг хэлээд байгаа вэ" гэдэг тодорхойлолт огт байхгүй.

Тийм учраас хуулийн төслийн 13.14.1-т заасан "Хүний нэр төр, алдар хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээлэл" гэснийг ямар хэмжүүрээр тодорхойлж, хэн тогтоох нь тодорхойгүй буюу аливаа мэдээллийг "худал" гэж үзэмжээр дүгнэх боломж бүрдүүлж байна.

Мөн хуулийн төслийн 13.14.2.4, 13.14.2.4-т хоёр хүрээг хамарсан явцуу заалтыг онцолсон нь цар тахлаар шалтаглан аливаа мэдээллийг "худал" гэж дүгнэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлж байна. 

Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг ...үйлдсэн бол гэсэн нь хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг асуудлыг гаргаж ирээд олон нийтэд хүргэвэл хам хэрэгтэн болж, ҮАБЗ-ийн эсрэг зогссон эрүүгийн хууль зөрчигч болж харагдах нь. 

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн албан тушаалтан мэдээллийг "худал", ялангуяа Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулсан гэж үзвэл сэтгүүлчийг 5.4 саяас 27 сая төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хорих бол байгууллагыг 10-80 сая төгрөгөөр торгодог болох нь.

Түүнчлэн МСНЭ-ээс мэдэгдэл гаргажээ.