Зураг
Зураг
Индэр    
2020 оны 9 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Х.Наранжаргал: Худал мэдээлэл гэж яг юуг хэлээд байгаа вэ гэдэг тодорхойлолт манай хуулиудад байхгүй

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

...“Мэдээлэлтэй байх нь хүний эрх бөгөөд үнэт зүйл” хэмээн “Глоб Интернэшнл” төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал тодотгосон юм. 

Жил бүрийн есдүгээр сарын 28-ны өдөр Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр тохиодог. Иргэд мэдээлэлгүй байх нь нийгэмд асар их хор уршигтай талаар нэгдсэн байр сууринд хүрч, мэдээллийн хүртээмжийн ач холбогдлыг үнэлэх үүднээс 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас НҮБ-ын хэмжээнд есдүгээр сарын 28-ны энэ өдрийг Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин үүнээс өмнө буюу 2015 онд ЮНЕСКО жил бүрийн энэ өдрийг мөн Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр хэмээн зарлаж байжээ.

Өдгөө дэлхийн 127 оронд мэдээлэл авах эрхийн тухай хуулийг баталсны нэг нь Монгол Улс. Харамсалтай нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль маань бүрэн хэрэгжиж чадахгүй төдийгүй цар тахлыг далимдуулан иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдах эрсдэл байгааг тэрбээр анхааруулав. 

Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн талаар “Глоб Интернэшнл” төвийн УЗ-ийн дарга Х.Наранжаргалтай ярилцсанаа хүргэж байна.



-Өнөөдөр Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр тохиож байна. Монгол Улсад мэдээлэл авах эрхийг хуульчлаад есөн жил өнгөрчээ. Та энэхүү хууль эрх зүйг Монгол Улсад бий болоход чухал үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд тэмдэглэлт өдрийн ач холбогдлыг тайлбарлахгүй юу? 

-Түүх сөхвөл, Канадын Эрх зүй ба Ардчилал төвийн үүсгэн байгуулагч, захирал Тоби Мендел, хуульч, шинжээч Хелен Дарбишире тэргүүтэй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлээр мэргэшсэн гаднын хуульчид иргэдийнхээ мэдээлэл авах эрх, ялангуяа төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрхийг баталгаажуулах хөдөлгөөнийг анх эхлүүлж байсан юм. 

Хелен Дарбишире 1995-1996 онд Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл гэж байхад мэдээллийн эрх чөлөө буюу иргэдийн мэдээлэл авах эрх гэж юу вэ гэдгийг анх удаа Монголд ирж бидэнд таниулж байсан хүний нэг. Дараа нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах тухай Иргэний улс төрийн олон улсын эрхийн олон улсын фактын 19 дүгээр зүйлээр нэрлэгдсэн “19 дүгээр зүйл” хэмээх Лондонд төвтэй олон улсын байгууллагатай хамтран 2001-2002 онд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөний талаар Монголын хууль тогтоомжуудад судалгаа хийхэд “Төрийн байгууллагуудын ил тод байдал их муу” гэсэн дүгнэлт гарсан. 

Ингээд 2002 оноос бид мэдээллийн эрх чөлөө буюу иргэдийн мэдээлэлтэй байх эрх гэж юу болох, төрийн байгууллагуудаас иргэд яагаад мэдээлэл авах ёстой талаар таниулах өргөн хүрээтэй кампанит ажил өрнүүлж, 2004 онд анх удаа УИХ-ын хэлэлцэх асуудлынх жагсаалтад оруулж байв. Гэтэл сонгуулийн жил таарч, дараагийн парламентад тухайн асуудлаар тодорхой ойлголтгүй олон хүн орж ирсэн тул таниулж явсаар 7 жилийн дараа буюу 2011 онд Монгол Улсын мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ-аар баталсан юм. Энэ бүх явцад, хуульд санал авах зэрэг ажлуудад Тоби Мендел бидэнтэй хамт байсан.

Харин тус хууль батлагдахаас өмнө Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар Төрийн байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийг батлах тухай тогтоол гаргасан байсан нь хуулийн орон зайг хангахад тодорхой үүрэг гүйцэтгэсэн.

Мэдээлэлтэй байх, мэдээллийн хүртээмжийн ач холбогдлыг үнэлж, 2015 онд ЮНЕСКО Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг есдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэж байхаар зарласан бол 2019 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей мөн тогтоол гарсан юм. Ингэснээр НҮБ-ын гишүүн орон бүр Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсон. 
 
Хамгийн гол зүйл нь энэ өдөр улс орнууд иргэдийнхээ мэдэх эрхийг, төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийг хөхиүлэн дэмждэг бөгөөд үүний тулд хууль тогтоогчид юу хийх, шийдвэр гаргагчид ямар зүйл хийх ёстой, дунд сургуулиуд, хүний эрхийн байгууллагууд ямар алхам хийх вэ зэрэг янз бүрийн уриалга гаргадаг.

-Энэ жилийн тухайд Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр ямар онцлогтой болж байна вэ? Мэдээж цар тахлын нөлөө байгаа байх.

-Коронавирусийн цар тахлын энэхүү хямралын үед иргэдийн мэдээлэл авах эрх, мэдээлэлтэй байх, мэдээллийн хүртээмжийн асуудалд голчлон төвлөрч буй бөгөөд “Амьдрал аварч, итгэл төрүүлж, найдвар авчиръя” гэсэн уриан дор тэмдэглэж байна. 

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдвар тархсан энэ онцгой үед иргэдийнхээ мэдээлэл авах эрхийг цар тахлаар далимдуулан боомилох, янз бүрийн хууль, тогтоол шийдвэр гаргах замаар мэдээлэл солилцох эрхийг боогдуулж байгаа үзэгдэл олон газар гарч байгаа.

Манай улс ч үүнийг тойроогүй байна л даа. УИХ Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг маш шуурхай баталлаа. Хууль батлахыг бид үгүйсгээд буруушаагаад байгаа хэрэг биш. Гагцхүү тэр хуулийг батлахдаа, мөн Гамшгаас хамгаалах тухай хууль, Онц байдлын тухай зэрэг хуульд өөрчлөлт оруулахдаа “худал мэдээлэл” гэсэн заалт тусгасан байгаа юм. Түүнээс гадна худал мэдээлэл тараах нь одоо Эрүүгийн хуулийн зүйл анги буюу гэмт хэрэг болчихсон. 

Иргэд мэдээлэлтэй байх нь хүний эрх бөгөөд үнэт зүйл. Тиймээс жирийн үед иргэдийн мэдээлэлтэй байх хүсэлтэд ямар хариу өгөх ёстой юм, цар тахлын үед түүнийгээ  баримталж, тэрхүү үнэт зүйлээ эрхэмлэн дагахыг энэ жил НҮБ гишүүн орнууддаа голлон зөвлөж байна. Мөн янз бүрийн шалтгаанаар иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг бүү  хэтрүүлэн хязгаарлаач гэдэг гол зөвлөмжийг өгч буй. 

-Хуульд орсон өөрчлөлтөөс та сая онцоллоо. Одоогийн манай хууль эрх зүйн орчин өөрөө иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж байна гэж ойлгож болох нь, тийм үү?

-Иргэдийн мэдээлэлтэй байх эрх гэдэг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний салшгүй хэсэг. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол 

  • хүний үзэл бодлоо баримтлах эрх чөлөө
  • хүний мэдээлэлтэй байх мэдээллийн эрх чөлөө гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. 

Тэгэхээр мэдээллийг хайх, хүлээн авах, олж авах, түгээх, бусадтай хуваалцах тэр бүлэг эрх нь Үндсэн хуулиар баталгаажсан гэсэн үг. Түүнээс гадна Монгол Улсын 1976 онд соёрхон баталж, нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлээр үүнийг баталгаажуулсан. 

Харин манай одоогийн нөхцөл байдлыг харахаар хэдийгээр 2011 онд Монгол Улсын мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хууль батлагдсан ч одоо болтол иргэдийн дийлэнхэд нь төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ авах ёстой гэдэг ойлголт суугаагүй байна. 

-Нөгөө талаар төрийн байгууллагууд хуулиа бүрэн хэрэгжүүлэхгүй байгааг “Глоб Интернэшнл”-ийн судалгаа харуулсан. Энэ талаар та ярихгүй юу? 

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш янз бүрийн судалгаа мониторингийг бид хийсэн. 

Тогтвортой хөгжлийн 17 зорилтын 10 нь мэдээлэлтэй байх иргэдийн эрхтэй холбоотой. Тиймээс хамгийн сүүлд FOIAN(Freedom of information advocasy network)-ийн иргэний нийгмийнхэнд зориулсан арга зүйг ашиглан судалгаа хийж үзсэн. Ингээд судлахад Монголд 

  • Нэгдүгээрт, нууцын хүрээ нь өргөн байна. 
  • Хоёрдугаарт, хуулийн 23-р заалт буюу мэдээлэл авах хүсэлт хүлээн авсан, хянасан буюу буцаасан, мэдээллийг өгсөн хугацаа зэргийг тэмдэглэх тухай төрийн байгууллага, албан хаагчид ногдсон үүргийн хэрэгжилт маш сул байна. 

Түүнээс гадна энэ хуулийн хэрэгжилтэд мониторинг байхгүй. Иргэдээс мэдээлэл авах тухай хүсэлт ирэхээр санал гомдол зэрэгтэй холиод бүртгэчихдэг. Тэгэхээр энэ тухай соёл төлөвшөөгүй байна гэсэн үг. 

"Одоо төрийн байгууллагууд өөрөө мэдээллийнхээ нууцыг тогтоодог болчихоор аюул нь юу гэхээр дарга нь нууц гээд хэлчихвэл тэр нь бараг нууц болчихож байгаа юм"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Саяхан хуурамч мэдээлэлтэй тэмцэх тусгай нэгж Цагдаагийн ерөнхий газрын дэргэд байгуулагдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ тухайд нэг болгоомжлол төрж байна л даа. Юу гэхээр, худал мэдээлэл гэж яг юуг хэлээд байгаа вэ гэдэг тодорхойлолт манай хуулиудад байхгүй. Тэгэхээр энэ чинь тухайн асуудлыг мөрдөж, шалгахад, эсвэл шүүх дээр энэ хэрэг очлоо гэхэд үзэмжээрээ хандах эрсдэл байна гэсэн үг. 

Тухайлбал, Хөвсгөлийн нэг иргэний хэрэг байгаа. Хөл хорионы үед цагдаа 30,000 төгрөгийн хахууль авч байна гэж фэйсбүүктээ бичээд 500 мянган төгрөгөөр торгуулсан. Тэр нь хахуулийн тухай мэдээлэл шүү дээ. Тэр хүн бол сонссоноо бичсэн. Гэвч үнэхээр цагдаа нар 30 мянган төгрөгийн хахууль авч, хүмүүсийг Улаанбаатар руу явуулж байсан эсэхийг мөрдөж байж тогтоох ёстой, хахуулийн тухай тийм мэдээлэл байхад “эгчээсээ сонссон” гэхээр нь тэр хүнийг худлаа мэдээлэл тараасан гээд торгочихсон. 

Хэвлэл мэдээлэл болон иргэн хүн өөрөө олон нийтийн үзэл бодлыг тээгч байхгүй юу. Олны үг ортой гэгчээр тийм зүйл байсан болоод ам дамжсан явган яриа явсан байж болзошгүй. Тэгэхээр зарчим нь тэрийг шалгаж тогтоох ёстой. 

Иргэд мэдээлэлтэй байх нь хүний эрх бөгөөд үнэт зүйл

Нөгөө талаар, Зөрчлийн тухай хуульд байсан “Гүтгэлэг” гэдэг заалтыг хүчингүй болгонгуутаа Эрүүгийн хууль руу шилжүүлээд “худал мэдээлэл” гэдэг нэр томьёогоор оруулчихсан. Үүнийг би улс төрийн заль мэх гэж харж байгаа. Учир нь гүтгэлэг гэдэг бол өөрөө угаасаа худал мэдээлэл. Худлаа мэдээллийн эсрэг агуулга нь “үнэн”. Тэгвэл үнэн, худлыг яаж дэнсэлж, яаж тэрийг тодруулж гаргаж ирэх вэ гэдэг нь маш их ухаалаг, мэдрэмжтэй, мэдлэгтэй үйлдэл шаардах ажил. 

Мэдээж мэдээлэл бол хүний амь насанд ч нөлөөлөх хүчтэй зүйл гэдгийг би үгүйсгэхгүй. Тийм ч учраас үзэл бодлоо илэрхийлэх, иргэдийн мэдээлэлтэй байх эрх чөлөө нь өөрөө хязгаарлагддаг эрх чөлөө. Тодруулбал, гурван зүйлээр хязгаарлана. 

  1. ҮАБ-ыг хамгаалахын тулд хязгаарлаж болно
  2. Бусдын эрх, нэр хүндэд хамгаалах үүднээс хязгаарлаж болно. Жишээ нь хүний өвчний түүх бол хувийн нууц. Гэхдээ тэр хүн ажлаа хийх чадвартай байна уу, үгүй юу гэдэг нь олон нийтийн эрх ашигт нийцсэн мэдээ болохоос биш яг ямар өвчтэй вэ гэдэг нь тэр хүний хувийн нууц. Тиймээс түүнийг хамаагүй мөшгөх нь сэтгүүлчдийн хийдэг ажил ч биш. Иргэд нь тэрийг заавал мэдээд байх шаардлагагүй. 
  3. Нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс мэдээллийг хязгаарлаж болдог. 

Гэхдээ хүссэн бүхэн энэ эрхийг “хязгаарлалаа” гээд хязгаарлачихдаг зүйл биш. Үүнийг заавал хуулиар тогтооно. Хэм хэмжээндээ зайлшгүй байна гэдгийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, гуйвуулж болохгүй гэсэн үг. Хэм хэмжээндээ зайлшгүй байна гэдэг тухайд бодит хор хохирол гэж байх ёстой. Тухайлбал, ҮАБ-д тухайн мэдээллийг ил болговол үүсэх бодит хор хохирлыг тооцож үзээд нуудаг. 

-Харин одоо “нууц” гэдэг үгээр далимдуулан иргэнийг ч, сэтгүүлчийг ч буруутгах боложтой болох гээд байна.

-Тийм. Ганцхан жишээ хэлэхэд, шинээр батлагдсан Төрийн ба албаны нууцын тухай хуульд судалгаа анализ хийсэн. Үндсэн хуулиар төрийн, хувь хүний, байгууллагын нууцыг хуулиар тогтооно гээд заасан байдаг. Гэтэл судалгааны үр дүн юу харуулсан гэхээр Засгийн газрын тогтоолоор нууцынхаа жагсаалтыг баталдаг болоод төрийн байгууллага бүхэн өөрөө нууцаа тогтоогоод, өөрөө нууцынхаа журмыг баталдаг болсноор шаардлагагүй зүйлсийг нууцлах боломжтой болсон явдал. 

Анх бид төрийн нууцын шинэтгэлийг ТЕГ-тай хамтран хийх үед үнэхээр ҮАБ-д бодитой хор хохирол учруулна гэж үзвэл тэр асуудлыг нуусан шиг нуух хэрэгтэй гэдгээ тогтох учиртай гэж үзэж байв. Тэгэхгүй бол нэг ажилтан нь амаа халахаар бурчихдаг, тэр нь сошиал медиагаар тарчихдаг байж болохгүй. 

Харин одоо төрийн байгууллагууд өөрөө мэдээллийнхээ нууцыг тогтоодог болчихоор аюул нь юу гэхээр дарга нь нууц гээд хэлчихвэл тэр нь бараг нууц болчихож байгаа юм. 

Ганц жишээ дурдахад, 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай иргэний нийгмийн байгууллагынхан сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан мөнгөний тайланг авахаар Үндэсний аудитын газарт хүсэлт тавьсан. Гэтэл тэр мэдээллийг "төрийн нууц" гээд өгөөгүй. Яагаад сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан мөнгө төрийн нууц болно гэж? Одоо бол байдал арай өөр болж байна. 

Шал дэмий мэдээлэл нууцалж байгаагийн бас нэг жишээ нь, дэд бүтцийн төслүүдэд оролцож байгаа арми, ангийн хүн хүчний тоо, техникийн тоо нууц байх тухай нууцын жагсаалтад оруулсан. Гэтэл манай Ерөнхийлөгчийн сайтад тэр нь ил байж байгаа юм.

  • Тэр мэдээлэл ил болсноор ҮАБ-д ямар бодитой хор уршиг учирсан бэ?
  • Хоёрдугаарт, Ерөнхийлөгч төрийн нууцыг ил болгочихож байгаа юм бол яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. 

Энэ бол хэрэггүй мэдээллийг нууцалдгийн хамгийн яруу тод жишээ. 

Дээр нь, манай улс авлигатай тэмцэнэ, төрийн өндөр хэмжээний авлига их байна гээд яриад байгаа. Тэгсэн хэр нь төрийн байгууллага мэдээллээ ингээд нууцалдаг болчихоор яаж авлигатай тэмцэх вэ гээд олон асуудал байна. 

-Үнэн, худлыг яаж дэнсэлж, яаж тэрийг тодруулж гаргаж ирэх вэ гэдэг нь маш их ухаалаг, мэдрэмжтэй, мэдлэгтэй үйлдэл шаардах ажил гэж та дээр хэллээ. Худал мэдээлэлтэй тэмцэнэ хэмээн байгуулагдсан тэр байгууллагын "худал мэдээлэл" гэж тодорхойлсон болгон хууль бус, эрүүгийн хэрэг болж таарах гээд байна. Энэ нөхцөлд яах ёстой вэ?

-Шинээр байгуулагдсан тэр нэгж үнэнийг тогтоохгүйгээр “Энэ чинь худлаа юм байна” гээд байвал энэ чинь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд асар их хохиролтой болно. Тийм учраас тэнд ажиллах хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон улсын хэм хэмжээний тухай маш сайн ойлголттой, яг худал гэдгийг нь тогтоодог байх хэрэгтэй. Харин Хөвсгөлийн кэйс шиг хандаад байвал нэг өдөр энэ олон хуулиуд сэтгүүлчдийн эсрэг ашиглагдах боломжтой. 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө иргэний хувьд олон ургальч үзэл шүү дээ. Үзэл бодол гэдэг өөрөө гурван төрөл байдаг гэж “19 дүгээр зүйл”-ийн ерөнхий тайлбар байдаг. 

  • Хүний угийн өөрт байдаг үзэл бодол
  • Таамагласан үзэл бодол 
  • Ухамсарласан үзэл бодол гэж байна.

Үүнийг хэрхэн ойлгох вэ гэдгийг тэр нэгжид ажиллах гэж байгаа хүмүүс тархиндаа шингээж, яс махаараа ухамсарламаар байгаа юм.  

Үгүй бол иргэдийнхээ мэдээлэлтэй байх эрхийг бүр хэтрүүлээд, мушгин гуйвуулах боломжтой гэдгийг дээрх жишээнүүдээс харж болно.

Иргэд ч мөн идэвхтэй байж, өөрийнхөө хүссэн мэдээллийг төрийн байгууллагуудаас авдаг байгаач ээ. Хэрэв өгөхгүй байгаа бол түүнийгээ ил тодоор бусадтайгаа хуваалцаасай гэдгийг хэлмээр байна.