Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: 5 хүртэлх насны хүүхдийн 90%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95%, эрэгтэйчүүдийн 82% нь Д аминдэмийн дутагдалтай байна

ikon.mn
2020 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдлын чухал хэрэгжилтийн нэг хэсэг. Хүн бүр эрүүл, урт удаан, чанартай амьдралыг хүсдэг билээ.

Харин энэ нь дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн эрүүл мэнд, хооллолтоос шууд шалтгаалах асуудал. Бидний биеийн үйл ажиллагаа, эрүүл байдал нь хооллолт, хоол хүнсний эрүүл, аюулгүй байдалтай шууд хамааралтай гэдгийг мэднэ.

Гэвч хүнсний аюулгүй байдал хангалттай хэмжээнд байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хүнсний аюулгүй байдлыг дараах гурван хүчин зүйлээр тодорхойлдог. Үүнд,

  1. Хүнсний хангамж
  2. Хүнсний шим тэжээллэг байдал
  3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал

Монгол Улсын хүнсний хангамжийн тогтвортой байдлын хувьд 2019 онд малын мах, сүү, төмс, гурилыг 96.3-100 хувь дотоодын үйлдвэрээрээ хангасан байна. Харин сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг зэрэг хүнсний хангамжийн гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн 50-60 хувийг дотооддоо үйлдвэрлэжээ.

Загас, загасан бүтээгдэхүүн, мах, төрөл бүрийн будаа, жимс жимсгэнэ, ургамлын тос, элсэн чихэр зэрэг нь 96-100 хувийн импортын хамааралтай байна. Үүнийг манай улсын байгаль цаг уурын нөхцөлтэй холбон тайлбарлаж болох юм.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хувьд хяналтын итгэмжлэгдсэн лабораториудын нэгдсэн сүлжээний хэмжээнд 2019 онд хими, хор судлал, эрүүл ахуй, нян судлал, ургамал, хорио цээрийн чиглэлээр нийт 106.1 мянган сорьцод давхардсан 290.6 мянган үзүүлэлтээр шинжилгээ хийснээс бохирдлын түвшин 3.3 хувьтай гарсан байна.

Хүнсний шим тэжээллэг байдлыг тодорхойлох зорилготойгоор Үндэсний статистикийн хорооноос явуулсан судалгааны дүнгээс үзэхэд улсын дунджаар жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэг болон үндсэн шимт бодисын хэмжээ зөвлөмж нормтой харьцуулахад бүх улиралд давсан, харин байршлын хувьд ялгаатай буюу нийслэл, орон нутгийн хувьд харилцан адилгүй байна.

Хүн амын хоол тэжээлийн үндэсний тавдугаар судалгаагаар тав хүртэлх насны хүүхдийн 90%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95%, эрэгтэйчүүдийн 82% нь Д аминдэмийн дутагдалтай байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тогтоосон.

Мөн хүн амын дунд А аминдэмийн дутагдлын тархалт “дунд зэрэг”, төмөр иодын дутагдал тодорхой түвшинд байгаа тул олон төрлийн хүнс хэрэглэх, өргөн хэрэглээний хүнсийг баяжуулахыг зөвлөмж болгосон байна. Хүн амын дундах илүүдэл жин, таргалалт нийгмийн эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулах түвшинд хүрсэн тул эрүүл хооллолт, хүнсний зохистой хэрэглээний талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, аминдэм, эрдсээр баялаг хоол, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгааны үр дүнд хүрчээ. Иймд бид нийгмийн эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор хоол хүнсээрээ дамжуулан аминдэм, эрдэс бодисоо хэрхэн нөхөж болох талаар зөвлөмжийг хүргэхийг зорилоо. Хоол хүнсээр нөхөгддөг нийт есөн төрлийн аминдэм байдаг бөгөөд эдгээрийг зохистой хэмжээгээр хэрэглэж хэвших нь эрүүл, чанартай амьдралын гол үндэс юм. Бичил тэжээлийн дутагдлын үед ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой талаар бид бишгүй л олонтаа уншиж байсан. Гэвч зарим аминдэмийг нөхөхийн тулд тос, тосон бүтээгдэхүүн, давс, махны хэрэглээгээ нэмэх шаардлагатай болдогтой холбоотойгоор хэтрүүлэн хэрэглэх тохиолдлууд үүсдэг.

Иймд бид үндэсний хоол хүнсний V дугаар судалгаан дээр үндэслэн иргэдийн дунд ямар бичил тэжээлийн дутал элбэг тохиолдож байгаа талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

 
эх сурвалж: НЭМҮТ

Дутагдалтай гэгдэж буй А, Д аминдэмүүд, төмрийн дутагдалтай тохиолдолд ямар үр дагавартай болохыг та мэдэх үү?

Д аминдэм гэж юу вэ? Энэхүү аминдэм нь хоол хүнсний бүтээгдэхүүнээр хүний биед орохоос гадна нарны хэт ягаан туяа (Ultraviolet B)-ны нөлөөнд арьсан дор нийлэгждэг. Д аминдэм нь кальцийг зохицуулах, цусан дахь фосфорын түвшинг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба эрүүл ясыг хадгалахад нэн чухал хүчин зүйл болдог юм. Жирэмсэн үе, нярай, бага болон өсвөр насны хүүхдийн эрчимтэй өсөлтийн үед ясны хэвийн өсөлтийг хангах, кальцийг биед шингээх, дархлааг сайжруулах, зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангах зэрэгт Д аминдэмийн хэрэгцээ эрс нэмэгддэг.

Харин манай орны хувьд газар зүйн байрлалын улмаас Д аминдэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй учраас ямар хүнсэнд хэрхэн хэрэглэхээ, зохистой хэмжээг мэддэг байх нь чухал. Ихэвчлэн далайн гаралтай хүнс болох загас,тослог ихтэй загас, консервлосон туна загас болон өндөгний шар, мөөг, үнээний сүү гэх зэрэг байгалийн гаралтай хүнсэнд агуулагддаг. Мөн цагаан хоолтон хүмүүст зориулан ургамлын гаралтай сүү үйлдвэрлэдэг компаниуд сүүгээ Д аминдэмээр баяжуулдаг байна. Гэхдээ та хүнсэндээ авч хэрэглэхдээ найрлагыг нь сайтар шалгаарай.  

Д аминдэмийн дутагдал нь ямар үр дагавартай вэ?  

Д аминдэмийн дутагдал нь хүний биед 200 гаруй өвчин үүсэх шалтгаан болдог /дархлаа сулрах, цусны даралт ихсэх, чихрийн шижин, зарим эрхтний хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх магадлал нэмэгддэг гэх мэт/ ба хорт хавдраар өвчлөх магадлал нэмэгддэг байна. Тухайлбал Д аминдэмийн түвшин хангалтгүй байх нь ясны эрдэсжилтэд сөргөөр нөлөөлж, хүүхдийн өсөлт хоцрох, насанд хүрэгчдийн яс зөөлөрч сийрэгжин хугарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Д аминдэм дутагдлын улмаас хүүхдэд рахит өвчин үүсэх бөгөөд хүүхдийн яс зөөлрөх, ясны хэлбэр өөрчлөгдөх шинж (майга эсвэл саруй хөл гэх мэт)-ээр илэрдэг. Харин хүний биед энэхүү аминдэмийн түвшин хангалттай байх нь зүрхний шигдээсээр өвчлөх, нас барах эрсдэлийг бууруулдаг эерэг талтай.

А аминдэм гэж юу вэ?

А аминдэм эд, эсийн нөхөн төлжилтөд оролцохын зэрэгцээ, дархлааны тогтолцооны амин чухал бүрэлдэхүүнд багтаж, халдвартай тэмцэхэд тусалдаг. Хүний бие махбодын эрчимтэй өсөлтийн үе буюу жирэмслэлт, хөхүүл үе, нялх, хүүхэд насанд А аминдэмийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. А аминдэм нь тосонд уусдаг аминдэмийн бүлэгт байдаг. Байгаль дээр элэг, өндөг, лууван, бууцай, чихэрлэг төмс, чангаанз, шар хулуу, броколли зэрэг амьтны болон ургамлын гаралтай олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнд А аминдэм агуулагддаг. Гэхдээ ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр /ургамлын гаралтай аль эсвэл махан бүтээгдэхүүнээс/ А аминдэмийг авч буйгаас хамааран хэмжээ харилцан адилгүй байдаг байна. Ихэнх хүмүүс А аминдэмийг бууцай, лууван, чихэрлэг төмс, гэх мэт ургамлын гаралтай хүнснээс авдаг. Гэхдээ ургамлын гаралтай А аминдэмийн шимэгдэлт нь өндөг, малын мах зэрэг амьтны гаралтай хүнсэнд агуулагдах А аминдэмтэй харьцуулахад бага байдаг тул илүү их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай байдаг. Түүнчлэн А аминдэм нь тосонд уусдаг тул шимэгдэлтэд өөх, тос зайлшгүй хэрэгтэй. Эдгээр шалтгааны улмаас өөх, тос бага хэрэглэдэг, ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр А аминдэмийн хэрэгцээ хангадаг хүмүүсийн дутагдалд өртөх эрсдэл нь илүү өндөр байдаг.

А аминдэмийн дутагдал ямар үр дагавартай вэ?

Хоол хүнсээр авах А аминдэмийн хэмжээ хангалтгүй байх, халдварт өвчний улмаас бие махбодын хэрэгцээ нэмэгдэх, суулгалт, гэдэсний шимэгч хорхойн халдварын үед тэжээлийн бодисын шимэгдэл буурах зэргээс шалтгаалан А аминдэм дутагдал бий болдог.

А аминдэмийн дутагдалтай хүүхдийн дархлааны тогтолцоо суларч, суулгалт, улаан бурхан зэрэг халдварын эсрэг тэмцэх чадвар буурдаг тул өвчлөх эрсдэл нь маш их нэмэгддэг байна. Мөн түүнчлэн хүүхдүүд нүдний эвэрлэгийн үрэвсэл, цоорлын улмаас сохордог аюултай. Уг аминдэмийн хэрэгцээ хамгийн их байдаг хэдий ч, А аминдэмээр баялаг хүнсний хэрэглээ нь ихэвчлэн бага байдаг тул нялх, бага насны хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхчүүдийн дунд А аминдэмийн дуталд өртөх эрсдэл өндөр байна. Иймд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн А аминдэм агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн сонгон хэрэглэж хэвших нь зүйтэй.

Иод гэж юу вэ?

Иод нь хүний бие махбодын бодисын солилцоог зохицуулах, ураг, нялх хүүхдийн хэвийн өсөлт, тархины хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй бамбай булчирхайн дааврын нийлэгжилтэд нэн шаардлагатай эрдэс юм. Хүний биед ойролцоогоор 20-50 мг иод байдгаас 60% нь бамбай булчирхайн хэсэгт, үлдсэн хувиуд нь цус, шөрмөс, өндгөвч гэх зэрэг эрхтнүүдэд агуулагддаг байна. Иод нь далайн загас, замаг зэрэг далайн гаралтай хүнсэнд маш баялаг, харин цагаан идээ, үр тариа, өндгөнд маш бага хэмжээгээр агуулагддаг. Газар зүйн байрлалаас хамааран хөрсөнд ургах жимс, ногооны иодын агууламж далайн гаралтай бүтээгдэхүүнээс харьцангуй бага байдаг. Иодоор баялаг хүнсний хэрэглээ хангалтгүй байгааг харгалзан дэлхий дахинд давсыг иоджуулж, хүн амын иодын хэрэгцээг хангах стратегийг баримталдаг. Иод нь бүх насны хүмүүсийн биед хэрэгтэй эрдэс бодис бөгөөд ялангуяа өсөлтийн үе болох жирэмсний үе, хүүхэд өсөж бойжих үед нэн чухал үүрэгтэй юм.

Иодын дутагдал ямар үр дагавартай вэ?

Хоол хүнсээр авах иодын хэмжээ хангалтгүй байх нь иодын дутагдлын үндсэн шалтгаан болдог. Үүний улмаас хүний бие махбодын хөгжилд олон тооны саатал үүсдэг бөгөөд тэдгээрийг бүхэлд нь нэгтгэн иодын дутагдлын эмгэг (ИДЭ) гэж нэрлэдэг билээ. Жирэмсэн эмэгтэй иодын дутагдалд өртвөл үр зулбах, дутуу төрөх эрсдэл нь ихэсдэг бөгөөд амьдарч чадсан ургийн өсөлт эргэшгүйгээр хоцрогдож, уураг тархи нь гэмтдэг байна. Ийнхүү төрөлхийн өсөлт хоцролт, уураг тархины гэмтэлтэй, ураг оюун ухааны хомсдолтой хүүхэд болон өсдөг. Жирэмсэн эх иодын хөнгөн хэлбэрийн дуталд өртөхөд хүүхдийн суралцах, боловсрол эзэмших сэтгэн бодох чадвар (IQ) буюу оюун ухааны чадамж нь буурдаг эрсдэлтэй. Иоджуулсан давс хэрэглэдэггүй улс оронд иодын дутагдал түгээмэл байдаг тул хүүхдийн сурлагын амжилт, насанд хүрэгчдийн хөдөлмөрийн бүтээмж, нийгэм, эдийн засгийн хөгжилд сөрөг үр дагавар авчирдаг талтай. 

ИДЭ-ийг эмнэл зүйн шинж болон лабораторийн шинжилгээний аргаар шээсэн дэх иодын агууламжийг тодорхойлж оношилдог. Иод дутагдлын үед хүүхэд, насанд хүрэгчдэд түгээмэл илэрдэг эмнэлзүй шинж бол бамбай булчирхай томрох буюу бахлуур юм. Бамбайн булчирхайн томролт нүдэнд харагдахгүй харин гарт тэмтрэгддэг. Ургийн иод дутагдлын хүнд хэлбэрийн үед төрөлхийн крентинизм үүсдэг. Энэ үед хүүхдийн өсөлт зогсож одой болдог бөгөөд уураг тархины гэмтлийн улмаас оюун ухааны хомсдол үүсдэг. Хүний бие махбодын иодын ихэнх хэсэг шээсээр эргэн ялгардаг байна.

Төмөр дутагдал гэж юу вэ?

Төмөр нь хүний бие махбодын болон оюун ухаан, танин мэдэхүйн хөгжилд нэн шаардлагатай эрдэс юм. Хүний амьдралын мөчлөгийн жирэмсэн, нялх, балчир болон өсвөр насанд төмрийн хэрэгцээ хамгийн өндөр байдаг. Гэхдээ төмөр нь хүний амьдралын бүхий л үе шатанд амин чухал үүрэгтэй. Төмөр нь амьтны болон ургамлын гаралтай хүнсэнд агуулагддаг бөгөөд малын мах, шувуу, загас нь төмрийн маш сайн эх сурвалж болдог. Мөн шош, буурцаг, вандуй, самар, үр, гүн ногоон навчит ногоо зэрэг ургамлын гаралтай хүнс нь төмрөөр баялаг байдаг аж. Ургамлын гаралтай хүнсэнд агуулагдах төмөр нь амьтны гаралтай төмөртэй харьцуулахад шимэгдэлт багатай байдаг. Иймд төмрийн хэрэгцээгээ хангахын тулд ургамлын гаралтай хүнсийг илүү их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болно. Энэ шалтгааны улмаас цагаан хоолтон хүмүүс төмөр дуталд өртөх эрсдэл ихтэй байдаг.

Төмөр дутагдал ямар үр дагавартай вэ?

Хоол хүнсээр авах төмрийн хэмжээ хангалтгүй байх, шимэгдэлт буурах, бие махбодын хэрэгцээ нэмэгдэх, хумхаа, гэдэсний шимэгч хорхойн халдварын улмаас төмөр алдагдах зэрэг шалтгаанаар хүний бие дэх төмрийн нөөц шавхагдаж “төмөр дутагдал” үүсдэг. Төмөр дутагдал даамжрахад төмөр дутлын шалтгаантай цус алдалт үүсдэг бөгөөд мөн цус багадалтын үед цусны улаан эсийн тоо цөөрч, хүчилтөрөгчийг зөөвөрлөх чадавх буурдаг байна.

Цус багадалт нь хүүхдийн бие махбодын болон танин мэдэхүйн хөгжил саатах, насанд хүрэгчдийн хөдөлмөрийн бүтээмж буурахад хүргэдэг тул дэлхий дахинд “Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” хэмээн нэрлэж байна.

Өнөөдөр дэлхийн хүн амын дунд тохиолдож буй нийт цус багадалтын 50 хувь төмрийн дутагдлын шалтгаантай байна. Мөн халдвар, үрэвсэлт эмгэгүүд нь цусны улаан эсийн боловсролт, үйл ажиллагаа болон төмрийн шимэгдэлт, ашиглалтад сөргөөр нөлөөлж, архаг үрэвслийн гаралтай цус багадалтад хүргэдэг.

Хүмүүс хооллолтын уламжлалт хэв маягаас эрүүл бус хоол, хүнсний хэрэглээнд шилжихийн зэрэгцээ, өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнтэй байдлаас гар утас, компьютер, телевизийн өмнө сууж өнгөрөөх хугацаа уртсаж, илүүдэл жинтэй болох эрсдэл нь нэмэгдсээр байна. Илүүдэл жин ба таргалалттай хүн артерийн даралт ихсэлт, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин зэрэг өвчлөлд өртөмтгий байдаг.

Хоол хүнсний аюулгүй байдал бол үндэсний аюулгүй байдлыг хангах чухал үзүүлэлтүүдийн нэг. Мөн та бидний мэдэхээр хүний эрүүл мэнд нь хоол хүнсний хэрэглээтэй шууд хамааралтай байдаг билээ. Аминдэмийн дутал нь хүний биеийн дархлааг сулрахад нөлөөлж, олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болдог. Зүрх судасны өвчин, хортой болон хоргүй хавдар, чихрийн шижин, ургийн буруу хөгжил, ясны хөгжил, оюун ухааны хөгжил зэрэг хүний хөдөлмөр эрхлэх чадвар, нөхөн үржих чадвар зэрэгт маш том сөрөг нөлөө үзүүлэх өвчнүүд үүсэх эрсдэлтэй юм. Жишсэн нэг хүний хүнснээс авах илчлэгийн хэмжээ нь дараах байдлаар хуваагддаг, Үүнд: илчлэг /киллкалори/ - 2,400, уураг/грамм/ - 90, тос/грамм/ - 67, нүүрс ус /грамм/ -360. Харин аминдэмүүдийн хувьд нас, хүйснээс хамааран харьцангуй адилгүй байдаг билээ.

Өдөрт авбал зохистой аминдэмийн хэмжээ:

Нас

Витамин А (мкг)

Витамин В6 (мкг)

Витамин В12 (мкг)

Витамин С (мкг)

Витамин Д (ME)

Витамин Е (мг)

Иод (мкг)

Төмөр (мг)

Нярай

0-6 сар

400

0.1

0.4

40

400

4

50

0.25

7-12 сар

500

0.3

0.5

50

400

5

50

4

Хүүхэд

 

 

1-3 нас

300

0.5

0.9

15

600

6

90

7-18.0

4-8 нас

400

0.6

1.2

25

600

7

90-100

9-22.0

Эрэгтэй

 

 

9-13 нас

600

1

1.8

45

600

11

120

9-22.0

14-18 нас

900

1.3

2.4

75

600

15

150-200

15

19-70 нас

900

1.3

2.4

90

600

15

150

10-13.0

>70 нас

900

1.7

2.4

90

600

15

150

10-13.0

Эмэгтэй

 

 

9-13 нас

600

1

1.8

45

600

11

120

9-22.0

14-18 нас

700

1.2

2.4

65

600

15

150-200

20

19-70 нас

700

1.3

2.4

75

600

15

150

20-30

>70 нас

700

1.5

2.4

75

800

15

150

20-30

Жирэмсэн эхчүүд

 

 

19-50 нас

770

1.9

2.6

85

600

15

175-200

30

Хөхүүл эхчүүд

 

 

19-50 нас

1300

2

2.8

120

600

19

175-200

20

Төмөр болон иодын өдөрт авбал зохистой хэмжээ нас, хүйс болон тухайн хүний биед агуулагдах үндсэн төмөр, иод-ийн хэмжээнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг тул та өөрт тохирсон тунг мэргэжлийн эмчид хандан тодорхойлуулах шаардлагатай.

Мандал Эрсдэлийн Институт - Н.Хүслэн