"Гэрээсээ Музейд" төслийн хүрээнд бэлтгэж буй цуврал нийтлэлийн ээлжит дугаарыг уншигч танд хүргэж байна. Энэхүү нийтлэлээр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн онцлох долоон үзмэрийг танилцуулж байна.
Та ЭНД дарж гэрээсээ Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээр аялах боломжтойг дуулгахад таатай байна.
Дэлхийн урлагийн эрдэнэсийн санд монгол хүний оруулсан бодит хувь нэмэр бол Г.Занабазарын бүтээлүүд мөн. Тэрээр уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэсэн бөгөөд энэ арга нь одоо ч урлаг судлаачдын ахнаарлыг татсаар байгаа билээ. Өндөр гэгээн Г.Занабазар бурхадыг дүрслэхдээ биеийн болон сэтгэлийн гоо сайхныг амьд хүмүүн мэт сэтгэл төрүүлтэл харуулж чадсан байдаг.
Г.Занабазарын бүтээлийн оргил нь Цагаан дара эх баримал юм. Цагаан дара эхийн баримал нь 53830 гр, 69х45х45 см хэмжээтэй бөгөөд хүрэл, алт шармал, шороон будаг ашиглан бүтээсэн. 1653 онд Эрдэнэзуу хотын ойролцоох Шивээт улаан хэмээх газар /Төвхөн/ бүтээлийн сүмээ байгуулсан ба өөрийн бүтээлүүдийг урласан.
Цагаан дара эхийн баруун мутар дээдийн өглөгийн мутарлага, зүүн мутраараа дөнгөж нүдлэн цомирлогоо нээж буй цэцгийн ишнээс барин авралын мутарлага үйлдэн, бадам цэцгийн саран мандал дээр очир завилгаа суудлаар заларна. Тэргүүндээ гурав, мутрын алганд хоёр, хөлийн уланд хоёр гээд нийт долоон мэлмийтэй. Эдгээр долоон мэлмий нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагт олонд өглөг буянаа өгч, энэрэн хайрлагч гэсэн бэлгэдэлтэй.
Цагаан дара эх нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн бэлгэдэл Жанрайсиг бурханы мэлмийнээс унасан дусал нулимснаас төрсөн домогтой. Цагаан дара эх нь урт нас, өвчин зовлонгоос анагаах залбирлыг өөртөө агуулдаг ажээ.
Музейн эртний урлагийн танхимд байрлах энэхүү шавар баг нь амаа ангайж, соёо шүд нь арсайж, дээд урууландаа нарийн сахалтай, хацар нь түмбийсэн, нүд нь бүлтийж, нүдний дээд талаар хөмсгийг товойлгон тал саран байдлаар дүрслэн хөмсөгнөөс эгц дээш үс бололтой гурван эгнээ товгорыг нэн сонирхолтой гаргасан ба үлэмж том монцгор хамартай.
Цамын багийг цаасан шуумлын аргаар хийдэг. Нимгэн нойтон цаасыг олон давхарлан нааж шуугаад дараа нь зүлгэж өнгөлөх, будаж бэхжүүлэх, засал гоёл чимэглэлийн нарийн ажиллагааг хийнэ. Эцэст нь бэлэн болсон багийг будаад, алтдан ариутган сүншиглэдэг байна. Багийн үс ихэвчлэн хар, улаан байх ба үсийг сарлагийн савгаар хийнэ. Цамын багийг зөвхөн лавчин цаасан шуумлаар урлаад зогсоогүй, алт мөнгөний уран дархны оролцоо, эрдэнийн чулуу, шүр, оюу, анар шигтгэсэн хөөмөл, хөөтүүр, цохимол, хазлага, сийлбэр, шармал зэрэг олон талын арга ажиллагааг хослуулан бүтээж байсан байна.
Цагаан өвгөн нь зөвхөн монгол цамд гардаг дүр бөгөөд цагаан дээл өмсөн бүсэндээ хэт хутга, тамхины даалин зүүсэн, луутай таяг тулсан байдалтай дүрслэгдэнэ. Баг нь инээмсэглэж буй төрхтэй ба хүн төрөлхтөнд аз жаргал, баяр баясгалан, урт насыг бэлгэдсэн амьдралыг тэтгэгч юм. Цагаан өвгөн мишээл таалалтай байвал хүн ардад өлзийтэй сайн байх ба түүний таяг эсвэл мутарт нь хүрвээс урт насалдаг хэмээн монголчууд бэлгэшээдэг билээ. Тиймээс энэ дүрийг монголчууд ихэд нандигнан дээдэлдэг байна.
Нумарч эргэсэн эвэртэй гурван янгир тайван бэлчиж байгааг чулуун дээр цохиж сийлсэн энэхүү хадны зураг Өвөрхангай аймгийн Буга Согоотын хяраас олдсон бөгөөд шинэ чулуун зэвсгийн үед хамаарна.
Музейн хамгийн том хэмжээтэй үзмэр бол 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед Хүрээ Цамд зориулан урласан 15.40 метрийн өндөртэй, 10.40 метрийн өргөнтэй “Жалба Сэнгий раа” зээгт наамал юм. Энэхүү үзмэртэй ижил 3 монументаль зээгт наамал Дүрслэх урлагийн музейн цуглуулгад хадгалагдаж байна.
Хамгийн жижиг үзмэр бол 19-р зууны сүүл үед нэрт сийлбэрч Уран Сүрэнгийн сийлсэн 1.3x1.1x0.3 см-ийн хэмжээтэй, улаан хуван “Нар хажид” юм. Тус сийлбэрт Нар хажид бурханы дүрийг маш нарийн дүрсэлжээ. 2006 онд музейн 40 жилийн ойд зориулсан “Эрдэнэсийн сан 2” үзэсгэлэнд анх удаа сан хөмрөгөөс үзэгч олонд толилуулсан юм.
Төслийн тухай мэдээлийг ЭНД дарж сонирхох боломжтой. Та "Гэрээсээ Музейд" төслийн фэйсбүүк пэйжид ЭНД дарж нэгдэж, инстаграм хаягийг дагах бол ЭНД дарна уу.
Таныг хүндэтгэсэн, "Гэрээсээ музейд" төслийн хамт олон
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!