Засгийн газраас шийдвэрээ танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай улс коронавируст халдварын батлагдсан 4 тохиолдолтой боллоо. Нэг голомтоос 4 тохиолдол батлагдсан. Өөрөөр хэлбэл, манай улс зөөвөрлөгдсөн өвчлөлтэй байсан бол өнөөдөр кластр өвчлөлтэй улс орны тоонд орох боллоо.
ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавируст халдварын ойрын хавьтлыг 24-48 цагийн дотор олж тогтоох ёстой байдаг. Бид одоогоор 73 ойрын хавьтлыг илрүүлээд байна. Ойрын хавьтал гэдэг нь тухайн халдварын лабораториор батлагдсан тохиолдолтой 1.5-2 метрийн дотогш зайд хамгаалах хэрэгсэлгүй, 15 минутаас дээш хугацаанд уулзсан бол ойрын хавьтал гэж үзнэ.
Тэдгээр дам хавьтлуудын байршлыг тогтоох үйл ажиллагаа явагдаж байна. Байршлыг нь тогтоосны дараа бид арга хэмжээгээ авна. Түүнтэй хамт үзвэр үзсэн 200 гаруй хүн ХӨСҮТ-д шинжилгээ өгсөн. Үнэнийг хэлэхэд энэ бүх ойрын хавьтлын шинжилгээний хариу бүгд зүгээр гарна гэж хэлэх хэцүү. Магадгүй цаашид батлагдсан тохиолдол нэмэгдвэл авах арга хэмжээ цааш үргэлжилнэ" гэлээ.
Мөн "Бид өнөөдрөөс эхлээн авч буй арга хэмжээ маань ДЭМБ-ын зөвлөмж гэдгийг иргэд маань ойлгож бидэнтэй хамтран ажиллаж, цар тахалтай тэмцэхийг хүсэж байна. Энэ хугацаанд хорио цээрийн дэглэмийг мөрдөж, аль болох гадуур явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх, гараа ариутгах, олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байхыг хүсэж байна" гэв.
Дам болон ойрын хавьтлуудын талаар тэрбээр хэлэхдээ "Бид одоогоор ойрын хавьтлын 70 гаруй хүнийхээ 3-ны 1-ийг шинжилгээнд хамруулаад байна. Хөл хорионы хугацаанд тэдгээр хавьтлуудаа шинжлэх, үргэлжлүүлээд дам хавьтлын 2,000 гаруй хүнээ олж тусгаарлана. Энэ хугацаанд гол нь иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй" хэмээн хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!