Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Асгатын мөнгөний ордод $600 саяын хөрөнгө оруулалт хийх саналыг АНУ-аас ирүүлжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: parliament.mn

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. 

“Монголросцветмет” компанийн мэдэлд байсан тус ордыг Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 16-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн. Түүнээс хойш 29 жил хаалттай байсан Асгатын мөнгөний далд уурхайг нээх, гадны лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг холбогдох албаныхан хийж гүйцэтгэсэн билээ.  

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн заасан. Мөн Баян-Өлгийн аймгаас сонгогдсон нэр бүхий гишүүдийн хүсэлтээр Асгатын мөнгөний ордыг эргэлтэд оруулах тухай асуудлыг УИХ-ын түвшинд анхаарч эхэлж буй нь энэ ажээ. Түүнчлэн салбарын яам уг ордыг ашиглах асуудлаар АНУ-ын хөрөнгө оруулагчтай ярилцаж эхэлсэн байна.  

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл, Эрдэнэс Монгол компанийн удирдлагууд оролцож, Асгатын мөнгөний ордыг ашиглах урьдчилсан ТЭЗҮ-г танилцуулав. 

Асгатын мөнгөний орд нь Баян-Өлгий аймгийн Ногоонуур сумын нутаг, ОХУ-тай хиллэдэг бүсэд оршдог. 1996 онд тус ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлснээр 6.4 сая тн хүдэр, 72.6 мянган тн зэс, 2.2 мянган тн мөнгөний нөөцтэй гэж тогтоож байжээ. Нэмэлт хайгуул хийснээр нөөцийн зэрэг нэмэгдэх боломжтой гэж үздэг байна. Гэвч Асгатын мөнгөний орд нь авто болон төмөр замаас алслагдсан, эрчим хүчний шугамд холбогдоогүй, үйлдвэрлэлийн усан хангамж шийдэгдээгүй нөхцөлд байдаг. 

Салбарын яам болон "Эрдэнэс Монгол" компанийн зүгээс танилцуулсан урьдчилан ТЭЗҮ-г гишүүд хангалтгүй байна гэж үзсэн учраас дахин боловсронгуй болгох чиглэл өгч, тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулав. Тус байнгын хорооны гишүүдийн олонх сайтар төлөвлөж, боловсруулаагүй асуудлаар нийгэмд хүлээлт үүсгэж, талцал маргааны сэдэв нэмэгдэх вий гэдэг болгоомжлолтой байгаагаа илэрхийлсэн. 

Хэлэлцүүлгийн үеэрх асуулт хариултыг товчлон хүргэж байна.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Асгатын мөнгөний орд стратегийн орд. Энэ ордод Монголын Засгийн газрын оролцоо ямар түвшинд байх вэ. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол төр 50 хүртэл хувийг нь эзэмшинэ. Заавал бүх ордод төр оролцоод, хөрөнгө оруулаад, хувь эзэмшээд яваад байх шаардлага бий юу.  

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Өнөөдрийг хүртэл ордыг ашиглахыг хойшлуулсан үндсэн хоёр шалтгаан бий. Нэг нь дэд бүтцийн асуудал. Нөгөө нь баяжуулалтын технологи. 

Өнөөдрийн байдлаар геологийн суурин руу сайжруулсан зам тавьсан байгаа. Түүнээс цааш орд руу очихын тулд ОХУ-ын хил рүү орж гарах шаардлага үүсдэг. Ордыг ашиглахын тулд ОХУ-тай ойлголцох шаардлага бий болно. 

Тиймээс ордыг ашиглахад ОХУ-тай хамтарч ажиллахаас өөр аргагүй. 2006 онд ОХУ-ын Полиметал гэдэг компанитай хамтарч энэ төслийг эхлүүлэх боломж байсан. Тус компани нь Асгатын ордоос цааш 160 км-т өөрсдийн боловсруулах үйлдвэртэй. Өнөөдрийн байдлаар тус компани руу захиа бичсэн боловч хариу ирээгүй байна. 

АНУ-ын нэгэн компанитай видео уулзалт хийсэн. Зөвлөлт холбоот улсад ажиллаж амьдарч байсан одоо бол АНУ-ын иргэншилтэй хүмүүс байгаа. Энэ хүмүүс ордыг ашиглах хамгийн оновчтой хувилбар нь ОХУ болон Казахстаны зүгээс тоног төхөөрөмжийн хангамж хийх нь илүү эдийн засгийн хувьд ашигтайг гэж үзэж байгаа юм билээ. 

Гадаадын хөрөнгө оруулагчтай хамгийн түрүүнд ярих асуудал нь ажиллах нөхцлөө ярих хэрэгтэй байх. Уг ордыг ашиглах ямар л боломжтой нөхцөл байна тэр бүгдэд нь тооцоо хийж хамгийн ашигтайг нь сонгох ёстой. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Энэ ордын үр өгөөжийг хэрхэн тооцож байна вэ. Нэмэлт хайгуулаар нөөц нь хэр хэмжээгээр нэмэгдэнэ гэж үзэж байна. Монголд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ. 

Ажлын хэсэг: “Эрдэнэс Монгол” компаниас “Стийл  айрон” компаниар хийлгэж байгаа тодотголын талаар хариулъя. Нөөцийн хувьд цаашид мөнгөний нөөц 6.8 мянган тн хүрэх боломжтой. Өнөөдрийн батлагдсан нөөц нь 2,247 тн байгаа. Зэсийн таамаг нөөцөөр 210 мянган тн болж өсөх дүр зураг харагдаж байгаа. 

Төрийн эзэмшлийн асуудлаар хамгийн ашигтай хувилбаруудыг тооцож үзэх нь зөв гэж үзэж байна. 

“Эрдэнэс Монгол” компанийн санхүү хариуцсан дэд захирал н.Ганболд: 1998 онд Сибгипрозолото компанийн хийсэн ТЭЗҮ-д үндэслэн 2019 оны зургаадугаар сарын байдлаарх зах зээлийн үнэ болон төсөөллийг түшиглээд ТЭЗҮ-г шинэчилж үзсэн. Ингэхэд хөрөнгө оруулалтад 123.8 сая ам.доллар, 500 ажилтан, борлуулалтын орлого 318.1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256.6 сая ам.доллар, цэвэр ашиг 197.1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар байна гэж тооцоолсон. Өгөөжөө өгөх хугацаа нь 11 жил гэж тодорхойлсон. Гэхдээ ТЭЗҮ-г шинэчлэх үйл явц үргэлжилж байгаа. Энэ бол өмнө нь хийсэн ТЭЗҮ-г өнөөгийн үнэ цэнэд хөрвүүлсэн тооцоолол юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Эхний ээлжинд хөвүүлэн баяжуулах процесс ашиглан хан баяжмалаа гаргаж аваад, түүнийгээ тээвэрлэж Ногооннуур суманд аваачин металургийг нь ялгаж авах процессыг явуулна гэсэн төсөөлөл бий. 

АНУ-ын хөрөнгө оруулагчдын урьдчилсан байдлаар ирүүлсэн саналыг харахад нэлээн том хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь харагдсан. Энэ бол төсөөлөл. Гэхдээ цахилгаан дамжуулах шугам, металургийн үйлдвэр бариад, мөн тэр бүс нутагт байх Хотгорын нүүрсний уурхайг түшиглэн дулааны станц барина гэдэг томоохон комплекс төлөвлөгөөтэйгээр нийт 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг төсөөлөл бидэнд ирүүлсэн. 

 

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Бидэнд өгсөн урьдчилсан ТЭЗҮ-г харахаар 1998 онд хийгдсэн ТЭЗҮ-ийн хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлж, бусад тоонуудыг хуучин хэвээр нь үлдээсэн байна. Энэ дээрхээр бол 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд 24 жилийн дараа 180 сая ам.доллар болгож олох юм байна. Тэгэхээр энэ хэр үр ашигтай төсөл вэ. Үүнээс Монгол Улс ямар ашиг олох вэ. Үүнийг сайн тооцоолохгүй бол бас нэг хэрүүл нэмэгдэх юм биш байгаа гэж болгоомжилж байна. 

Гадны компаниудаар өндөр өртөгтэй ТЭЗҮ хийлгэдэг. Манайхан өөрсдөө ТЭЗҮ хийх чадвартай юу. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон: Газрын баялагийг ашиглахын өмнө нарийвчилсан тооцоо хийх хэрэгтэй. 2020 оны зургаадугаар сард Засгийн газраас “Эрдэнэс Монгол” компанид Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-г шинэчлэх үүрэг өгсөн. Энэ дагуу хийгдсэн ажил. 

“Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа: Яг өнөөдөр Асгатын мөнгөний ордын талаар тодорхой ярих түвшинд хүрээгүй байгаа. Энэ ордын судалгаа, ТЭЗҮ-г нэлээд эрт хийсэн байдаг. Өнөөдрийн хувьд ТЭЗҮ-г урьдчилсан байдлаар, таамаг хийж байгаа. 
Монголд ТЭЗҮ хийх чадвартай олон байгууллага байгаа байх. 

Монгол Улс хувь эзэмшинэ, татвар авах нь зөв гэхчлэн янз бүрийн санал гарах нь ойлгомжтой. Бид эхлээд хаанахтай яаж хамтарч ажиллах вэ гэдгээ нарийвчлан тогтох ёстой. Үүний дараа хувь эзэмших эсэхээ ярихгүй бол болоогүй асуудлыг хойноос эхэлж ярих гээд байна. Энэ дээр “Эрдэнэс Монгол” компанийн хувьд Монгол Улсад үр ашигтай байх, төсөл хөтөлбөрөө хурдан эхлүүлэх чиглэл барьж ажиллаж байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Энэ бол ОХУ-ын компанитай хамтрахаас өөр аргагүй орд. Стратегийн үр ашигтай боловч ашиглахад хүнд ордыг гадаад харилцааны түвшинд Оросын талтай хэлэлцээр хийж ашиглах нь эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй. Байгаль орчинд хор нөлөөгүй технологи бий болсон бол ашиглах эздүүд нь Оросын компаниуд л байгаа. 

Тэгэхээр Засгийн газрын түвшинд илүү сайн хувилбар гаргаж ярилцах нь зөв байх. 

Ер нь Үйлдвэржилтийн байнгын хороо мөрөөдлийн жагсаалт баталдаг байнгын хороо байх ёсгүй. Асгат шиг ордыг ашиглах техник технологийн ямар шийдэл гарсан болоод танилцуулга орж ирж байгаа юм бэ. Байгаль орчинд хоргүй, нөлөөлөл бага гэдэг технологийн талаар дэлгэрэнгүй танилцуулах нь зөв байх. 

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:  Асгатын орд нь хил дамнаж байрладаг. ОХУ-ын нутагт 3-4 судалтай геологийн тогтоцын нэг судалд хамаардаг гэж үздэг. Оросууд тэдгээр ордоо дангаар ашиглахад эдийн засгийн хувьд ашиггүй гэж үздэг. Тиймээс Монголын талтай нэгдмэл байдлаар Асгатын ордын түшиглэх сонирхол байгаа. Хоёр улс өөр өөрсдийн нутагт байгаа ордыг ашиглах ч баяжуулах үйлдвэрийн чиглэлд хамтрах зэрэг янз бүрийн шийдэл байж болно гэж харж байна. Тиймээс геополитикийн хувьд шийдэх ёстой асуудал. 

Байгаль орчинд үзүүлэх нөлөөний хувьд эхлээд баяжуулах үйлдвэрийн байршлаа маш зөв сонгох хэрэгтэй. Дараа нь хан баяжмал дахь хорт бодисоос мөнгийг салгаж авах, үйлдвэрээс гарах хаягдлыг цуглуулж авах зэрэг экологи талаас анхаарах шаардлагатай асуудал байгаа. 

Ордоос хамгийн ойр суурин болох Ногооннуур суманд баяжмалыг боловсруулах санал бий. Энэ нь хоёрдахь шатны баяжуулалт. Үндсэн хүдэрээ уурхай дээрээ баяжуулаад, хан баяжмалаа өөр газар боловсруулах санал яригдаж байгаа.  

УИХ-ын гишүүн Т.Аубакир: Асгатын орд манай аймгийн хувьд ганц байгаа баялаг. Хэрэв энэ орд ашиглалтад орчихвол ажлын байр нэмэгдэх, түүнийг дагасан эдийн засгийн өгөөж нэмэгдэх зэрэг олон ач холбогдолтой. Миний зүгээс энэ ордын хөдөлгөн ямар боломж байна болохоос нь болохгүй хүртэл явж үзнэ гэсэн байр суурьтай байна. Тиймээс энэ ордыг хөдөлгөх эхний алхмыг хийх нь зөв гэсэн саналтай байна.