Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээж, лабораторийн дээжийг мэргэжлийн байгууллагынхан /геологичид/ авлаа.
Энэ ажилд ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн юм.
Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий “Асгатын мөнгөний орд” нь 1991 оноос хойш ажиллаагүй, уурхайн малталт нь улнаас тааз хүртэл 2.8 м, өргөн 3.5 м бүхэлдээ цас, мөсөөр дүүрч, амны орчин 7 метр зузаан цасан бүрхүүлээр хучигдсан хүнд нөхцөлд ажиллажээ.
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Асгат багийн “Мөнгөтийн хяр” хэмээх газар орших мөнгөний орд нь Улаанбаатар хотоос 1,950 км, аймгийн төвөөс 190 км зайтай, д.т.д 2,891 м өндөр ууланд байрладаг.
Төвлөрсөн цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, орон нутгийн чанартай шороон замтай, ихэнхи өдрүүдэд цасан шуурга шуурч, зам даваа хаагддаг онцлог бүс нутаг юм.
Эх сурвалж: ОБЕГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!