Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр шөнө Цагааннуур боомтоор орж ирсэн ОХУ-ын хоёр жолоочоос коронавирус илэрсэн. Цагааннуур, Боршоо боомтыг хаахаар боллоо"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/watch/?v=1226546434380667

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ачаа, бараа нэвтрүүлж буй зарим хилийн боомтыг түр хаах асуудлыг хэлэлцсэн юм. 

Шадар сайд Я.Содбаатар: Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас цар тахлаас урьдчилсан сэргийлж, эрсдлийг бууруулах зорилгоор Цагааннуур, Боршоо боомтуудыг арваннэгдүгээр сарын 2-ноос 21 хоногийн хугацаатай түр хаах шийдвэр гаргалаа. 

Яагаад ийм нөхцөл байдал үүссэн гэхээр манай улстай хил залгаа байдаг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давалгаа эрчимтэй нэмэгдэж, хилээ хааж, онц байдал тогтоох нөхцөл байдал үүсээд байна. 

Хилийн дагуу байгаа бүс нутгуудын өвчлөлийн байдал хүндэрсэн. Сүүлийн өдрүүдэд улс хоорондын тээвэрт явж байгаа жолооч нараас коронавирусын тохиолдол илрэх байдал нэмэгдэх боллоо. Одоогийн байдлаар улс хоорондын нийт 30 жолоочоос халдвар илэрсэн. Үүний хоёр нь буюу өчигдөр шөнө Цагааннур боомтоор орж ирсэн хоёр орос жолоочоос коронавирусийн халдвар илэрлээ. 

Цагааннуур, Боршоо боомтоор өнөөдрийн байдлаар нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, малын тэжээлийн тээвэр явагддаг. Зорчигч тээвэр явдаггүй. Зөвхөн ачаа тээвэр нэвтэрдэг боомтын үйл ажиллагааг 21 хоног хаахаар боллоо. 

Дээрх хоёр боомтоор нефтийн бүтээгдэхүүн голчлон тээвэрлэдэг. Тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн түүгээр орж ирдэг. Өнөөдрийн байдлаар Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний сарын нөөцтэй байна. 

21 хоногийн хугацаа дууссаны дараа тодорхой гарагт нефть оруулж ирэх зохицуулалтыг хийнэ. Боомтыг тодорхой хязгаарлалтын дор нээнэ. 

Замын-Үүд, Алтанбулаг, Гашуунсухайт, Шивээхүрэн зэрэг бусад боомт дээр карантины бүс нээх асуудлыг УОК-оос шийдвэрлэсэн. ААН-үүд ачаа бараагаа тухайн бүсээс татан авснаар наашаагаа жолооч нэвтрэхгүй байх  юм. Хөдөлгөөн ихтэй боомтууд дээр шинжилгээ авч байгаа. 

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн халдварыг дотоодод алдсан тохиолдол байхгүй. Бид тандалтын шинжилгээг байнга хийж байна. Энэ тал дээр санаа зоволтгүй.