Айл гэр бүрт байх ёстой нэг эд хөрөнгө бол TV юм. Анхандаа ядаж нэгтэй байх зорилготой байсан бол одоо өрөө болгонд гэх зэргээр хэрэглээ нь улам нэмэгдэж байгаа.
Тиймээс TV худалдаж авахад хэрэгтэй зөвлөгөөг CNET-ын экспертүүдийнхээр хүргэж байна.
Худалдаж авахад анхаарах 3 дүрэм
1. Дүрсний чанар нь үзүүлэлт дээрхээс өөр байдаг
Цаасан дээрх үзүүлэлт нь баахан ойлгомжгүй тоо байдаг ба зөвхөн тэдгээрээс л болж илүү мөнгө төлөхөд хүргэдэг билээ. Яг үнэндээ Оролтууд болон Хэмжээ, Жин зэрэг нь л бидэнд хэрэг болдог.
Бусад үзүүлэлтүүд нь худлаа, харьцангуй, өрөөсгөл гээд бодит байдлаас үргэлж зөрүүтэй байдаг юм. Тиймээс тэр тоонуудад итгэснээс бидний зөвлөгөөг дагах нь үр дүнтэй.
2. Том нь илүү дээр
Унтлагын өрөөнд тавих бол хамгийн багадаа 32 инч, зочны өрөөнд бол 46 инчээс дээш байвал сайн. Ер нь л том тусмаа сайн. Үнэндээ Smart TV, 3D TV зэрэг шинэ технологиор ахиулахын оронд зүгээр л том дэлгэцээр солих нь илүү үр дүнтэй. Хэмжээний дээд хязгаар таны мөнгө, таалал эсвэл байрлуулах орон зайд л хязгаарлагдаж байх хэрэгтэй.
3. Плазмаг сонгохыг бод
Плазма TV-ын тэргүүлэгч Panasonic удахгүй (2014 оны 3 сараас) плазмаг үйлдвэрлэхээ зогсоох гэж байгаа. Гэхдээ л тэрнээс нь өмнө амжиж плазма TV авах хэрэгтэй. Учир нь плазма бол хамгийн чанартай дүрслэлтэй. LCD, LED аль нь ч түүнд хүрэхгүй. Плазмад ганцхан л дутагдал байдаг. Тэр нь нэг дүрс хэт удаан (олон хоног сараар) дэлгэцэнд “хадагдвал” яг тэр дүрснийх нь сүүдэр дэлгэцэнд нь арилахгүй үлддэг. Гэхдээ та энгийн хэрэглээтэй хүн бол ийм асуудал огт тулгарахгүй. Үйлчилгээний заал мэт газарт мэдээллийн самбар байдлаар ашиглагдахад харин ийм асуудал гарах байх. Мөн плазма нь бусдаасаа хавьгүй илүү удаан элэгддэг. Хүмүүст плазма нь хуучин технологи мэт санагддаг байх. Ялангуяа зузааныг нь сүүлийн үеийн LED дэлгэцтэй харьцуулбал. Гэхдээ энэ нь тийм биш. Нимгэн гоё дэлгэц байх нь сайхан харагдах ч TV бол 1-2 жил болоод сольдог гар утас биш гэдгийг санах хэрэгтэй. Мөн байнга гадуур барьж явдаг хэлбэр стиль харуулах эд биш гэдгийг тооцох нь зөв.
Магадгүй плазмаг сонгоход гарах нэг гол хүндрэл нь түүний хэмжээний хязгаарлалт. Одоохондоо плазма нь голдуу 42-65 инч байгаа. Үүнээс жижиг, эсвэл том хэрэгтэй бол LCD/LED сонгохоос өөр аргагүй юм.
Үүнээс гадна орчноос хамаарч гаралтанд нь муугаар нөлөөлөх 2 шалтгаан бий.
Мөн плазма нь LED/LCD-ээс илүү эрчим хүч хэрэглэдэг. Гэхдээ энэ зардлын зөрүү нь жилдээ шалихгүй бага (АНУ-ын жишгээр 30$-50$) тул шийдвэрт нэг их нөлөөлөхгүй байх.
Дүрсний чанартай холбоотой санамжууд
Гэхдээ дээрх дүгнэлтүүд 100% үнэн биш ба ихэнхдээ гардаг тохиолдлууд гэдгийг санах хэрэгтэй. Зарим үйлдвэрлэгчдийн LED/LCD, плазмагаас сайн чанартай байхыг үгүйсгэхгүй. Эдгээр үр дүнгүүд нь тусгай мэргэжлийн лабораторид хийгдсэн тест дээр үндэслэгдсэн болно.
Smart TV хэрэгтэй юу?
Бидний санал бол энгийн ТВ авах хэрэгтэй. Учир нь интернэт хэрэглээг хүмүүс утас, таблет, PC дээр л ашигладаг. Харин ТВ дээр ихэнхдээ хэрэглэдэггүй. Хэрэглэхэд ч тийм тохиромжтой биш. Мөн IPTV операторуудын set top box-ууд зарим Smart хэрэглээг орлох боломжтой болсон
3D TV хэрэгтэй юу?
Бас л үгүй гэж хэлмээр байна. Гол нь үзэх контентын олдоц муу, ховроос хүмүүс 2D дүрсийг л ихэвчлэн үзэцгээж 3D TV-тэй гэдгээ мартдаг.
Оролтууд
Нэг анхаарах ёстой үзүүлэлт бол энэ юм. Аль болох олон HDMI оролтуудтай байвал сайн. Таны залгах хэрэгцээтэй төхөөрөмжүүдийн тооноос илүү тооны нөөцтэй байх нь дээр. Бас USB оролт их чухал. Флаш дискнээс фото зураг үзэх, хуулсан видеогоо тоглуулахад хэрэгтэй. Эсвэл SD кард унших оролттой байж ч болно.
Хэв маяг чухал уу?
Мэдээж гэрийн тавилгын нэг хэсэг болох хэдэг утгаараа чухал үзүүлэлт. Унтраалттай байсан ч орчиндоо нөлөөлнө. Тиймээс үйлдвэрлэгчид гадна өнгө үзэмжинд их анхаарах болсон. Нимгэхэн, элдэв сонин суурьтай, дэлгэц тойрсон хүрээ нь аль болох бага байхыг эрмэлздэг болсон. Дэлгэцийн хүрээгүй бол үзэхэд TV биш харин шил, толин дээр дүрс гарч байгаа мэт таатай сэтгэгдэл төрүүлнэ.
Хананд өлгөсөн байхад ч толь, эсвэл гоёл чимэглэл мэт харагдана гэсэн үг.
Хөгжлийн чиг хандлага
Плазма үйлдвэрлэхээ зогсоож байгаа нь хоцрогдсон технологи гэдэгтээ биш. Харин LCD/LED-ын өртөг хямдарч, плазмагаас илүү том дэлгэц үйлдвэрлэх боломжтой болсноос үүдэлтэй. Тиймээс плазма авахад асуудалгүй. Хамгийн сүүлд OLED, 4k ТВ зэрэг шинэ технологиуд гарч байгаа ч хэт өндөр үнэтэй байгаа. Одоохондоо энгийн хэрэглээнд тохиромжгүй. OLED нь уг нь хамгийн сайн чанартай дүрс гаргадаг. Бас TV-г маш нимгэн болгох боломж өгч байгаа. Гэхдээ үнэ нь мөддөө буурахгүй. Одоогоор 55 инч нь 9000$-оос эхэлж байгаа юм. 4к TV-г Ультра HD ч гэдэг. Full HD нягтралаас 4 дахин илүү нарийвчлалтай гэсэн үг. Үнийн хувьд OLED-ээс харьцангуй гайгүй ч хэрэглээ хомс. Ийм чанартай контент нэг хэсэгтээ олдоц муутай байх болно.
ТВ, буйдан 2-ын хооронд хэр зайтай байх ёстой вэ?
Хэд хэдэн онол байдаг боловч бидний зөвлөх хэмжээ хамгийн багадаа дэлгэцний диагоналийг 1.5-аар үржүүлэхэд гарах зай. Жишээ нь 40 инчийн дэлгэцнээс хамгийн ойртоо 40*1.5=60 инч (1.5 метр) зайд сууж үзэх нь оновчтой. Үүнээс ойр байхад тохиромжгүй, хол байх нь таны харааны чадварт л хязгаарлагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!