Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

УБЕГ: Хан-Уул дүүрэг дэх шилжилт хөдөлгөөн хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
map.mn

"Царцааны нүүдэл"-ийн асуудлаар Хан-Уул дүүргийн нэр дэвшигчид холбогдох төрийн байгууллагад гомдол гаргасан байна. Үүнд хариу өгөхөөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/346687680085125

УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын дарга Т.Нармандах: Хан-Уул дүүрэгт оршин суудаг иргэн н.Энхгэрэл “Манай гэрийн хаяг дээр хоёр хүн амьдардаг. Гэтэл 20 хүн бүртгэгдсэн байна” гэдэг мэдээлэл манайд ирүүлсэн. 

Энэ дагуу манайхаас шалгахад тухайн иргэний оршин суудаг хаягт иргэн н.Энхгэрэл, н.Хүрэлбаатар нар бүртгэлтэй. Харин хавсралтад дурдсан 39 иргэний хувьд энэ хаягт амьдардаггүй, өөр өөр хаягт оршин суух бүртгэлтэй байна. Тэдгээр 39 иргэн нь нийт 17 хаягт хуваагдаж оршин суудаг нь тогтоогдсон. 

Мөн Хан-Уулд дүүргийн АН-аас Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн зүгээс сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөр хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж, сонгогчдыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж шилжүүлсэн байж болзошгүй асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсэн. Уг албан бичигт 2020 оны зургаадугаар сарын 25-наас наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл 50 хоногийн дотор зөвхөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт сонгуулийн насны 4,854 иргэн шинээр шилжин ирсэн нь бодит байдал дээр боломжгүй. Энэ нь зохион байгуулалттай үйл ажиллагаа хэмээн хардаж байгаагаа дурдсан. 

Үүний дагуу УБЕГ-аас хяналт тавьсан. Улсын хэмжээнд 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 15-ны өдрийн хугацаанд нийт 47,369 шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөгдсөнөөс аймагт 16,559, нийслэлд 30,810 шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдсэн байна.

Хан-Уул дүүргийн хувьд дээрх хугацаанд бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг шалгахад улсын бүртгэлийн эх нотлох баримт бичиг нь зөрчилгүй, бүрэн байх бөгөөд холбогдох хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна” гэлээ. 

Түүнчлэн 2020 оны аравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 21 хороонд байрлах 1051 байранд 37, 1052 байранд 10, 1054 байранд 5, 1055 байранд 1, 1057 байранд 1, нийт 54 сонгуулийн насны иргэн шилжин ирсэн бөгөөд харин 1058 дугаар байранд иргэн шилжин ирсэн тухай мэдээлэл байхгүй болохыг УБЕГ-аас мэдэгдлээ.