Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

ICT Expo 2020: Гар утсан дахь тоон гарын үсгийн MSign үйлчилгээг онцолж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мэдээллийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн "ICT Expo 2020" үзэсгэлэн "Цахим үндэстэн" уриан дор Мишээл экспо төвд зохион байгуулагдаж байгаа билээ.

Уг үзэсгэлэнд мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын компаниуд зах зээлд нэвтрүүлж буй дэвшилтэд бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шинэ шийдлүүдийг танилцуулдаг.

Тэдгээрээс дижитал хөгжлөөрөө тэргүүлэгч Мобиком корпорацын "Тридум Кэй" компанитай хамтран танилцуулаад буй гар утсанд суурилсан цахим гарын үсгийн "МSign" үйлчилгээг онцолж байна.

МSign нь сим картад суурилсан, хуулийн дагуу хүчин төгөлдөр гарын үсэг гэдгээрээ онцлогтой.

Иргэд MSign-аар дамжуулан гарын үсгээ өөрийн биеэр очиж зурж, баталгаажуулах шаардлагатай бүх төрлийн цахим үйлчилгээг гар утсаараа авах боломжтой болж байгаа юм.

"Цахим гарын үсгээ гар утаснаасаа зурах боломжийг бүрдүүлэхийн тулд MSign үйлчилгээг нэвтрүүлсэн"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тус үйлчилгээний зорилгын талаар "Тридум Кэй" компанийн Бизнес хөгжил хариуцсан менежер Б.Төрболд “Тридум Кэй компани болон Мобиком корпорац хамтран нэвтрүүлсэн уг үйлчилгээ нь цахим гарын үсгийн бодит амьдрал дээрх хэрэглээг хамгийн энгийн, хялбар болгоход чиглэгдсэн" хэмээн онцлов.

Тэрбээр "Хэрэглэгчдийн талаас аваад үзвэл цахим гарын үсгийг нь дотроо агуулсан төхөөрөмжийг биедээ авч явж, зөвхөн компьютер дээр л хэрэглэх боломжтой байгаа нь хүндрэлтэй байсан. 

Цахим гарын үсэг ашиглан зайнаас үйлчилгээ авах нь хэрэглэгчээ биеэр ирүүлэхгүй, орон зайнаас хамаарахгүй давуу талуудтай ч хэрэглээний хувьд хүртээмжтэй биш байгааг өөрчилж, илүү хялбар болгоно гэсэн зорилгоор MSign үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн. 

Байгууллагуудын хувьд ч гэсэн өөрсдийн цахим үйлчилгээг MSign-тай холбосноор гарын үсэг шаардагдах гэрээ, материалыг алсын зайнаас буюу хэрэглэгч, харилцагчдаа чирэгдэлгүйгээр шийдэх боломжтой" гэв.

Тридум Кэй компанийн тоон гарын үсгийн үйлчилгээ нь одоогийн байдлаар төрийн үйлчилгээ, банк санхүү, финтек үйлчилгээнүүд болон байгууллагуудын дотоод ERP системүүдэд нэвтрээд байна.

Цаашид уг үйлчилгээг байгууллага, хувь хүн гэлтгүй бүхий л шатанд хэрэглэдэг бүтээгдэхүүн болгоход анхаарч, хэрэглээг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа аж.

"MSign үйлчилгээг авахын тулд Мобикомын салбар дээр очиж, сим картаа солиход хангалттай"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар Мобиком корпорацын Дижитал бизнесийн албаны захирал Ш.Оюунчимэг “Тридум Кэй компани анхлан хөгжүүлсэн энэхүү үйлчилгээг 2019 онд Мобиком корпорац өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

Уг үйлчилгээ нь сим картаараа дамжуулан хуулиар баталгаажсан гарын үсгийг зурах боломжийг бий болгож байна.

Өөрөөр хэлбэл, “Тоон гарын үсэг”-ийн технологи нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг криптографи хувиргалтад оруулсан дахин давтагдашгүй тоон утгууд ба Монгол Улсын хуулийн дагуу хэрэглэгчийн гарын үсгийг бүрэн орлодог.

Бусад төрлийн тоон гарын үсгийн үйлчилгээнүүд байдаг ч МSign-ын ялгаатай тал нь гар утсанд уясан тул хүн бүр хэрэглэхэд хялбар бөгөөд тохиромжтой байх юм.

Нөгөөтээгүүр, энэ нь хүнийг хамгийн туйлбартай таньж чадах технологи бөгөөд гэр, ажил дээрээсээ төдийгүй гадаад улс гээд хаана байхаас үл хамааран гар утаснаасаа үйлчилгээ авах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаагаараа онцлог.

Одоогоор MSign үйлчилгээ Голомт банкны хадгаламж барьцаалсан зээл, дижитал зээлийн үйлчилгээнд ашиглагдаж байна.

Технологийн эрэн зуунд амьдарч буй иргэд бид олон төрлийн төхөөрөмж авч явах шаардлагагүй. Гарын үсэг шаардагдах бүтээгдэхүүнийг ашиглахдаа зөвхөн Мsign-аар дамжуулан гар утас, сим картаараа өөрийгөө баталгаажуулах боломжтой.

Уг үйлчилгээг авахын тулд иргэд Мобикомын салбар дээр очиж, өөрийн сим картаа солиход л болно” гэлээ.

 
“Тоон гарын үсэг”-ийн технологи нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг криптограф хувиргалтад оруулсан дахин давтагдашгүй тоон утгууд ба Монгол Улсын хуулийн дагуу хэрэглэгчийн гарын үсгийг бүрэн орлодог.

"Тоон гарын үсэг нь цахим орчинд хүмүүсийг таних хамгийн найдвартай систем"

 

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Тоон гарын үсгийн хууль хэрэгжиж эхлээд найман жил өнгөрчээ.

Гэсэн хэдий ч одоог хүртэл иргэдийн бодит хэрэглээнд орж чадахгүй байсаар байна. Үүнийг гол шалтгаан нь хэрэглээг нэвтрүүлэх зардал болон түгээлтийн асуудалтай холбоотой.

Харин зардал болон түгээлтийг шийдсэн хамгийн боломжит хувилбар нь Тридум Кэй компани болон Мобиком корпарацын хамтарсан сим карт дээр суурилсан Мsign үйлчилгээ юм.

Нөгөө талаар, банкны үйлчилгээ, тэр дундаа зээл болон төлбөр тооцоотой холбоотой үйл ажиллагаа явуулахад тухайн хүнийг таних гэдэг нь хамгийн чухал. Үүнд түшиглэж онлайн орчинд таних боломжийг тоон гарын үсэг олгодог учир өндөр ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, тоон гарын үсэг нь цахим орчинд хүмүүсийг таних хууль эрх зүйн хүрээнд үйлчлэх хамгийн найдвартай, номер нэг танилтын систем гэж ойлгож болно. Энэ үүднээс Голомт банк Msign үйлчилгээг нэвтрүүлсэн.

Одоогоор хадгаламж барьцаалсан зээл, дижитал зээлийн төрөл дээр хэрэглэж байна. Харилцагчид дээрх үйлчилгээг авахдаа харилцагч заавал өөрийн биеэр ирж гарын үсэг зурах шаардлагагүй болсон" гэлээ.

Үргэлжлүүлэн "Банкны салбар, оператор компаниуд онлайн үйлчилгээ, дижитал үйлчилгээг үргэлж манлайлж байдаг.

Гэхдээ дараа, дараагийн алхмыг хийхийн тулд хууль эрх зүйн орчинг сайжруулах, тодорхой гарын үсэг гэх зэрэг хэрэглэгчээ таних суурь шийдлүүд хэрэгтэй.

Эдгээр шийдлийн нэг нь байнгын оператор компани дээр хэрэгжиж эхэлсэн болохоор цаашид улам өргөжиж, иргэдийн байнгын хэрэглээ болно гэж итгэж байна" хэмээн онцлов.

Таны гарын үсэг, хурууны хээ цор ганц байдаг шиг тоон гарын үсэг ч мөн давтагдашгүй, таныг таних хүчин төгөлдөр илэрхийлэл болно.

ВИДЕО:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.