АНУ-Монголын стратегийн түншлэлийн тухай тогтоолыг Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хороо энэ оны аравдугаар сарын 1-ний өдөр дэмжин баталсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Энэ талаарх мэдээллийг үзвэл аравдугаар сарын 1-ний өдөр болсон тус улсын Конгрессын төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хороогоор Монгол дахь ардчиллын 30 жилийн ойн талаар сонсгол хийсэн бөгөөд АНУ-Монголын стратегийн түншлэлийг дахин баталгаажуулсан тухай https://foreignaffairs.house.gov/ мэдээлсэн байна.
Монгол Улс АНУ-тай анх 1987 онд дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд өнгөрсөн 2019 оны долдугаар сард Ерөнхий Х.Баттулгыг тус улсад айлчлах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Цагаан ордонд АНУ-Монгол Улсын Стратегийн Түншлэлийг тунхаглаж байв.
Энэ нь тухайн хоёр улсын хүрч болохуйц хамгийн өндөр дээд түвшний харилцаа бөгөөд стратегийн түншлэгчид нь нийтлэг зорилгодоо хүрэхийн тулд биет болон оюун санааны нөөцөө харилцан хуваалцах талаар урт хугацаанд хамтран ажиллах гэрээ болно хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга тодотгожээ.
Хүснэгт. Монгол Улс Стратегийн түншлэлтэй орнууд
| Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаа | БНХАУ | 2014 | |
| ОХУ (Гэрээ) | 2019 | ||
| Стратегийн түншлэлийн харилцаа | ОХУ | 2006 | |
| Стратегийн түншлэл | ОХУ | 2009 | |
| Япон | 2010 | ||
| БНХАУ | 2011 | ||
| Энэтхэг | 2015 | ||
| АНУ | 2019 |
2019 оны наймдугаар сарын 1-нд гаргасан Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын тунхаглалыг эргэн сануулбал:
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал болон хоёр улсын Төрийн тэргүүн нарын албан ёсны хэлэлцээний үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав.
Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;
Монгол Улс ба Америкийн Нэгдсэн Улсын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;
2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;
Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;
Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;
Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:
Вашингтон хот, 2019 оны 7 дугаар сарын 31-н
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!