Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

М.Тогтохжаргал: Бетси бол нийгмийн түлхүүр. Тэр аль ч тал руу нь түлхүүрдэж чадах хүн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

“Анна Каренина” жүжгийн нээлт маргааш болно.

Уг жүжгийн Бетсигийн дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал бүтээж байна. Бэлтгэлийнх нь үеэр түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Жүжгийн нээлт маргааш болох гэж байна. Өдөрт хэр хугацааг бэлтгэлдээ зарцуулж байна вэ?

-Тийм ээ. Үзэгчидтэйгээ уулзана гэхээс маш их догдолж байна. 

“Анна Каренина” жүжгийн бэлтгэл бараг жил орчим үргэлжиллээ. Жүжгийг анх энэ оны гуравдугаар сард нээхээр төлөвлөж байсан ч та бүхний мэдэж байгаачлан цаг үеийн байдлаас шалтгаалж хойшилсон. Энэ хугацаанд ч бид тогтмол бэлтгэлээ хийж байв.

Уран бүтээлчид өглөө 09:00 цагт театртаа цуглаж, 17:00, 18:00 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг. Заримдаа 22:00 цагт ч тарах тохиолдол байлаа. Найруулагч маань уран бүтээлч бүртэй ажиллаж, жижиг зүйлс дээр ч ихээхэн анхаардаг хүн. Мөн "Анна Каренина" бол дэлхийн сонгодог уран бүтээл учир хугацаа их шаардагдсан.

 

-Таны бүтээж буй Бетсигийн дүр тун сонирхолтой дүр. Вронский, Каренина хоёрын гол холбоос мэт. Та Бетсийг хэрхэн гэж тодорхойлох вэ?

-Бетси бол хоёр нүүртэй, бэртэгчин зан гаргаж чаддаг бүсгүй. Дээд хүрээллийн зэрэг зиндаа өндөртэй. Хэнтэй ч өөрт ашигтай байдлаар харилцаж чаддаг, бардам эмэгтэй. Тиймээс дүр дээрээ ажиллахдаа энэ талыг нь тодруулахыг хичээсэн. Романыг уншсан маш олон хүн бий. Тиймээс үзэхэд сонирхолтой байлгахаар жүжгийн зохиолд тусгасан байсан. Би ч үүн дээр хичээн ажилласан.

Түүнчлэн Бетси бол нийгмийн түлхүүр гэж би тодорхойлно. Тэр аль ч тал руу нь түлхүүрдэж чадах хүн. Үеэл Вронскийдоо тусалж, хайртай хүнтэй нь уулзуулж байгаа мэт боловч нөгөө талаар амьдралыг нь бусниулдаг. Аннаг Вронский дээр оч, оч гэж түлхүүрдэж байгаа хэр нь түүнийг үхэлд хүргэж байгаа нэг буруутан шүү дээ.

-Та театрт ороод хэдэн жилийг ардаа орхив?

-Би 2008 онд театр студийн жүжигчин болж байлаа. Түүнээс хойш 2010 онд жинхлэгдсэнээсээ хойш 11 жил ажиллаж байна. Хамгийн анхны дүр маань Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн зохиол "Тамгагүй төр" жүжигт Гүргэл бага хатны дүр дээр ажиллаж байсан. Түүнээс хойш жил бүр шинээр болон сэргээн тавьж байгаа жүжгүүдэд гол болон туслах дүр, олны хэсэг гэх мэтчилэн ажиллаж байна.

-Зонхилон эсрэг дүр бүтээж байгаа санагддаг?

-Жүжигчин болсныхоо дараахан голдуу эерэг зөөлөн дүр дээр ажиллаж байв. Харин сүүлийн үед найруулагчид эсрэг талын дүрүүдэд намайг сонгон ажиллуулах болсон.

Урлагийн хүн өөрийгөө “задалж”, үргэлж хөгжин дэвшиж байх ёстой. Намайг чадна гэж бодож, дүр оноож байгаа учраас би бүх хүчээ дайчлан хичээдэг. 

Анх "Анна Каренина" романаа уншаад эмэгтэй дүрүүдийг тоймлож, аль дүр надад оноогдох бол гэж догдолж, хүлээсэн. Хуваарилалт болоход Бетсигийн дүрд М.Тогтохжаргал гэхэд яг л миний төсөөлж байсан дүр байв.

Эхэндээ дүрээ яг л романаараа төсөөлсөн бол жүжгийн зохиолыг уншаад жүжигчний уран чадварыг илтгэх дүр гэж ойлгосон. Эерэг дүр үү, эсрэг дүр үү гэдгийг би их анхаардаг. 

Би бүтээж, амилуулж байгаа учраас дүрээ өмөөрнө шүү дээ. Тиймээс сөрөг талуудыг яаж зөвтгөж, зохимжтойгоор харуулах вэ гэдгээ чухалчилдаг.

Ийнхүү ярилцсаны дараагаар тэрбээр дахин бэлтгэлдээ оров.



Маргааш театрын хүрэн улаан хөшиг нээгдэж, Анна Каренина үзэгчидтэйгээ учрах болно. Энэ жүжигт 120 гаруй уран бүтээлч оролцож байна. 

Анна Каренина жүжгийн дуу: