Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Баярмаа: Үзэгчид бүгд зүрх сэтгэлдээ төсөөлсөн Аннатайгаа ирэх байх

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 9 сарын 28
iKon.MN
 

"Анна Каренина бол амьдралын философи" хэмээн Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар тодорхойлов. 

Тэрбээр үзэгчдийн мэлмийд хүргэх ээлжит бүтээлээрээ Лев Н.Толстойн зохиол Анна Каренина романыг сонгон авч, гурван жил гаруйн хугацаанд ажиллажээ. Энэ оны эхээр нээлтээ хийхээр төлөвлөөд байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан түр хугацаанд хойшлогдсон нь үзэгчдэд улам ч их хүлээлт үүсгэсэн тус бүтээл аравдугаар сарын 3-ны өдөр нээлтээ хийх гэж байна. 

Жүжгийн нээлт болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр уран бүтээлчдийн баг хэвлэлийн хурал хийв. 

Анна Каренина жүжигт 70 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд аравдугаар сарын 3-наас эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг дуустал өдөр бүр Улсын Драмын эрдмийн театрын тайзнаа тавигдах юм.

Н.Наранбаатар: Анна Каренина бол амьдралын философи

 

Хурлын эхэнд, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар яагаад энэхүү бүтээлийг тайзны тавих болсон талаараа "Нэгдүгээрт, дэлхийд данстай роман. Хоёрдугаарт, соёлт хүн төрөлхтөн бүрийн унших, тунгаах дуртай роман нь. Учир нь нас насанд өөрөөр уншигддаг. 20 настайдаа уншихад нэг өөр, 30, 40 гэх мэтчилэн нас насанд өөр зүйлс ажиглагдаж, өөр өөр бодролыг дагуулж байдаг. Тэгэхээр энэ роман бол амьдралын философи" хэмээв.

Түүнчлэн тэрбээр хэдийгээр Анна Каренина нь 18, 19 дүгээр зууны үеийг өгүүлдэг ч одоогийн манай нийгмийн үе, төрхтэй давхцаж байгааг онцолж байв. 

Найруулагч Н.Наранбаатар "Анна бол эгэл жирийн бүсгүй. Энэ жирийн л нэг бүсгүйн амьдрал өөр бусдад хамаагүй, хувь хүний л асуудал. Гэтэл нийгэм даяараа асуудал болгож, фэйсбүүкийн хэллэгээр бол сэвсээр байгаад амиа хорлох нөхцөлд хүргэдэг. Нэг ёсондоо хүний амьдрал руу хошуу битгий дүр, урдах амьдралаа л хичээ гэх агуулга үүний ард оршдог.

Найруулагч хүний хувьд би үүнд эмзэглэж, романыг жүжгийн зохиол болгож, одоо цаг үед хийх нэн шаардлагатай гэж үзсэн. Нийгэм өөрөө сэтгэл зүйн хувьд парадокс шинжтэй болоод байна. Мөн дэлхийн том театрууд Анна Каренинаг тоглож, академик шинж чанараа бататгадаг. Үзэгчдэд энэхүү бүтээлээ хүргэх нь үзэгчдийн оюуны тусгаар тогтнолыг бэхжүүлэх гол зорилготой" гэв.

Н.Баярмаа: Би өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн Аннаг толилуулах болно

 
Гэрэл зургийг mpa.mn

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Баярмаа "Анх Анна Каренина романыг уншихад хүний амьдрал, эмэгтэй хүний дотоод чанарыг ямар уран нарийн гаргаа вэ гэж биширч байв.

Үзэгчид бүгд зүрх сэтгэлдээ төсөөлсөн Аннатайгаа ирэх байх. Би өөрийн зүрх сэтгэлээр бүтээсэн Аннаг толилуулах болно. Магадгүй зарим нь Анна бол тийм эмэгтэй гэж тодорхойлж чадахгүй байх. Хэрэв тэгвэл миний зорилго биелж байгаа нь тэр юм" гэлээ.

Анна Каренина жүжгийн:

Ерөнхий продюсер - Д.Цэрэнсамбуу /УГЗ/
Ерөнхий найруулагч - Н.Наранбаатар /Төрийн соёрхолт/
Ерөнхий зураач - Т.Ганхуяг /СТА/
Уран сайхны удирдагч Н.Ганхуяг /УГЗ/
Жүжгийн зохиол болгосон – Н.Пүрэвдагва
Хөгжмийн зохиолч – Ш.Өлзийбаяр /СТА/
Хөгжмийн найруулга – М.Бирваа /СТА/
Бүжиг, хөдөлгөөний найруулагч – Д.Энхбаатар /СТА/

Гол дүрд:
Анна Каренина – Н.Баярмаа /СТА/
Алексей Вронский - Т.Сэргэлэн
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /УГЖ/
II дүрд:
Константин Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/
Анна /хувь заяа/ - Н.Сувд /ТС АЖ/
Долли Облонская - Г.Урнаа /УГЖ/
Кити Щербацкая - Д.Хулан
Степан Облонский - Л.Дэмидбаатар /УГЖ/
Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/
Туслах дүрд:
Варя Вронская - С.Сарантуяа /АЖ/
Щербацкий Ван – П.Цэрэндагва /АЖ/
Щербацкая хатагтай – Ж.Оюундарь /УГЖ/
Серёжа – Т.Маргад

 "Анна Каренина" амралтын өдрүүдэд 17:00 цаг, ажлын өдрүүдэд 18:00 цагт үзэгчдийн хүртээл болно. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 25-80 мянга, VIP суудлын тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдах юм. Тасалбарыг энд дарж захиалах боломжтой. 



Ахынхаа хайр дурлал, гэр бүлийн асуудлыг цэгцлэх гэж Петербургээс Москвад ирсэн Анна Каренина харин ч өөрийнхөө амьдралыг орвонгоор нь эргүүлэх сонголттой нүүр тулах нь тэр. 

Анна Каренина ба Алексей Вронскийн харилцаа гал халуун хайр дурлал уу, эсвэл агшин зуурын хүсэл тачаал уу. Хариултыг нь үзэгчид сэтгэлдээ тунгаах биз ээ.