Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахлын үед уул уурхайгаас ч илүү бүтээмж бий болгож буй хөдөө аж ахуйн салбарт "Экспортыг дэмжих төсөл" хэрэгжиж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засгийн бүтцэд нэлээд өөрчлөлт ороод байгаа бөгөөд цаашид энэ байдал үргэлжлэх төлөвтэй. Голлох дөрвөн салбараас хөдөө, аж ахуйн салбар цар тахлын үед дангаараа өсөлт гаргасан бөгөөд өмнөх оны мөн үеэс бодитоор 13% өсөж, уул уурхайн салбараас ч илүү бүтээмжийг бий болгожээ.

Энэ үед Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилттэйгээр ХХААХҮ-ийн салбарт хэрэгжих Экспортыг дэмжих төслийн бүтцийн өөрчлөлтийг танилцуулах арга хэмжээ өчигдөр боллоо.

"400 гаруй бүтээгдэхүүн "Органик монгол" шошго аваад байна"

Уул уурхайгаас хэт хамааралтай манай улсын хувьд эдийн засгийг солонгоруулах, хүн амын дундаж орлогыг өсгөх, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний стандартыг сайжруулах, чанарын удирдлагыг дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх гээд олон ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар төслийн зохицуулагч А.Хашцэцэг "Экспортыг дэмжих төслийн бүтцэд өөрчлөлт оруулаад дахин хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ төсөл маань уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийн стандарт, чанарын удирдлагыг сайжруулах, Засгийн газрын экспортын чиглэлтэй үйл ажиллагаа, бодлогод дэмжлэг үзүүлэх гэсэн зорилготой.

Нийт 20 сая ам.долларын өртөгтэй төслийн хүрээнд эхний ээлжинд 2 сая ам.долларыг зарцуулчихаад байгаа бөгөөд төсөлд 50 сая евро буюу хүртэлх борлуулалтын орлоготой 10-200 ажилтантай ААН-үүд хамрагдах боломжтой. Төсөлд хамрагдсан ААН-үүд түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт авахаас гадна сургалтад хамрагдах, чанар стандартын чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах гэх мэт олон талаар бидэнтэй хамтран ажиллаж болно. Олон улсын стандартын байгууллагуудын зөвлөх үйлчилгээг ААН-үүддээ санал болгохоос гадна МҮХАҮТ-тай хамтраад сургалт судалгаа, экспог хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмжийг авч ажиллана.

Түүнчлэн монгол брэндийг бий болгоход зорьж байна. Монгол ноолуур, монгол мах, монгол хүнсний ногоо, монгол зөгийн бал, монгол бяслаг гэсэн чиглэлээр маркетинг хийж олон улсад таниулах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд ХХААХҮЯ-наас "Органик монгол" стандартыг бий болгож, одоогийн байдлаар 400 гаруй бүтээгдэхүүн энэ стандартыг хангаж, шошго аваад байна" хэмээн ярилаа.

Төслийн багийнхны зүгээс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын тулгын гурван чулууг ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрлэл, Аялал жуулчлал, Мэдээллийн технологи гэж харж байгаа бөгөөд тэдгээрийг зэрэгцүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг баримталж байгаа ажээ.

Тиймээс Засгийн газрын экспортлогч үндэстэн болохоор зорьсон зорилтыг шийдвэрлэхэд чиглэгдсэн тодорхой алхмууд хийгдэх юм байна. Тодруулбал,

  • ААН-үүд маань экспортын баримжаатайгаар бизнесийн зорилго, алсын хараагаа тодорхойлж, хоорондоо өрсөлдөх бус хүчээ нэгтгэн гадаад зах зээлд гарах,
  • Өртгийн сүлжээний бусад оролцогч талуудтайгаа хоршин ажиллах,
  • Судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудынхаа дэмжлэгээр бүтээгдэхүүнээ хөгжүүлэх,
  • Боловсон хүчнээ сургах,
  • Чанар стандартаа сайжруулахад хамтран ажиллахыг төслийн багийнхан уриалж байв.

"Монголын гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийд байхгүй өвөрмөц онцлогтой"

Гадаад худалдааны эргэлт 2019 онд 14 тэрбум ам.доллар байсан бол энэ онд COVID-19-ийн нөлөөгөөр 26 орчим хувиар унаад байгаа.

Нийт экспортын 10 орчим хувийг уул уурхайн бус салбар эзэлж, үүний 60-70 хувийг нэмүү өртөг шингээгүй түүхий эд болох ноос ноолуур, амьтны үс, хялгас бүрдүүлдэг.

Товчхондоо хэлэхэд нэхмэл бүтээгдэхүүнийг эс тооцвол Монгол Улсын экспортын дүр төрхийг "түүхий эд экспортлогч орон" гэж хэлж болохоор юм.

Эгнээндээ 14 гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийг нэгтгээд буй Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер "Экспортыг дэмжих төсөл"-д хамрагдаж, Европын орнууд руу бүтээгдэхүүн экспортлох зорилготойгоор чадавхжуулалтын ажлууд хийж байгаагаа танилцуулсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерын Удирдах зөвлөлийн дарга Ч.Батцэцэг "Чадавхжуулалтын ажлын хүрээнд бид органик гоо сайхны бүтээгдэхүүний олон улсын хоёр стандартыг орчуулан, редакторлуулж, Стандартчилал хэмжил зүйн газраар батлуулаад байна.

Манай кластерт 14 гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс гадна түүхий эд бэлтгэн нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлдэг компаниуд гишүүнчлэлтэй. Эдгээрээс одоогийн байдлаар долоон компанийн бүтээгдэхүүнүүдийг Европын холбооны стандартын дагуу Европт худалдаалахаар шинжилгээнд өгөх гэж байна.

Гоо сайхны бүтээгдэхүүний салбар химийн шинжлэх ухаан болон инновац дээр суурилдаг онцлогтой. Тиймээс бодлогын дэмжлэг үзүүлж байж экспортод гарах боломжтой болно. Түүнчлэн манай улсад гоо сайхны бүтээгдэхүүнээ шинжлэх наад захын лаборатори байхгүй. Эхний ээлжид лабораторитой болох, тэнд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй байна.

Монголын гоо сайхны бүтээгдэхүүн дэлхийд байхгүй өвөрмөц онцлогтой. Хонины сүүл, тэмээний чөмөг, ганга, халгай, ингэний сүү гэх мэт орцтой бөгөөд зарим түүхий эд маань олон улсын гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эдийн жагсаалтад бүртгэгдээгүй байгаа. Эдгээр түүхий эд, бүтээгдэхүүнүүдээ бүртгүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байна" гэдгийг хэлж байв.

"Хүнс үйлдвэрлэгч томоохон компаниуд Хойд Америкийг зорьж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна"

Уул уурхайн бус экспортын дийлэнхийг БНХАУ, Итали, Иран, БНСУ, Япон гэх зэрэг цөөн хэдэн улс бүрдүүлдэг. Иймд цаашид бид хөрш орнууд руу экспортлох хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг өсгөхөөс гадна эцсийн бүтээгдэхүүнийг экспортод гаргахад түлхүү анхаарах хэрэгтэй байгаа юм.

Олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулах чухал арга хэмжээ бол форум, үзэсгэлэн байдаг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Экспорт Монгол" олон улсын форумыг энэ жил арваннэгдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

 
Гэрэл зургийг mpa.mn

Экспорт олон улсын худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг "Цар тахлын улмаас энэ жилийн форумд гаднын төлөөлөгчдийг цахимаар урьж оролцуулан, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах шийдлийг эрэлхийлэн ажиллаж байгаа.

Өнгөрсөн жилийн форум, үзэсгэлэнгийн дараа бид Хойд Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах зорилгоор Mongolian gallery үзэсгэлэнгийн тахимыг нээсэн. Мөн цахим порталаа нээсэн бөгөөд одоогоор 10 гаруй ААН ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа.

Хүнсний үйлдвэрлэгч томоохон компаниуд Хойд Америкийг зорьж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, чанар стандартын чиглэлээр суралцаж байна. Тухайлбал, "Монос" компани АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ худалдаалах эрхээ авсан бол "Тесо" компани бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээрээ ажиллаж байгаа.

Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид маань олон чиглэлээр суралцаж, ялангуяа Японы шинжээчидтэй хамтран ажиллаж байна. Хэдийгээр цар тахлын улмаас хил гааль хаалттай байгаа хэдий ч цахимаар ажил үргэлжилж байгааг дуулгахад таатай байна" хэмээн ярилаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Төслийн баг Экспортыг дэмжих төслийн төлөвлөгөө, бүрэлдэхүүн хэсгийг батлуулахын өмнө экспортлогчид болон бүтээгдэхүүнээ экспортлохоор зорьж буй аж ахуйн нэгжүүдээс судалгаа авч, тулгамдаж буй асуудлуудыг нь тодорхойлоход экспортыг дэмжсэн төрийн байгууллагуудын нэгдмэл бодлого үгүйлэгдэж байна гэсэн үр дүн гарчээ. Төрийн байгууллагууд энэ эсуудалд анхаарал хандуулан нэг бодлого чиглэлтэйгээр үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллах шаардлагатай байгаа аж.