Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТӨҮГ-ын менежерийн сарын дундаж цалин ₮1.9 сая бол ХК, ХХК-ийнх ₮1.4 сая

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн даатгалын ерөнхий газрын НДШ төлөлтийн 2020 оны II улирлын тайланд хамрагдсан 676.4 мянган ажиллагчдын медиан цалин 943.5 мянган төгрөг байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны II улирлын байдлаар 1,261.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100 мянган төгрөг буюу 8.6%, өмнөх улирлаас 1,600 төгрөгөөр нэмэгджээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 100.1 (8.6%) мянган төгрөгөөр өсөхөд:

  • Ус хангамж; бохир ус зайлуулах систем, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагааны салбарынх 183,300 төгрөг буюу 22.2%
  • Хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 17.4%
  • Хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 16.7%
  • Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 15.3%
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 14.7%
  • Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарынх 13.8%
  • Мэдээлэл, холбооны салбарынх 12.8%
  • Бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклын засвар үйлчилгээний салбарынх 11.4%
  • Үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарынх 11.3%
  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин 11.3%
  • Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 11.1%
  • Боловсролын салбарынх 92.5 мянган төгрөг буюу 9.7%
  • Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 141,500 төгрөг буюу 9.5%-аар тус тус

НЭМЭГДСЭН нь нөлөөлсөн хэмээн Үндэсний статистикийн хороо дүгнэжээ.

Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2020 оны II улиралд 2015 оны IV улирлаас 1.5 дахин буюу 150% нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 15.8 хувиар нэмэгджээ.

Зураг 1. Бодит цалингийн индекс (2015.IV=100%), улирлаар, хувиар

 
Эх сурвалж: ҮСХ

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагчдын цалингийн хэмжээг харвал 12% нь 420,000 төгрөг хүртэлх цалинтай байгаа бол 4.6% нь 3 сая төгрөгөөс дээш цалинтай байна. 

Зураг 2. Ажиллагчид, цалин хөлсний бүлгээр, мянган төгрөгөөр, дүнд эзлэх хувиар, 2020 оны 2 дугаар улирлын байдлаар

 
Эх сурвалж: ҮСХ

Харин байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.6 сая төгрөг буюу хувьцаат компанид ажиллагчдынхаас өндөр байна. 

Зураг 3. Ажиллагчдын сарын дундаж цалин, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, 2020 оны 2 дугаар улирлын байдлаар, мянган төгрөгөөр

 
Эх сурвалж: ҮСХ

 

  • Байгууллагын хариуцлагын хэлбэр болон ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл, төрийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн сарын дундаж цалин 1.9 сая төгрөг байгаа бол хувьцаат компани болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн менежерийн цалин 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 3.3%-36.4% өндөр байна.
  • Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын менежерийн сарын дундаж цалин 2020 оны II улиралд 883.4 мянган төгрөг, төсөвт байгууллагынх 1.2 сая төгрөг, төрийн бус байгууллагынх 1.1 сая төгрөг, зарим гишүүд нь хариуцлагатай нөхөрлөлийн менежерийн дундаж цалин 665.7 мянган төгрөг байгаа нь менежерийн улсын дундаж цалингаас 176.8-707.9 (12.9%-51.5%) мянган төгрөгөөр бага байна.
  • Түүнчлэн бусад ажил мэргэжлийн хувьд байгууллагын хариуцлагын хэлбэрээс хамаарч ажиллагчдын сарын дундаж цалин ялгаатай байна.
  • Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.9 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 765.3 мянган төгрөг байна.
  • Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2020 оны II улирлын байдлаар техникч болон туслах/дэд мэргэжилтний сарын дундаж цалин хамгийн их буюу 1.5 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 725.9 мянган төгрөг буюу хамгийн бага байна.