Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загвар буруу тийш явж байгааг “Уул уурхай ба оюун ухаан” тайлангаар үзүүлэхдээ Дэлхийн банк манай улсын төрийн албыг ийнхүү үнэлж дүгнэв.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2019 оны байдлаар 198,463 хүн төрийн албанд ажиллаж байгаа ба сүүлийн 10 жилийн хугацаанд энэ тоо 27.5-аар өссөн байна.
График. Төрийн албанд ажиллагчдын тоо 2007-2020
Харин энэ нь хангалтгүй тоо болохыг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ярилцлагадаа дурдсан. Тэрбээр “Одоо хүн амын өсөлттэй холбоотой төрийн албан хаагчдын орон тоог байнга нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа. Жишээ нь, яг нормативаа баримтална гэвэл цагдаагийн байгууллагад гэхэд 6,000 хүн нэмж авах шаардлага бий. Дэлхийн улс орнуудад нэг жишиг байдаг нь нийт хүн амын таван хувь төрийн албан хаагч байх. Ингэхдээ төрийн үйлчилгээний буюу эмч, багш, цагдаагийн алба хаагчдаа энэ тоонд оруулдаггүй. Энэ жишгээр тооцвол манайх норматив хэмжээндээ хүрээгүй” гэж байв.
Тэгвэл Дэлхийн банк одоогийн манай төрийн алба дэлхийд томоохонд тооцогдож байгааг онцолсон байна. Ингэхдээ нийт хөдөлмөр эрхлэлгчдийн дүнд төрийн албан хаагчдын эзлэх хувийг төрийн албан хаагчдын цалингийн зардал ДНБ-д эзлэх хувиар харьцуулж үзжээ.
Монгол Улсын нийтийн албаны хэмжээг нэг хүнд ногдох ДНБ-тэй зэрэгцүүлэн үзвэл хэт данхайсан байгааг Дэлхийн банк тодотгосон юм. Гэтэл олон улсын туршлагаас харахад төрийн үйлчилгээтэй холбоотой бүтээмж Монголд доогуур түвшинд байдаг тул нийтийн алба томрохын хэрээр дундаж бүтээмж дагаад буурдаг байна.
Нөгөө талаар, цалингийн өсөлт бүтээмжийн өсөлтөөс түрүүлж байгааг онцолжээ.
Төрийн албан хаагчдын цалин 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байсныг Засгийн газраас 2018, 2019 онд хоёр удаа нэмсэн бөгөөд 2020 онд мөн инфляцын түвшинэтэй уялдуулан 8%-аар нэмсэн. Ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 1,070,000 төгрөгт хүрсэн бөгөөд 2014 оныхтой харьцуулахад 48.9 хувиар нэмэгдээд буй.
2019 онд ийнхүү цалин нэмэхэд төсөвт 267 тэрбум төгрөг тусгуулсан бол 2020 оны төсөвд 159.8 тэрбум, төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоход 142.7 тэрбум буюу 302.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгасан талаар Засгийн газар мэдээлсэн. Үүнд төрийн 190 мянган албан хаагч хамрагдсан.
Гэвч үнэн хэрэгтээ төрийн албыг данхайж байгааг далдаж, Төрийн өмчит үйлдвэрийн газар нэрээр төрийн албан хаагчийн шаардлага хангахгүй хүмүүсийг томилох үзэгдэл хавтгайрсныг УИХ-ын ээлжит бус чуулганаар Б.Энхбаяр гишүүн шүүмжилж, үнэн хэрэгтээ төрийн албанд 230 мянга орчим хүн ажиллаж байгаа талаар ярьж байв. Тэрбээр “Төрийн өмчит компанийн засаглал, том тэлэлт, авлига, хүнд суртлыг олон хүн шүүмжилж байна.
Боловсрол, туршлага хамаагүй, ямар ч ажлын дөргүй хүмүүс ТӨК дээр захирал болж, улс төрийн томилгоогоор очиж, үргүй зардал гаргадаг. Төрийн алба томроогүй, данхайгаагүй гэдгээ харагдуулахын тулд улсын үйлдвэрийн газар гэсэн статус руу шилжүүлсэн. Яг үнэндээ 220-230 мянган төрийн албан хаагчтэй. Төрийн албаны зөвлөл 180-190 мянган төрийн албан хаагчтай гэдэг ч УӨҮГ статусын дор 40-50 мянган хүн байгаа.
Яагаад гэхээр УҮГ-т захирлыг нь томилоход төрийн албаны хууль үйлчилдэггүй буюу ТАХ-ийн шалгалт, ажилласан жилийн туршлага шаардлагагүй. Удирдлагын академи Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байсан. Одоо улсын үйлдвэрийн газар болсон” хэмээн шүүмжилсэн юм.
Ийнхүү төрийн алба ил, далд хэлбэрээр данхайсаар байгаа ч Дэлхийн банкны дүгнэсэнчлэн бүтээмж олон улсаас сул байгааг өнөөдөр Улаанбаатар хотод үүсээд буй олон жил шийдэгдээгүй хүндрэл бэрхшээлээс харж болно. Ялангуяа, төрийн албан хаагчид чадвар сул байгааг ч Дэлхийн банк шүүмжилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
|