Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оюутны хөгжлийн зээл олгохгүй гэх албан ёсны шийдвэр гараагүй гэв

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах болзол хангасан оюутнуудын материалыг сургуулиуд энэ оны наймдугаар сарын 29-нийг хүртэл цахимаар авч байна. 

Төсвийн тодотголыг хэлэлцэж дуусаагүй байгаа тул хүсэлт гаргаж буй оюутнууд энэ хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сургалтын төлбөрөө өөрсдөө хариуцах тухай зарим их, дээд сургууль оюутнууддаа мэдэгдээд байгаа юм. 

Энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яам, болон Сангийн яамаас тодруулах гэхэд тус зээлийг хариуцдаг Боловсролын зээлийн сангаас тодруулахыг зөвлөв. 

Ийнхүү 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд Оюутны хөгжлийн зээл хүссэн оюутнууд сургалтын төлбөрөө өөрсдөө төлөх болсон эсэх талаар Боловсролын зээлийн сангийн зээлийн мэргэжилтнээс тодруулахадОюутны хөгжлийн зээл олгохгүй гэх албан ёсны шийдвэр гараагүй. Боловсролын зээлийн сангаас шийд гарахгүй” хэмээх тайлбарыг өглөө. 

Боловсролын зээлийн сан 2017 оноос дотоодын их дээд сургуульд суралцагч 32,580 оюутны 42 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн санхүүжилт олгосон.

Дээрээс нь бидний олж авсан мэдээллээр Боловсролын зээлийн сан одоогийн байдлаар төсвийн тодотголоос гарах дүнг хүлээж буй аж. Төсвийн тодотгол хийгдэж, мөнгө нь батлагдвал Сангийн яам сургуулиудын данс руу шууд шилжүүлэх учиртай.

Гэхдээ нөгөө талд ээлжит бус чуулган хуралдаж дуусах хугацаа нь наймдугаар сарын 31-н байтал оюутны зээл хүссэн оюутнууд хичээл сонголтоо наймдугаар сарын 31-нээс өмнө хийж, баталгаажуулах хэрэгтэй болоод байгаа юм. 

Энэ жилийн хувьд "2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. Ингэснээр 2-4 дүгээр курсийн сургалтын төлбөр огт нэмэгдээгүй. Харин нэгдүгээр курст зөвхөн онцлог хөтөлбөрүүд дээр кредитийн төлбөр бага хэмжээгээр нэмэгдсэн. БШУЯ-наас сургалтын төлбөрийг авахдаа уян хатан зохицуулалттайгаар авахыг их, дээд сургуулиудад үүрэг болгосон. Ингэхдээ нэг удаад 50 эсвэл 100 хувь авахыг хориглосон.

Мөн Боловсролын зээлийн сангаас малчин өрх болон нэн ядуу өрхийн, нэг айлаас гурван хүүхэд суралцдаг тохиолдолд олгодог тэтгэлэг нь төсвийн тодотголыг хэлэлцэж дууссаны дараа тодорхой хэмжээнд олгогдоно" хэмээн Улсын их хурлын ээлжит бус чуулганы өчигдрийн /2020.08.18/ хуралдааны үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн мэдээллээд буй.