Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Цэдэвсүрэн: Төсвийн тодотгол хэлэлцэж дууссаны дараа Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгогдоно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй.

Ээлжит бус чуулганы Даваа гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Чинзориг "Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдсэнээр иргэд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүйд хүрч байна гэж гомдол, санал хэлж байна. Цар тахалтай холбоотойгоор иргэдийн боломж бололцоо хүнд байхад их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх боломж байна" хэмээн БШУ-ын сайд Л.Цэдэвсүрэнгээс асуусан юм. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн "2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн.

Ингэснээр 2-4 дүгээр курсийн сургалтын төлбөр огт нэмэгдээгүй. Харин нэгдүгээр курст зөвхөн онцлог хөтөлбөрүүд дээр кредитийн төлбөр бага хэмжээгээр нэмэгдсэн. БШУЯ-наас сургалтын төлбөрийг авахдаа уян хатан зохицуулалттайгаар авахыг их, дээд сургуулиудад үүрэг болгосон. Ингэхдээ нэг удаад 50 эсвэл 100 хувь авахыг хориглосон.

Мөн Боловсролын зээлийн сангаас малчин өрх болон нэн ядуу өрхийн, нэг айлаас гурван хүүхэд суралцдаг тохиолдолд олгодог тэтгэлэг нь төсвийн тодотголыг хэлэлцэж дууссаны дараа тодорхой хэмжээнд олгогдоно" гэлээ.


2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд оюутны хөгжлийн зээлийн буцалтгүй тусламжаар суралцах болзол хангасан оюутнуудын материалыг 2020 оны наймдугаар сарын 29-нийг хүртэл сургуулиуд цахимаар авч байгаа юм. Төсвийн тодотголыг хэлэлцэж дуусаагүй байгаа тул хүсэлт гаргаж буй оюутнууд энэ хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сургалтын төлбөрөө өөрсдөө хариуцах тухай зарим их, дээд сургууль оюутнууддаа мэдэгджээ.