Нийслэлийн төсвийн хөрөнгөөр цагдаа, эрүүл мэндийн байгууллагын автомашин, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчилж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хөдөлгөөнт эргүүл, жижүүрийн шуурхай алба зэрэгт туулах чадвар сайтай 92 автомашин, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-д бүрэн тоноглогдсон, түргэн тусламжийн 40 автомашиныг хүлээлгэн өглөө.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва "Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хамгаас чухал учир энэ онд нийслэлийн төвсийн хөрөнгөөр цагдаа болон эрүүл мэндийн байгууллагад парк шинэчлэлт хийж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газарт 4.8 тэрбум, цагдаагийн байгууллагад 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Ингэснээр гэмт хэрэг, зөрчлийн дуудлага цагдаагийн алба хаагчид түргэн шуурхай хүрч үйлчлэх боломжтой болж байна.
Стандартын дагуу нийслэлд 10,000 хүн тутамд нэг түргэний автомашин ажиллах ёстой. Энэ дагуу 140-150 түргэний автомашин үйлчлэх ёстой ч одоогоор энэ тоо 80 гаруй байна. Стандарттай хот болох зорилтын хүрээнд бид өнөөдөр 40 автомашин хүлээлгэн өгч байгаа бөгөөд энэ ажил цаашид ч үргэлжилнэ" гэв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-д хамгийн сүүлд 2009 онд парк шинэчлэлт хийсэн. 10 гаруй жилийн дараа өнөөдөр парк шинэчлэлт хийлээ.
Манайх хотын төвийн дүүргүүдээс гадна захын хорооллуудаас ирж буй дуудлагад ч үйлчлэх шаардлагатай байдаг тул өнөөдөр парк шинэчлэл хийж байгаа нь цаг үеэ олсон алхам болж байна. Энэхүү автомашин нь яаралтай тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлсээр бүрэн тоноглогджээ" гэлээ.
Гэрэл зургийг Mpa.mn
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!