Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Онгоцонд уриа лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлэх нь хүний эрхийн асуудал тул хариуцлага тооцохгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Тусгай үүргийн онгоцоор ирэхдээ эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүст Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох болсон гэх мэдээлэл цахим орчинд тараад байна.

Уг мэдээлэл үнэн эсэхийг албаны хүмүүсээс тодрууллаа.

УОК-ын Шуурхай штабын хэвлэлээс асуухад "Онгоцонд эсэргүүцлээ илэрхийлж, лоозон бариад ирж байгаа эрүүл хүмүүст хариуцлага тооцоогүй, тооцохгүй. Одоо яригдаж байгаа асуудал нь Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгт суухдаа согтууруулахдаа ундаа хэрэглэсэн гэх хэсэг хүмүүст хамааралтай болов уу" гэсэн утгатай товч мэдээлэл өгсөн юм.

Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Энэ талаар өчигдрийн мэдээлэлд тодорхой хэлсэн.

Тодруулбал, тусгай үүргийн онгоцоор ирсэн хэсэг хүмүүс шинжилгээний дээж өгөхгүй гэж ХӨСҮТ-ийн ажилчдыг эсэргүүцэж ажилд нь саад учруулсан тохиолдол гарсан.

Мөн тусгай үүргийн онгоцоор ирж байгаа хүмүүс тусгаарлах байраа голохоос эхлээд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулах эсэргүүцэх үйлдэл гаргаж байна. Үүнд хариуцлага тооцох шаардлагатай.

Хамгийн гол нь дүрэм журам зөрчсөн тохиолдолд л хариуцлага тооцох асуудал яригдаж буй. Тэрнээс иргэд дүрэм журам зөрчилгүй, уриа лоозонгоо бариад эсэргүүцлээ илэрхийлэх үйлдэл нь өөрөө хүний эрхийн асуудал учраас огт хариуцлага тооцно гэж яриагүй" гэв.

Харин Сөүл-Улаанбаатарын онгоцоор согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс ирсэн эсэхэд тэрбээр “Тусгай үүргийн нислэгээр согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс ирсэн тохиолдол байдаг. Гэхдээ тэр асуудалд арга хэмжээ тооцохгүй. Учир нь тэд дүрэм журам зөрчиж, ноцтой асуудал үүсгэхгүйгээр тусгаарлах байрандаа очсон" гэсэн хариулт өглөө.