Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Оюунболор: Нийгэм бидэн рүү инээмсэглэж чаддаггүй юмаа гэхэд ялгаварлахгүй байгаасай

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ж.Оюунболорын зөвшөөрлөөр нийтлэв

Бэлгийн цөөнх нь ямар ч улсын хүн амын 10 хувийг эзэлдэг гэх жишиг тоо байдаг. Монгол Улсын хувьд ч иймэрхүү барагцаа тоо бий. Тэдгээр иргэний талаар өнөөдөр нийгэмд тодорхой ойлголт харьцангуй бий болсон ч ялгаварлал байсаар байгаа аж. 23 настай Ж.Оюунболор бол тэдний төлөөлөл.  

Ягаан, номин ногоон өнгөнд дуртай, бас ази хоол хийх дуртай хэмээн өөрийгөө товч танилцуулсан тэрбээр "Би бусдын л адил хүн шүү дээ" хэмээж байв.

Тэрбээр фэйсбүүк хуудастаа "Би зүгээр л дэлхийн нэг эс" хэмээн өөрийгөө тодорхойлжээ. Түүнтэй цахимаар холбогдон ярилцсанаа хүргэж байна. 

-Монголын нийгэмд бэлгийн цөөнхүүдэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Нэг үеэ бодвол харьцангуй ойлгож, нээлттэй хүлээн авдаг болсон шиг санагддаг, тийм үү?

-Аль ч нийгмийн үед бэлгийн цөөнх байсаар л ирсэн.

Орчин үед олон нийтийн сүлжээ өргөжиж, мэдээлэл хүртээмжтэй болж байгаатай холбоотой бэлгийн цөөнх нийтэд илүү ил гарч байгаа хэрэг. Монголд ажил амьдралаа авч явахад хэцүү. Ганц ширхэг үсний боолт авахаар гарахаас эхлээд л асуудал тулгардаг.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүйсээ солих, зан ааш өөрчлөгдөх гэх мэтийг сэтгэцийн эмгэг, эсвэл гаж зүйл биш гэдгийг нотолсон байдаг.

-Хүмүүс энэ талаар их ярьснаар нэг талаар сурталчилсан болно гэх хүн байхад зарим нь харин ч ярьж байх нь олон нийтэд зөв ойлголт төрүүлнэ гэж үздэг. Өөрийн тань хувьд аль хандлага нь зөв гэж боддог вэ?

-Мэдээж би ил байснаараа нийгмийг унтууцуулж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусадтай адил хүнийг энэрч хайрладаг, ойлгодог зан чанар надад бий. Ялгаагүй л аав ээжийн хүү нь болоод төрсөн ч нас биед хүрсэн үедээ зан авир, дотоод мөн чанар минь өөрчлөгдсөн нь миний ч, аав ээжийн ч буруу биш.

Ийм хүмүүсийг олон нийтэд битгий зарлаач, миний хүүхэд эд нараас болоод ийм болох нь гэх мэтээр ярих хүн ч байдаг.

Хуульдаа хүн бүр тэгш эрхтэй гэж заасан байдаг ч ад үзэж, зайгаа барьцгаадаг. 

Нийгэмд эрчүүд байхгүй боллоо, цөөрлөө гэх зэргээр ярьдаг ч үнэндээ бэлгийн цөөнх хэдэн зуугаараа олшроод байгаа юм байхгүй. Хамгийн гол нь дуугүй байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тийм болохоор дуугарч, зөвөөр ойлгуулах нь чухал байна.

-Яг юуг хүмүүст илүү ойлгуулахыг хүсдэг вэ?

-Нийгэм бидэн рүү инээмсэглэж чаддаггүй юм аа гэхэд ялгахгүйгээр харьцаасай гэж хүсдэг. Трансжендер хүмүүсийн дунд сайн нь ч бий, саар нь ч бий. Ганц, хоёрхон хүнээр бүгдийг нь дүгнэж болохгүй. 

-Ажил амьдралаа авч явахад хэцүү гэж та хэлсэн. Тэгэхээр одоо ямар нэгэн ажил эрхэлж чадаж байгаа юу?

-Хувиараа ажил хийхээр төлөвлөж байгаа. Гоо сайхны мэргэжилтэй учир мэдрэмж маань миний давуу тал. Хэдийгээр би олон нийтийн ажил хийх сонирхолтой ч намайг трансжендер гэдэгт хүмүүс илүү ач холбогдол өгөөд байдаг. Уг нь би бусдын л адил хүн шүү дээ.

-Бэлгийн цөөнх хүмүүсийн нийгэм дэх оролцоо хэр сайн гэж та үздэг вэ?

-Хэрвээ би энгийн байсан бол бэлгийн цөөнх гэж нэрлээд байгаа хүмүүсийг хүн гэдгээр нь ойлгож, хүлээн зөвшөөрөх байсан. Мөн нийгэмд бусадтайгаа хөл нийлүүлэн алхаж, ажиллаж амьдрахыг нь дэмжих байлаа. 

Учир нь транс, лесби, гей гэх зэрэг нь зүгээр л чиг баримжаа. Харин трансжендер нь бүх эд эс, сэтгэлээрээ өөр хүн болж амьдрахыг хэлдэг. 

Хүний эрхийн мэдрэмж их байх тусам цөөнхийн нийгэмд эзлэх байр суурь хэвийн байна байх.

Өнөөгийн нийгэмд цөөнхүүд биеэ даагаад амьдрах чадвар, боломж бүрэн бий гэж хардаг. Бас олон нийтийн сүлжээ, бүх зүйлс цахимжиж байгаа нь хэн бүхэн адил тэгш хөгжиж, дэвших боломжийг өгч байна.

-Та хэзээнээс өөрийгөө эмэгтэй хүн гэдгээр мэдэрч, хүлээн зөвшөөрөх болсон бэ?

-12 настайгаасаа өөрийгөө эмэгтэй хүн гэдгээр мэдэрч эхэлсэн. Эхэндээ бусдаас үүнийгээ их нуудаг байлаа. Гэр бүл, сургуулийн орчинд анги хамт олон маань мэдэрч, ойлгоод найзархаг байдаг байсан. Би ч өөрийгөө ойлгуулаад, олны дунд байгаад сурсан. 

Би даруухан, бас их мөрөөдөмтгий хүн л дээ. Тиймээс цаашид юу хийх, ямар хүн болох талаараа үргэлж өөртэйгөө ярилцдаг.

-Одоо гэр бүлийнхэнтэйгээ ямар харилцаатай байдаг вэ?

-Хэвийн харилцаатай. Гэр бүлээ дасгахын тулд би тун нээлттэй байхыг хичээдэг. Гэвч заримдаа тусдаа байх үе бас бий.