Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ зууны сүүлээр дэлхийн ихэнх улс орны хүн амын тоо буурна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хүн амын ирээдүйн төлөв байдлын талаар АНУ-ын Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн Хэмжилт, Үнэлгээний хүрээлэнгээс гаргасан судалгааны тайлан өчигдөр Lancet сэтгүүлд нийтлэгджээ.

Уг судалгаанд өгүүлснээр дэлхийн хүн амын тоо 2064 онд дээд хэмжээндээ хүрч, 9.7 тэрбум болох гэнэ. Харин дараа нь буурсаар энэ зууны төгсгөлд 8.8 тэрбум болох ажээ.

2100 онд дэлхийн 195 улсын 183-т хүн амын өсөлт нь бууралтаа нөхөж чадахгүй болно гэж тооцоолсон байна.  

Тодруулбал эмэгтэйчүүдийн насан туршдаа төрүүлэх хүүхдийн дундаж тоо 2.1-ээс доош буурвал тухайн үндэстний хүн амын тоо буурдаг ажээ. 1950 онд энэ үзүүлэлт дэлхий даяар 4.7 байсан бол 2017 онд 2.4 болж буурсан юм. Тэгвэл 2100 онд 1.7 хүрэхгүй хэмжээнд хүрнэ гэж тооцоолжээ.

Үүнд эмэгтэйчүүдийн боловсрол нэмэгдэж, ажил хөдөлмөр эрхлэх явдал нөлөөлж байна. Мөн жирэмслэлтээс хамгаалах хялбар аргууд бий болсон нь буруутай гэж дүгнэжээ.

Дэлхийн улс орнуудаас Испани, Япон зэрэг 23 орны хүн ам хамгийн ихээр буюу 50-аас дээш хувиар буурна гэж дүгнэсэн байна.

Тухайлбал Япон улсын хүн ам 2017 онд 127 сая байсан бол энэ зууны сүүлээр 53 саяд хүрэх ажээ.

Өнөөдөр дэлхийд тэргүүлж буй Хятад улсын хүн ам ойрын жилүүдэд 1.4 тэрбумыг давж өсөх ч 2100 онд 732 сая болж буурах гэнэ.

Хятадын байр суурийг Энэтхэг улс эзлэх ажээ. Харин Сахарын цөлөөс урагш оршдог Африк тивийн улс орнуудад эсрэгээрэ хүн амын тэсрэлт болж, 2100 онд нийтдээ гурван тэрбум гаруй хүн амьдардаг болох юм байна. Энэ нь одоогийн тооноос гурав дахин өссөн үзүүлэлт юм.

Тэдний дотроос Нигери улс 791 сая хүн амтай болж, дэлхийд хоёрдугаарт бичигдэнэ гэж тооцоолжээ.

2100 он гэхэд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн тоо эрс цөөрч, 80-аас дээш настнуудын хүн амд эзлэх хувь огцом нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Ингэвэл хэн ажиллаж, татвар төлөх, тэтгэвэр тэтгэмжийг хаанаас бүрдүүлэх, өндөр настнуудыг хэн асрамжлах вэ зэрэг нийгмийн хурц асуудлууд бий болох ажээ.

Судалгаанд оролцсон профессор Кристофер Муррай “Дэлхийн ихэнх улс оронд хүн амын тоо буурах шатандаа шилжиж байгаа нь маш том асуудал. Хэрвээ бид бууралтыг зогсоох шийдэл олж чадахгүй бол хэдхэн зууны дараа хүн төрөлхтөн устаж алга болоход бэлэн байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: BBC