Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Ираны цөмийн байгууламжийг устгасанд сэжиглэгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Израйль улс тагнуулын зориулалттай хиймэл дагуулаа амжилттай хөөргөснийг зарлажээ.

Шинэ Ofek 16 хиймэл дагуул нь тус улсын сүүлийн 20 жилийн хугацаанд дараалан хөөргөж буй тагнуулын хиймэл дагуулуудын сүүлийнх нь юм.

“Ofek 16 хиймэл дагуулыг амжилттай хөөргөснөөр Израйлийн дайснуудын эсрэг ажиллах хүчин чадал маань хол ойр байгаагаас үл хамааран асар ихээр нэмэгдэж байгаа юм. Бид одоо хуурай газар, далай тэнгис, агаар, сансрын уудамд ч ажиллах чадалтай болж байна” гэж Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху засгийн газрын хуралдаан дээрээ мэдэгджээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Иран улсын нутагт оршдог өндөр хамгаалалттай Натанз цөмийн байгууламжид гал гарч, дэлбэрэлт болсон юм. Энэхүү нууцлаг дэлбэрэлтийн улмаас Ираны иргэний болон цэргийн зориулалтаар уран баяжуулах үйл ажиллагаа “дунд хугацаа”-нд саатаж байгааг Тегераны эрх баригчид мэдэгджээ.

Иран улс энэхүү дэлбэрэлтэд Израйль улсыг шууд буруутгаагүй байна. Гэхдээ тус улсыг цөмийн зэвсэгтэй болохоос хамгийн их болгоомжилдог Израйль үүний цаана байх магадлал өндөр юм.

Нетаньяху өчигдөр хиймэл дагуулын тухай мэдээлэл өгөхдөө Иранд болсон дэлбэрэлтийн талаар огт дурдаагүй байна.

Харин Ням гарагт тус улсын гадаад хэргийн сайд Габи Ашкенази ярихдаа Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх урт хугацааны стратегийг Израйль улс хэрэгжүүлж байгааг дурджээ.

Ингэхдээ тэр Натанзийн дэлбэрэлтийг дурдаагүй ч Израйль улс “ил ярихгүй байсан нь дээр олон арга хэмжээг авсан” гэж мэдэгдсэн байна.

Израйль, АНУ хоёр арваад жилийн өмнө Ираны цөмийн байгууламжуудад халдах зорилготой “Stuxnet” компьютерийн вирус бүтээж байсан гэдэг. Тухайн үед Габи Ашкенази нь Израйлийн армийн командлагч байсан юм.

Хамгийн сүүлд 2018 онд Израйлийн Моссад сөрөг тагнуулын алба Тегеран дахь нууц архиваас цөмийн хөтөлбөртэй холбоотой мянга мянган бичиг баримтыг хулгайлж байжээ.

 Натанзийн дэлбэрэлтээс долоо хоног хүрэхгүй хугацааны өмнө Тегеранаас зүүн зүгт оршдог пуужингийн үйлдвэрлэлд ашиглагддаг байж болзошгүй газар доорх хонгилын системд дэлбэрэлт болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон дэлбэрэлт нь Иран улсын цөмийн хөтөлбөрийг удаашруулах зорилготойгоос гадна цөмийн зэвсгээр хөөцөлдөх үйл ажиллагаа нь үргэлжлэх тусмаа улам их зардалтай болохыг Тегеранд анхааруулсан хэрэг гэж ажиглагчид дүгнэж байна.

“Бүх үйл явдлыг Израйльтай холбож болохгүй. Гэхдээ Иран улсын хүчин чадал нэмэгдэхэд хамгийн их санаа зовж байгаа нь Израйл улс гэдгийг мартаж болохгүй” гэж Израйлийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд Иран судлалаар ажиллаж байсан Ёол Гузанский ярьжээ.

Натанзийн ажиллагааг Израйль улс өөрөө шууд зохион байгуулсан, эсвэл өрнөдийн болон Арабын түншүүдээрээ дамжуулж гүйцэтгэсэн байх магадлалтай гэж тэр үзэж байна.

 

Эх сурвалж: Associated Press