Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ.
Түүнчлэн Монгол Улсад коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдлийн ес дэх шатны үнэлгээг Халдварт өвчин судлалын үндэсний төвд/ХӨСҮТ/ хийсэн дүнг хурлын үеэр танилцуулах юм байна.
Өнгөрсөн тавдугаар сард өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 6 дугаар сарын 30-ныг дуустал сунгасан. Ингэхдээ Covid-19 цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан тухайгаа мэдээлж байв.
Энэ хугацаа өнөөдөр дуусах тул сунгах эсэхийг хэлэлцэж шийдвэрээ гаргана хэмээн эх сурвалж хэлэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа, олон улсын зорчигч тээврийн агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон юм.
2020 оны зургаадугаар сарын 29-ний байдлаар манай улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 220 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 175 нь эдгэрч ХӨСҮТ-ийн дараагийн хяналтад шилжээд байгаа юм. Харин 45 нь эмчлүүлж байгаа тухай тус төвийн захирал мэдээлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!