Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шүдний их эмч Б.Шүрэнчимэг: Амны хөндийн хүчил шүлтийн тэнцвэрийг хадгалснаар шүд эрүүл байх орчин хангагддаг

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 10
Сурталчилгаа

Хүний бие эрхтний эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлдөг зүйл бол шүд билээ. Тиймээс ч “шүд эрүүл бол бие эрүүл”, “сайхан инээмсэглэлийн нууц танан цагаан шүд” гэх яриа байдаг биз ээ. Шүдээ эрүүл байлгахын тулд тогтмол шүдний эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, өдөрт хоол унд хэрэглэсний дараагаар шүдээ тогтмол угаах шаардлагатай байдаг. Харин уншигч та жилдээ хэдэн удаа шүдний эмнэлэгт очдог, өдөрт ямар нэгэн зүйл идчихээд дараа нь шүдээ байнга угааж чаддаг уу? Тэгвэл уншигч танд зориулан амны хөндийг хэрхэн эрүүл байлгах, шүдний өвчлөлд нөлөөлдөг хүчин зүйлийн талаар мэргэжлийн эмчээс тодруулсан ярилцлагыг хүргэж байна.

 

Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөл хэр хэмжээнд байна вэ? Нийт хүн амын шүдний өвчлөлд ихээр өртдөг насны ангилал гэж байгаа юу?

Монгол улсын хэмжээнд шүдний өвчлөлийн тал дээр хамгийн их санаа зовоодог зүйл бол хүүхдийн шүдний өвчлөл бөгөөд 1-6 насанд шүдний цоорлын түвшин өндөр байдаг. 2017 оны байдлаар нийслэлийн хүүхдүүдийн дунд явуулсан амны хөндийн судалгаагаар 90 гаруй хувь нь тодорхой хэмжээний амны хөндийн өвчлөлтэй байсан. Гэхдээ хүүхэд гэлтгүй насанд хүрсэн хүний хувьд шүдний өвчлөл нэлээдгүй өндөр байдаг нь анхаарал хандуулах сэдэв л дээ.

Манай улсад шүдний өвчлөл өндөр байхад нөлөөлж буй хүчин зүйл нь юу байдаг вэ?  

Шүдний өвчлөлд нөлөөлдөг маш олон хүчил байдгийг ерөнхий болон хэсгийн хүчин зүйл гэж ялган үздэг. Ерөнхий хүчин зүйлд нь улс орны эдийн засаг, хүн амын боловсрол, амны хөндийн арчилгаа, амьдралын нөхцөл байдал тэр ч бүү хэл өрхийн орлого хүртэл хамаатай. Хэсгийн хүчин зүйлд нь тухайн хүний тэсвэр чанар буюу дархлаа, идэж байгаа хоол хүнс болон түүнээс шалтгаалсан шүлсний найрлагатай холбон үздэг. Үүн дээр шүдний өвчлөл гэдэг нь өөрөө халдварт өвчин учир хүүхдэдээ амнаасаа хоол дамжуулах нь амны хөндийн бактерийг халдааж хүүхдийн шүдний өвчлөл, цоорлын хэмжээ өндөр байхад нөлөөлж буй томоохон хүчин зүйл болоод байна. Үүнээс дүгнэхэд насанд хүрсэн хүний шүдний өвчлөл өндөр хэмжээнд байгаа нь харагддаг. Хэрэв эцэг эх болон тухайн хүүхдийн эргэн тойронд амьдарч буй том хүмүүсийн амны хөндий эрүүл бол хүүхдийн шүдний өвчлөл тодорхой хэмжээнд харьцангуй бага байх үндэслэлтэй. Мөн шүдний өвчлөл халдварладаг учир жирэмслэхээр төлөвлөсөн даруйдаа эцэг, эх хоёулаа шүдээ эмчлүүлсэн байх шаардлагатай. Үүнээс гадна бага насны хүүхдүүдийн дунд угж буюу хөхний сүүний цоорол элбэг байна. Энэ нь шөнө хөхөө хөхөх, амны хөндийг нь тогтмол цэвэрлэж чадахгүй байх тохиолдолд шүдний цоорол үүсдэг. Харин шүдээ өөрсдөө арчлаад байх боломжтой насанд хүрсэн хүмүүсийн тухайд шүдээ өвчлүүлж байгаа нэг шалтгаан нь монгол уламжлалт хүнсний бүтээгдэхүүнээс илүүтэй сахароз, глюкоз агуулсан бэлэн бүтээгдэхүүн, чихэрлэг хүнс ихээр хэрэглэдэг болсонтой холбоотой.

Сахар агуулсан хүнс шүдийг өвчлүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ эдгээр чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнүүд хэрхэн шүдийг өвчлүүлж, цооролд хүргэж байна вэ?  

Гаднаас орж ирж буй хүчиллэг, чихэрлэг, нүүр ус агуулсан наалдамтгай хүнсний бүтээгдэхүүн шүдний гадаргуу дээр арилахгүй удаан байвал өнгөр тогтон хэлбэржиж бактерийн хуримтлалыг бий болгоно. Өөрөөр хэлбэл бактери шүдний гадаргууд наалдсан өнгөрийг ашиглан өөртөө таатай орчин бүрдүүлж шүдний хатуу эдийг уусган цоорол бий болгодог. Бактери хуримтлагдсан энэхүү өнгөр нь шүдэн дээр хэр удаан тогтохоос шалтгаалаад цоорол харилцан адилгүй явагдахаас гадна удах тусам хэлбэржээд, хатуужихаараа чулуу үүсгэнэ. Чулуу нь шүд буйлны завсраар улам гүн болоод зузаарах тусам шүд буйлны хооронд зай үүсгэж шүдний тулгуур эдийн өвчлөл буюу шүд унах аюулд хүргэдэг. Үүнээс гадна шүдэнд үүссэн 1мг өнгөрт 100-300 сая бактери агуулагддаг бөгөөд энэ нь бусад эрхтэн тогтолцоонд нөлөөлж олон төрлийн үрэвсэлт өвчнийг үүсгэдэг. Тиймээс хооллолт болгоны дараа шүдээ угаах хэрэгтэй бөгөөд өдөрт доод тал нь 3 удаа шүдээ угаах нь цоорол үүсэх нөхцлийг бууруулдаг.  

 

Өдөр тутамдаа хооллолт болгоны дараа тогтмол шүдээ угааж цэвэрлээд байх боломжгүй эсвэл мэдлэг дутмаг байдагтай холбоотойгоор хоол болгоны дараа шүдээ угаадаггүй хүн цөөнгүй бий. Энэ тохиолдолд шүдээ цоорлоос хамгаалах өөр арга бий юу?

Энэхүү арга замыг ярихаас өмнө амны хөндийн эрүүл бүтцийг ойлгох хэрэгтэй. Амны хөндийн эргэн тойронд байгаа шүлсний булчирхайнаас ялгарч байдаг шүлс нь амны хөндийг чийглэг байлгахын зэрэгцээ бактерийг эсэргүүцэх найрлага агуулдаг бөгөөд энэ нь шүд цоорлоос хамгаалж байдаг. Гэтэл нүүрс ус ихээр агуулсан болон чихэрлэг хүнс хэрэглэсэн тохиолдолд шүлсний найрлага алдагдаж амны хөндийд хүчиллэг орчин бүрддэг гэсэн үг. Энэ үед нь амаа угааж цэвэрлэх нь хамгийн зөв арга ч гэлээ ажил дээрээ юм уу, гадуур ажилтай үедээ хооллочихоод шүдээ угаах боломж ховор л доо. Тэгэхээр тэрхүү хүчиллэг орчинг тэнцвэржүүлэхийн тулд хоол идсэний дараагаар шүлтлэг усаар амаа зайлах эсвэл ууж хэвших нь амны хөндийн эрүүл мэндэд тустай зүйл юм. Шүлтлэг усаар амаа зайлах нь шүд цоорлыг бий болгодог өнгөр, бактерийг шүдэнд байлгах хугацааг богиносгож буй хэлбэр бөгөөд шүдний цоорлоос хамгаалах үр нөлөөтэй. Дээрээс нь манайхан хооллолтын дараагаар хоолоо шингээх гэж байна гээд газтай чихэрлэг ундаа уудаг. Гэтэл газтай чихэрлэг ундаа нь сахар, фруктоз агуулдаг хүчиллэг шингэн учир шүдний гадаргууд хүчиллэг их хэмжээгээр үүсгэн шүдийг эрдэсгүйжүүлж цооролд хүргэдэг. Тиймээс хүчиллэг хоол хүнс хэрэглэсэн даруйдаа шүлтлэг усаар амаа зайлах нь амны хөндийн хүчиллэг орчинг саармагжуулж буй хэлбэр юм. Амны хөндийн рН-ийн түвшин 6.8-7.4-тэй хүчил шүлтийн тэнцвэртэй орчин байж гэмээн шүд эрүүл байх нөхцөл бүрдэнэ. Тиймээс амны хөндийн хүчиллэг болсон тохиолдолд рН-ийн түвшин өндөр буюу шүлтлэг ус хэрэглэх нь тохиромжтой.

Амны хөндийд хүчиллэг орчин бүрдсэнийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

Хамгийн түрүүнд хэлээрээ шүдний гадаргууг тэмтрэхэд барзгар мэдрэгдэнэ. Тэрхүү шүдэнд тогтсон барзгар хэсэг буюу өнгөрт бактерийн задрал явагдаж тэрхүү нөлөөллөөр хий ялгаруулдаг учир амнаас эвгүй үнэр гардаг. Энэхүү шинж тэмдэг танд илэрч байгаа бол амны хөндийд хүчиллэг орчин үүсжээ гэж ойлгоход болно. Энгийнээр хоол хүнсний үлдэгдэл шүдэн дээр наалдсан тохиолдолд цэвэрлэлгүй байлгаснаар өнгөр тогтож улмаар чулуу үүсэж мэргэжлийн эмнэлэгт хандах шаардлага үүсдэг. Тиймээс шүдний эмнэлэгт очих дургүй бол хоол хүнс хэрэглэсэн даруйдаа л тодорхой хэмжээнд хоолны үлдэгдлийг шүдний гадаргуугаас цэвэрлэх арга хэмжээнүүдийг заавал авч байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Үүнээс хамгийн энгийн хирнээ үр нөлөөтэй арга нь шүлтлэг усаар амаа зайлах юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.