Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Хятадын хилийн эгц дээр SpaceX-ийн хөлөг ОУСС-д залгагдлаа

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 6 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн үдээс хойш Флоридагаас хөөрсөн SpaceX компанийн сансрын хөлөг 19 цагийн дараа тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад (ОУСС) амжилттай залгагджээ.

2011 оны долдугаар сараас хойш АНУ анх удаа өөрийн хөлгөөр сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэсэн нь энэ бол Илон Маскын үүсгэн байгуулсан SpaceX сансарт хүн хөөргөсөн анхны хувийн компани болж түүхэнд бичигдэж байна.

Дэлхийн гадаргаас 420 км өндөрт, 28,000 км/цаг хурдтай аялж яваа ОУСС-тай АНУ-ын сансрын хөлөг Улаанбаатарын цагаар Ням гарагийн оройн 10:16 цагт Монгол-Хятадын хилийн эгц дээр залгагдсан тухай SpaceX компани мэдээлжээ.

ОУСС-д байрлаж байгаа гурван сансрын нисгэгч ОХУ-ын Анатолий Иванишин, Иван Вагнер, АНУ-ын Крис Кассиди нар далайчдын уламжлалаар дохиогоо гурван удаа дуугаргаж, шинэ ирэгсдийг станц дээрээ тосож авсан байна.

 
 

NASA-гийн сансрын нисгэгчид Роберт Бенкэн, Дуглас Харли нар энд 110 хүртэл хоног ажиллаад дэлхий рүү буцах юм. Тэд хоёул 20 жилийн өмнө анх сансарт ниссэн туршлагатай нисгэгчид.

Дуглас Харлигийн хувьд 2011 онд АНУ-ын сүүлийн хөлгөөр ОУСС-д ирж байсан бол өнөөдөр дахин ирэхдээ мөн өөрийн хөлгөөр ирж байна.

NASA хувийн компаниудтай хамтран сансарт хүн нисгэх хөтөлбөр хэрэгжүүлж, нийт $6.2 тэрбумыг зарцуулж байгаа. Үүний эхний төсөл нь SpaceX-ийн хөлгөөр сансарт хүн нисгэх байв. Дараагийн ээлжинд Boeing компанийн CST100-Starliner хөлгийг хөөргөхөөр бэлдэж байгаа юм.

ОУСС-д залгагдсан SpaceX-ийн хөлөг анх Crew Dragon нэртэй байсан бол NASA-гийн уламжлалын дагуу сансрын нисгэгчдээр нь шинэ нэр сонгуулсан байна.

Харли, Бенкэн нар өөрийн газар нутаг дээрээс хүн сансарт хөөргөх Америкчуудын олон жилийн хичээл зүтгэлийг бэлгэдэж “Endeavour” нэрийг өгчээ.

“Endeavour” хөлөг ОУСС-тай залгагдах түүхэн үйл явцыг дараах видео дүрснээс үзнэ үү.

 

Эх сурвалж: NASA, The Guardian