Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Шинэ коронавирусийн гол цөм Өмнөд Америк тив рүү шилжлээ гэж ДЭМБ-аас онцлон тэмдэглэсэн

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлийн хурлаа хийв.

Энэ үеэр дэлхийн дахинд COVID-19-ийн тархалтын нөхцөл байдал болон сүүлийн үед хийгдэж буй вакцин, эмчилгээний туршилтын талаар мэдээллийг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Тэрбээр "Халдварын тоогоор дэлхийд АНУ, Бразил, ОХУ тэргүүлсэн хэвээр байна. АНУ-д тавдугаар сарын 22-нд 20 мянга гаруй шинэ халдвар, 1,000 гаруй нас баралт бүртгэгдлээ.

Бразил

Бразилд 20,800 гаруй тохиолдол шинээр нэмж бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 330,800 гаруй болжээ. Мөн 1,000 гаруй нас баралт бүртгэгдсэнээр тус улсын эндэгдэл 24,800 гаруйд хүрээд байна. Ийнхүү батлагдсан тохиолдлоороо Бразил улс АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх боллоо.

БНЭУ

Баасан гарагт Бүгд найрамдах Энэтхэг улсад шинээр 6,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 118 мянга гаруй болсноор батлагдсан тохиолдлын тоогоор тус улс дэлхийд 11 дүгээр бичигдэх болсон. 

Перу 

Энэтхэг улсын дараагаар Өмнөд Америкийн Перу улсад халдвар эрчимтэй тархаж байна. Батлагдсан тохиолдлын тоо 100 мянгыг даваа байна. ДЭМБ-аас өчигдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийдээ шинэ коронавирусийн гол төв нь Өмнөд Америк тив рүү шилжлээ гэж онцолж тэмдэглэсэн" гэв. 

108 хүнд вакцин хийхэд ихэнхэд нь саармагжуулагч эсрэг бие, дархлааны эсийн хариу урвал үүссэн

БНХАУ-ын "CanSino Biologics" компанийн бүтээж буй вакцины урьдчилсан үр дүнгийн талаар Lancet сэтгүүл мэдээлжээ. Вакциныг тарихад аюулгүй бөгөөд дархлааны хариу урвалыг өдөөж чадаж байсан гэжээ.

Мөн вакцин хийлгэсэн 108 хүнээс авсан цусны дээжийн ихэнхэд нь саармагжуулагч эсрэг биет болон шинэ коронавирусийн эсрэг дархлааны эсийн хариу урвал илэрсэн байна. Улмаар уг туршилтын вакцин нь 14 хоногийн хугацаанд хүний биед вирусийн эсрэг бие ба дархлааны эсийг үүсгэдэг болохыг харуулж байгаа бөгөөд цаашид нарийвчлан судлах шаардлагатайг Бээжингийн Биотехнологийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.

АНУ-ын Gilead Science компанийн Ремдесивир эмийг COVID-19 тусаж хүндэрсэн өвчтөнд хэрэглэхэд эмчилгээний ор хоногийг бууруулж байгаа тухай албан ёсны судалгааг New England journal of medicineсэтгүүлд хэвлүүлжээ. Эргэн сануулахад уг тарилгыг хийснээр өвчтөний явцын 15 хоногоос 11 болгон бууруулж байгаа үр дүн гарсан.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.