Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс ГУРВАН байр УХРАВ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2020 оны индексийг өнөөдөр орон даяар танилцуулж байна. Өнгөрсөн онд нэг байр урагшилж, 70-р бичигдэж байсан Монгол Улс энэ жил гурван байраар УХАРЧ, 73-р бичигдсэн байна. 

2019 оны тухайд Монголын хэвлэл мэдээллийн орчин ерөнхий байдлаараа сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил нь төвлөрч, улс төрийн оролцоо нэмэгдэж байгааг тодотгож байв. 

Харин 2020 оны индексийн тухайд ямар шалтгаанаар гурван байр ухраасныг тодорхой тайлбарлаагүй ч  "Сэтгүүлчид нь суурь эрх зүйн баталгааныхаа ачаар эрх баригчдаас ирэх дарамтыг давж байгаа" хэмээн дурджээ.

Товчхондоо Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө бүрэн хэрэгждэггүй, "Мэдэгдэхүйц асуудалтай" хэвээр байна. 

2020 оны Хэвлэлийн эрх чөлөөний индексийн Ази Номхон далайн бүсийн тайланг хүргэж байна. Учир нь Монгол Улс багтдаг энэ бүс нутаг 2020 онд хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн оноо нь хамгийн ихээр буюу 1.7 хувиар нэмэгдсэн бүс нутгаар бичигджээ. 

Ази-Номхон далай – Хэт хяналт ба үндсэрхэг популист хэтрүүлэг

Одоогоос 10 жилийн тэртээ Ази болон Номхон далайн орнуудын хэвлэлийн эрх чөлөөний талаар эерэг итгэл тээж болох байв. Гэвч өнгөрсөн онуудад ардчилсан бус, тоталитари практикийг нэвтрүүлэхтэй зэрэгцэн сэтгүүлчдийн эсрэг үзэн ядалтыг түгээсэн популист үзэл гаарч, хэвлэл мэдээллүүд хэт туйлширсан нь огцом доройтлын эхлэлийг тавив. Товчхондоо, энэ бүс нутаг асар хүнд бэрхшээлтэй нүүр тулаад байна 

Ази болон Номхон далайн арлын бараг бүх улсад хэвлэлийн эрх чөлөө аюулд ороод буйг 2020 оны индексээс харж болно.

Үүний жишээ нь Австрали улс юм. Нэгэн цагт бүсийн хэмжээндээ загвар улс гэж үнэлэгдэж байсан ч хүчний байгууллагаас сэтгүүлчийн гэр болон олон нийтийн телевизийн төв оффист дайран орсон явдал нь Австралийг 5 байраар огцом ухрахад хүргэв. Мөн тус сөрөг жишиг нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй, сэтгүүлчийн эх сурвалжийн нууц байх эрхэд ноцтой аюул учруулж буйн зэрэгцээ Австралийн үндсэн хууль мэдээллэх болон мэдээлэл хүлээн авах эрхийг хамгаалж чадахгүй гэдгийг олноо харууллаа.

Ази тив нь хэвлэлийн эрх чөлөөний хамгийн том зөрчигч хэвээр байгаа нь бүсийн хэмжээний үнэлгээг доош татаж байна. Хойд Солонгосын (1 байр ухарч 180-рт) тухайд л гэхэд Индексийн хамгийн адагт буюу хуучин байрандаа буцаж ирсэн юм. Өнгөрсөн онд тус улс нь АНУ-ын ерөнхийлөгч Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дээд хэмжээний уулзалттай холбогдуулж 2019 оны хоёрдугаар сар, 2018 оны зургадугаар сард тус тус гадаадын сэтгүүлчдэд үүдээ нээсэн мэт дүр эсгэснийхээ ачаар нэг байр урагшилж бичигдээд байсан юм.

Хэвлэлийн эрх чөлөөнд хатуурхах энэ сунгаанд Хойд Солонгосын араас Хятад улс (177-рт) ойрхон нэхэж явна. Тус улсын тухайд, тэрс үзэлт сэтгүүлч, блогчдыг мөрдөн хавчихын сацуу мэдээллийн хэт-хяналтын системээ зогсолтгүй сайжруулсаар байна. Үүний нэг баримт нь өнгөрсөн 2-р сард коронавирусийн хямралыг нуун дарагдуулах зорилгоор хоёр иргэнээ баривчилснаар тодорхой болсон билээ. Энэ ч утгаараа Хятад улс нь хорьсон сэтгүүлчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж буй бөгөөд 100 давж тоологдох тэдний дийлэнхийг нь Уйгурчууд эзэлж байна. 

Ардчилсан бус системүүд ба геополитикийн сорилт

2020 оны индексийн үзүүлэлтээр Вьетнам (175-рт) улс нэг байраар ахисан юм. Тус улсын хувьд ямар нэгэн онцгойлох бодит дэвшил гэхээсээ илүүтэй 2018 онд ухарсан нэг байраа буцааж ахиулсан л явдал байв. Харин дөнгөж хөл дээрээ тогтож байсан цахим блогийн орчныг нухчин дарснаараа Лаос (172-рт) улс дахин нэг байр ухарлаа.

Нэг намын тогтолцоот коммунист дөрвөн улс мэдээ, мэдээлэлд бүрэн хяналт тогтоохдоо гаргуут байдлаараа бүгд индексийн “хар бүс”-д  мөр зэрэгцсэнээр хачирхалтай үзүүлэлт болов - Сингапур (158-рт). “Хуурамч мэдээ”-тэй тэмцэх ажил нь Жорж Орвеллийн зохиолд гардаг шиг замхарснаар тус улс нэг жилийн дотор долоон байраар ухарлаа.

Брунейн (152-рт) Султан исламыг доромжилсон аливаа аман болон бичгэн мэдэгдэлд цаазаар авах ял оногдуулахаар эрүүгийн хуульдаа нэмэлт оруулснаар мэдээлэл хянах зэвсэглэлээ улам хүчитгэв. Үүнээс гадна бүсийн хоёр улс тэрс үзлийг нухчин дарах системээ сайжруулж дөнгөв: Тэд бол Камбожийн (1 байр ухарч 144-рт) ерөнхий сайд Хун Сэн болон Тайландын генерал Праяут (4 байр ухарч 140-рт) юм. 

Бараг бүх уламжлалт хэвлэл мэдээллээ эгнээндээ элсүүлчихсэн Пакистан улс цахим орчин дахь шүүмжлэлийн дууг ч боомилох оролдлого хийж эхэлснээр гурван байр ухарлаа. Үүний адилаар харгис хууль цааз тогтоохыг оролдсоны улмаас Балба (112-рт) улс зургаан байраар ухраад байна.

Улс төрийн болон шашны ялгаварлал

Авторитари системүүдээс хэвлэлийн эрх чөлөөнд тулгаж буй улс төрийн нэг сорилт бол шүүмжлэлт сэтгүүл зүйг “төрийн-эсрэг”, бүр цаашилбал “үндэсний-эсрэг” гэж ялгаварлах болсон явдал бөгөөд үүнийг нь “үндсэрхэг-популизм” улам өдөөн турхирч байна.

Энэ нь үүргээ цэврээр гүйцэтгэж буй сурвалжлагчдыг галын шугаманд аваачиж байна. Тэд Шри Ланкийн (1 байр ухарч 127-рт) гудамжинд болсон цагдаа нарын хүчирхийлэл, Хонг Конгийн ардчиллын төлөөх жагсаалын бай болж хохирцгоосон юм. Хагас автономит эрх бүхий засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг (80-рт) нь 7 байр ухарснаар Азидаа хамгийн огцом ухралтыг үзүүллээ.

Бангладеш, Филиппин, Энэтхэг дэх эрх баригчдыг дэмжигчид ч сэтгүүлчдэд халдсан тохиолдол гарсан юм. Кашмирын хөндийд оршин суух 8 сая иргэний интернэтэд нэвтрэх эрхийг бүрэн хорьсноор Шинэ Дели түүхийн хуудаснаа тэмдэглэгдэх хамгийн том цахим хөл хориог тогтоосон юм. 

Шашны хэт даврагсдын зүгээс үзэл бодлоо хуваалцаагүй сэтгүүлчдийн эсрэг үзүүлсэн ялгаварлалын ер бусын тод жишээ бол Энэтхэгийн Хиндү үндэстний эрх байв. Түүнчлэн Мьянмар (1 байр ухарч 139-рт) дахь Буддын фундаменталистууд болон Афганистан дахь (1 байр ухарч 122-рт) Талибчуудын гаргадаг буй ялгаварлалыг ч хэлж болно. Тэдний хувьд юуг ч үл харгалзан өөрсдийн ертөнцийг харах үзлээ хэвлэл мэдээлэлд хүчээр тулгадаг.   

Тролл арми

Хараат бус хэвлэлийг жигшин зэвүүцэх үзэл санаа нь мэдээллийн дайны гол талбар болоод буй интернэт орчинд ч өөрийн орон зайг аль хэдийн олоод байна.

Сэтгүүлчдийн эсрэг биет халдлага нь ихэнхдээ тролл арми болон хандалт цуглуулах фермүүдийн үйлддэг цахим заналхийлэл дагасан, эс бөгөөс түүнээс улбаалсан байдаг. Азийн орнуудад эдгээр цахим арми нь онлайн дахь хуурамч мэдээлэл, үзэн ядах үг хэллэгээр тэжээгдэж, дур зоргоороо аашлах үндэсний-популизмын сумны зэв болж байна.

Энэхүү тун ярвигтай нөхцөл байдалд хэвлэл мэдээлэл нь ардчилал үндсэн зорилгоороо ажиллах бололцоог хангахад дээд зэргийн шийдвэрлэх үүрэгтэй, нэн ялангуяа сонгуулийн үед. Үүний нэг жишээ бол Индонезийн (5 байр ахиж 119-рт) ерөнхийлөгч Жокови улиран эрх барих энэ хугацаандаа хэвлэлийн эрх чөлөөг анхааран ажиллаж байна. 

Сонгуулийн санал хураалтаар засгийн газартаа сэлгээ хийвэл сэтгүүлчдийн нөхцөл байдлыг дээшлүүлж, өөрийн цензурыг халахад эерэг нөлөө үзүүлдэг болохын баталгаа нь Малайз (22 байр ахиж 101-рт) болон Мальдив (19 байр ахиж 79-рт) байв. Энэ ч утгаараа тэд бүсийн хэмжээнд хамгийн том үсрэлт хийсэн орнууд боллоо.    


Шинээр гарч ирж буй ардчилсан орнууд болох Бутан (13 байр ахиж 67-рт), Зүүн Тимор (6 байр ахиж 78-рт) болон Самоад (1 байр ахиж 21-рт) хэвлэл мэдээлэл өөрсдийн хүчээр томоохон тоглогчийн байр сууринд очжээ. Төрийн зүгээс шүүмжлэлт хэвлэл мэдээллийг үл тэвчих байдал нэмэгдэж буй Фижи (52-рт), Монгол (3 байр ухарч 73-рт) зэрэг орнуудын сэтгүүлчид нь суурь эрх зүйн баталгааныхаа ачаар эрх баригчдаас ирэх дарамтыг давж байна.

Төвлөрөл ба туйлшрал

Тогтвортой ардчилсан орнуудад ч засгийн газрууд үндэсний аюулгүй байдлаар шалтаглан сэтгүүл зүйн эрх чөлөөг хумихад бэлэн байна. Өмнөд Солонгост л гэхэд эмзэг мэдээлэл буюу нэн ялангуяа Хойд Солонгостой холбоотой мэдээлэл нийтэлсэн тохиолдолд хүнд шийтгэл оноодог хуультай. 

Ази болон Номхон далайн арлын орнуудын хувьд хэвлэл мэдээллийн эзэмшил цөөн хүний гарт төвлөрөхийн үр дагавар нь хэвлэлийн эрх чөлөөнд томоохон заналхийлэл учруулж байна. Японд (1 байр ахиж 66-рт) л гэхэд “Кэйрицу” буюу бизнесийн эрх ашгаа ямагт нэгдүгээрт тавьдаг томоохон конгломератад багтах хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакциуд эздийнхээ хүчтэй нөлөөлөлд оршиж байна.

Тонга (5 байр ухарч 50-рт), Папуа Шинэ Гвиней (8 байр ухарч 46-рт), Тайваньд (1 байр ухарч 43-рт) хэт туйлшрал, сенсаци хөөх хандлагыг өөгшүүлж эхэлсэн нь бизнес талаасаа хэвлэлийн хараат бус байдалд заналхийлж буйн жишээ болж байна. 

Үүгээр ч зогсохгүй бүсийн хэмжээний загвар болсон Шинэ Зеландад (9-рт) хэвлэл мэдээллийн эзэмшил цөөн эздэд төвлөрч буйн улмаас хоёр байр ухарсан юм. Энэ нь та дэлхийн хаана ч амьдарч буйгаас үл хамааран хэвлэлийн эрх чөлөөгөө эдлэхийн тулд үргэлжлүүлэн тэмцэх ёстой болсныг гэрчилнэ. 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс 2020 жагсаалт