Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хэвлэлийн эрх чөлөө "МЭДЭГДЭХҮЙЦ АСУУДАЛТАЙ"

A.Жаргал
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

-2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс – Айдсын тойрог-

Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) байгууллагын бэлтгэсэн 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 18-нд танилцууллаа. 

Уг индексээр сэтгүүлчдийг үзэн ядах байдал хүчирхийллийн хэлбэрт шилжиж, энэ нь тэднийг улам айдаст автуулж байна гэж үзжээ. Сэтгүүлчдийн хувьд бүрэн хамгаалагдсан, аюулгүйд тооцогддог орнуудын тоо үргэлжлэн цөөрсөөр байгаатай зэрэгцэн авторитари дэглэмүүд хэвлэл мэдээллээс улам чанга зуурч байна.

Жил бүр дэлхийн 180 орны сэтгүүл зүйн нөхцөл байдлыг үнэлдэг RSF-ийн индексээс харвал сэтгүүлчдийн аюулгүй ажиллах орчинд хөнөөл авчрахуйц айдаст автуулах хүчтэй уур амьсгал үүсээд байна. Олон орны улс төрийн удирдагч сэтгүүлчдэд дайсагнасан байдлаа илэрхийлж байгаа нь хүчирхийллийн шинж бүхий аюултай үйлдлүүдийг дэвэргэж буй. Энэ нь сэтгүүлчдийн хувьд урьд хожид байгаагүй айдас, аюулыг авчирч эхэллээ. RSF-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар “Хэрэв улс төрийн хэлэлцүүлэг нь далд эсвэл иргэний дайны-хэв маяг бүхий орчин руу нээлттэйгээр чиглэж, ингэхдээ сэтгүүлчдийг бүх зүйлийн буруутнаар цоллож буй тохиолдолд тэр ардчилал маш том аюулд оржээ гэсэн үг. Энэхүү айдас, сүрдүүлгийн тойргийг зогсоох нь түүхийн он цагийн хугацаанд олж авсан эрх чөлөөг үнэлдэг сайн санаат хүмүүсийн хувьд нэн тэргүүний асуудал билээ” хэмээсэн юм.

2019 оны Индексийг Норвеги улс гурав дахь жилдээ тэргүүлсэн бол Нидерландын (нэг байр ухарч 4-рт) байр суурийг Финланд (4 байх ахисан) эзэлснээр дэд байрт бичигдэж байна. Нидерландын хувьд зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн талаар сурвалжилсан хоёр сэтгүүлч цагдаагийн байнгын хамгаалалтад амьдрахад хүрээд байгаа юм. Кибер-дарамт нэмэгдэж буйн улмаас Швед (3-рт) ч нэг байр ухарлаа. Африк төвийн тухайд, өнгөрсөн жилээс мэдэгдэхүйц ахиц гаргаснаар Этиоп (40 байр ахиж 110-рт), Гамби (30 байр ахиж 92-рт) тус тус эрэмбээ дээшлүүллээ. 

Д.Трампын сэтгэгдлээс ч давсан дайсагнасан уур амьсгал нэмэгдэж буйгаас АНУ гурван байр ухрав

 

Олон тооны авторитари дэглэмүүд ч уналт үзүүллээ. Эдгээрт, сэтгүүлчид нь аюулгүйн албаныхны баривчилгаа, хүчирхийллийн золиос болсоор байгаа Венесуэль улс (5 байр ухарч 148-рт) багтана. Мөн интернэт, хараат бус хэвлэл мэдээлэлд үзүүлэх дарамтаа шат ахиулах үүднээс баривчилгаа, дур зоргоороо нэгжлэг хийхээс эхлээд тэвчишгүй ширүүн хуулиуд баталж буй Орос улс (1 байр ухарч 149-рт) ч багтана. Харин индексийн сүүлд бичигдэж буй Хятад, Вьетнам улс тус тус нэг байр ухарсан. Эритрей улс хөрш Этиоптойгоо найрамдаж буй ч сүүлээсээ 3-рт бичигдсэн хэвээр байгаа бол Туркменистан (2 байр ухарч 180-рт) сүүл мушгиснаар Умард Солонгосын (1 байр ахиж 179-рт) байрыг эзэллээ. Нийт 180 орноос ердөө 24 хувь нь “сайн” (Хэвлэлийн эрх чөлөөний газрын зурагт цагаанаар будагдсан) эсвэл “хангалттай” (шар өнгөөр будагдсан) гэсэн ангилалд багтлаа. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 26 хувь байсан юм.

Дональд Трампын сэтгэгдлээс ч давсан дайсагнасан уур амьсгал улам нэмэгдэж буйн улмаас АНУ (48-рт) гурван байр ухарч хэвлэл мэдээллийн орчин нь “асуудалтай” (улбар шар) гэсэн ангилалд шилжлээ. АНУ-ын сэтгүүлчдийн хувьд урьд хожид хэзээ ч энэ тооны үхлийн заналхийллийн субъект болж эс бөгөөс хувийн хамгаалалтын фирмүүдэд хандахдаа хүрч байсангүй. 2018 оны 6-р сард нэгэн этгээд Мэрилэндийн Аннаполис хот дахь Capital Gazette сонины редакцид нэвтэрч гал нээсний улмаас дөрвөн сэтгүүлч, нэг ажилтан амиа алдсан нь хэвлэл мэдээллийг үзэн ядах байдал ямар байгааг харуулж байна. Тухайн этгээд нь энэхүү үйлдлийг хийхээсээ өмнө тухайн сониныг үзэн ядаж, хонзогнодог тухайгаа хэд хэдэн удаа нийгмийн сүлжээгээр илэрхийлж байжээ.

Олон оронд сэтгүүлчдийн хувьд заналхийлэл, доромжлол, дайралт нь “ажлын байрны аюул, осол”-ын хэсэг болоод байна. Хиндү үндэсний үзлийг шүүмжлэгчид нь цахимаар дарамтлах кампанит аянаар “анти-Энэтхэг” хэмээн цоллуулж буй Энэтхэгт (2 байр ухарч 140-рт) гэхэд 2018 онд зургаан сэтгүүлч амиа алдаад байна. Бразилд (3 байр ухарч 105-рт) болсон сонгуулийн кампанит аянаас хойш хэвлэл мэдээллийн салбар нь Жаир Болсонаругийн дэмжигчдийн зүгээс ирэх цахим болон биет халдлагын бай болсоор байна.

2019 оны Индексээр бүсийн хэмжээний оноогоор хамгийн бага уналттай нь Африк байлаа. Гэхдээ бие даасан орнуудын эрэмбийн хувьд хамгийн огцом өөрчлөлт тэнд гарсан. Этиопын засгийн газар солигдсоны дараагаар саатуулагдаад байсан бүх сэтгүүлчдийг сулласнаар индексийн хэмжээнд итгэмээргүй үсрэлт хийн 40 байр урагшилсан юм. 

МОНГОЛ: Нэр төр гутаасан зарга ба өөрийн цензур

 

Монгол дахь нэр төрд халдсан гэх шалтгаанаар үүсгэсэн хэргүүдийн талаас илүү нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг байгаа нь тэднийг өөрийн цензур руу түлхэж байна.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдхан гүтгэлгийн хэрэгт ногдуулах ялыг хүндрүүлж буйг эсэргүүцсэн Монголын телевизийн сувгууд 2017 оны 4-р сарын 26-нд өөрсдийн эфирээ түр харлуулсан билээ. Засгийн газрын дуу хоолой болж байсан төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд үйлчлэх шилжилтийг хийсний үр дүнд Монголын хэвлэл мэдээллийн орчин ерөнхий байдлаараа сүүлийн жилүүдэд сайжирсан. Тухайлбал, 2019 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс нэг байр урагшилаж, 70 дугаарт бичигдэв. Гэвч манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөө "Мэдэгдэхүйц асуудалтай" байна.

Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил төвлөрч, улс төрийн оролцоо нэмэгдэж байгаа нь хараат бус хэвлэл мэдээлэл шинээр үүсэн бий болох нөхцөлийг хязгаарлаж байна. Олон нийтийн эсвэл хувийн эзэмшлийн аль аль нь улстөрчдийн дарамтад орж буйн зэрэгцээ Засгийн газрын ил тод бус байдал болон хэвлэл мэдээллийн дулимаг эрх зүйн орчин нь Засгийн газрыг шүүмжлэлд мэдрэг байлгахад өөгшүүлж, сэтгүүлчдийн хоточ нохойн үүргийг хязгаарласаар байна

Мэдээний “хар нүх” улам гүнзгийрэв

 

Индексийн хамгийн төгсгөлд мөнхөрч буй Хятад, Вьетнам улсын хувьд Ши Жиньпин, Нгуен Фу Чонг нарын хэрэгжүүлж буй эрх мэдлийн монополийн улмаас тус тус 177 болон 176-рт ухран бичигдэх болов. Хятадын төрийн тэргүүн 2018 оны гуравдугаар сард үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулснаар “бүх насаараа ерөнхийлөгч” байх замаа зассан бол Нгуен Фу Чонг нь Коммунист намаа тэргүүлэхийн зэргээ ерөнхийлөгчийн алба давхар хаших болсон юм. Энэ хоёр орны эрх барьж буй сэхээтнүүд нь төрийн өмчийн хэвлэл мэдээлэл дэх бүх яриа хэлэлцүүлгийг боомилж, өөр дуу хоолойтой иргэн-сэтгүүлчдийг хайр найргүйгээр нухчин дарсаар байна. Одоогоор Вьетнам улсад 30 орчим мэргэжлийн болон мэргэжлийн бус сэтгүүлчид хоригдож буй бол энэ тоо Хятадад бараг хоёр дахин өндөр байна.

Хятад улс Орвеллийн зохиолд дурдагддагтай адил өндөр технологийн мэдээллийн ажиглалт, арга заль дээр суурилсан ардчиллын эсрэг загвараа олон улсын хэмжээнд сурталчилж буй нь илүү их аюул дагуулж байна. Түүнчлэн нутаг дэвсгэрт нь ажиллаж буй гадаадын сурвалжлагчдад саад учруулсаар буй тус улсын хувьд өөрийн нөлөөллийн дор “дэлхийн хэвлэл мэдээллийн шинэ дэг журам”-аа байгуулахаар оролдсоор буйг RSF-ийн сүүлийн тайланд дурдсан билээ.

Эдгээр орны дээх нь бичигдсэн Лаосын хувьд  ч 2018 оны 7-р сард болсон далангийн нуралтыг сурвалжлахыг тас хорьсноор 1 байраар ухарч 171-рт бичигдэж байна. Ингэснээр дээр дурдсан орнууд нь Ким Чен Ун, Трамп нарын дээд хэмжээний уулзалтын ачаар нээлттэй мэт харагдаж, 179-р байр уруу ахиж чадсан Умард Солонгосын “дүү”-тэйгээ улам ойртлоо.

Үхлийн эрсдэлтэй сурвалжилга

Хэвлэл мэдээллийн орчин маш аюултайд тооцогддог Пакистанд үйл явдлын сурвалжлагчид үхлийн эрсдэлтэй өдөр бүр нүүр тулж байна. 2018 онд л гэхэд хамгийн цөөндөө 3 сэтгүүлч өөрийн бэлтгэсэн мэдээтэй холбоотойгоор амиа алдаад байна. Энэ асуудал Афганистанд (121-рт -3) үүнээс ч дор байгаа. Засгийн газар нь хүчин чармайлт гаргаж буй ч хэвлэл мэдээллийн 16 мэргэжилтэн ажил хэргийнхээ улмаас амиа алдсаны 9 нь хэвлэлийн салбарыг шууд онилсон дараалсан дэлбэрэлтийн бай боллоо. Энэ ч утгаараа Афганистанд сурвалжлагч байхын тулд маш их зориг шаардагдаж байна.

Хэдийгээр үүнээс арай дээр ч Бангладешт (150-рт) нөхцөл байдал санаа зовоох хэмжээнд байгаа. Учир нь эсэргүүцлийн жагсаал, сонгуулийн талаар мэдээ бэлтгэсэн сурвалжлагчид урьд хожид үзэгдээгүй хүчирхийллийн бай болж байна.

Сэтгүүлчдэд халдаж буй явдал ямар ч ял шийтгэлгүй үлдэж буй нь тэдний биед халдах байдлыг улам өөгшүүлдгийн тод жишээ бол Шри Ланк (126-рт) улс юм. Мөн Энэтхэгт л (140-рт, -2)  гэхэд 2018 онд 6 сэтгүүл ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алуулсан харамсалтай баримт байна. Эдгээр эмгэнэлт төгсгөлийг авчирч буй хүчирхийллүүдэд тагнуулын алба, зохион байгуулалттай гэмт бүлэглэл, улс төрийн идэвхтнүүд бүгд гар бие оролцож байна.

Кибер-дарамт ба хуурамч мэдээлэл

Энэтхэгийн сэтгүүлчид цахим орчинд ч халдлагын золиос болж байна. Ерөнхий сайд Нарендра Модигийн Хиндүгийн үндэсний үзлийг цахим орчинд шүүмжилсэн хэн ч “анти-Энэтхэг” хэмээн цоллогдон нийгмээс арчигдах ёстойд тооцогдож байна. Үүний үр дүнд бий болсон кибер-дарамтын кампанит аяны хүрээнд сэтгүүлчдийг алахаар заналхийлэхийн зэрэгцээ хүчингийн золиос болно хэмээн сүрдүүлсээр (троллын арми нь энэ мэтчилэн эмэгтэй сэтгүүлчдийг нэр цохон дарамталдаг) байна.

Үүнтэй адил үйл явдал Филиппинд ч тохиолдож эхлэв. Ерөнхийлөгч Родриго Дутертегийн засгийн газраас хараат бус хэвлэлийн эсрэг дайрахдаа зохицуулалттай кибер-халдлагыг хослуулж байна. Хамгийн тод жишээ нь яах аргагүй мэдээ, мэдээллийн вебсайт Rappler болон редактор Мариа Ресса нарыг нэрлэж болно. Тэрбээр засгийн газрын олон агентлагийн тус тусдаа найруулсан хэд хэдэн цуврал заргаас эхлээд олон дахин давтагдах цахим дарамтын бай болсон билээ.

Мьянмарт ч мөн нийгмийн сүлжээний хэрэглээ санаа зовоох хэмжээнд хүрлээ. Хуурамч мэдээлэл болон Рохингиячуудын эсрэг үзэн ядалтын үг хэллэг ямар ч зохицуулалтгүйгээр Фэйбүүкээр тархаж байгаа нь нөгөө талдаа Ан Сан Сү Чигийн засгийн газарт өгөөжөө өгч байна. Түүний хувьд Рохингиячуудыг хоморголон устгасан тухай эрэн сурвалжилсныхаа төлөө 7 жилийн хорих ял авсан Reuters-ийн сэтгүүлчид болох Уа Лөүн, Киау Сое О нарын 2018 оны 9-р сард тохиосон шүүх ажиллагааны үеэр ямар ч хариу үзүүлээгүй юм.

Усанд живсэн ардчиллууд

Хуурамч мэдээллийн давалгааны түрлэгээр бүсийн хэмжээнд ардчилал болоод хэвлэлийн эрх чөлөө дордсоор байна. Энэхүү хорт үзэл санааны тархалтыг эсэргүүцэхэд ардчилсан орнуудад улам бүр хэцүү болсоор байна. Энэ ч утгаараа тэдний олонх нь RSF индекст эзлэх эрэмбээ дээшлүүлж чадсангүй. Балба (106-рт), Самоа (22-рт) зэрэг орнууд нийгмийн сүлжээг зохицуулах нэрийн дор эрэн сурвалжлах сэтгүүл зүйд саад учруулахуйц дарангуй хууль баталлаа.

Түүнчлэн хэвлэлийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжихүйц бүтцийн шинэчлэл хийгдэхгүй байгаа нь Өмнөд Солонгос, Индонез зэрэг улсын ахицыг зогсоож байна. Монгол, Тайваньд хэвлэл мэдээллийн орчин хэтэрхий туйлширсан тул хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх нь улам хэцүү болсоор байна.

Аюулд орсон олон ургалч байдал

Эздийн шууд оролцоо, бизнесийн ашиг сонирхлоос шалтгаалж Япон (67-рт) болон Австралид (21-рт -2) хэвлэл мэдээллийн олон ургалч байдал агшиж байна. Шинэ Зеланд (7-рт +1) ижилхэн байдалтай нүүр тулж буй ч хэвлэл мэдээллийн эзэмшлийн хэт төвлөрлийг зогсоохуйц зохицуулагч байгууллагатай бөгөөд үүнийхээ ачаар нэг байраар урагшиллаа.
Дээрх санаа зовоосон дүр зургийн эсрэг талд зарим даруухан ялалтууд байгааг дурдах хэрэгтэй. 2018 оны сонгуулийн үеэр тэнцвэртэй байдлаа хангаж чадсанаар Фижи (5 байр ахиж 52-рт), Зүүн Тимор (11 байр ахиж 84-рт), Бутан (14 байр ахиж 80-рт) тус тус бичигдэж байна.

Хэдийгээр хэвлэл мэдээллийн салбар нь үүргээ биелүүлж чадсан ч ардчилал нь залуугаараа эдгээр улсад хөгжлийн явц үргэлжилсэн хэвээр байгаа билээ. Дээрх гурван улсад ахиц гарсан явдал нь сэтгүүлчид ямар нэгэн дарамт, цээрлэлээс ангид байж чөлөөтэй ажиллах нь ардчилсан нийгмийн хөгжилд ямар чухал үүрэгтэй гэдгийг харууллаа.


Дэлхийн 180 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг тогтоодог Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг Хил Хязгааргүй Сурвалжлагчид байгууллага 2002 оноос хойш жил бүр танилцуулж байна. Индексийн хэмжүүрт олон ургалч байдал, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, өөрийн цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг дэд бүтцийн чанар зэрэг багтана. Индексээр аливаа засгийн газрын бодлогод үнэлгээ хийдэггүй болно.

Дэлхийн болон бүсийн индикаторуудыг тооцоолоход орон бүрийн оноог суурь болгодог. Харин тухайн орны оноог дэлхийн дахинаа 20 орны хэл дээр бэлтгэгддэг асуулгад өгсөн мэргэжилтнүүдийн хариултыг чанарын дүн шинжилгээний дэмжлэгтэйгээр бодож гаргадаг. Аливаа хязгаарлалт, зөрчлүүдийг оноогоор тооцох бөгөөд оноо өсөх тусам нөхцөл байдал муудаж буйг илтгэнэ. Индексийн талаарх ойлголт өсөн нэмэгдэж буй нь үүнийг туйлын хэрэгтэй нөлөөллийн хэрэгсэл болгож байна.