Төсвөөс гадуурх мөнгөний урсгалыг хэн хянах вэ?
Ирэх онд Монгол Улс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа мөрдөж, алдагдлыг гааруулахгүй хэмээн УИХ, Засгаас газраас мэдэгдсэн. Гэвч манай улсын төсвийн урсгал зарлагын тэлэлт хэвээр байна.
Нэгдсэн төсвийн нийт зарлагыг өмнөх онтой харьцуулахад бууруулж төлөвлөсөн ч урсгал зарлагын хэмжээг өсөхөөр төсөвлөсөн нь төсвийн урсгал тэлэлт хэвээр байгааг харуулж байна гэж Нээлттэй нийгэм форумын судлаачид үзжээ.
Ингэхдээ нийгмийн халамжийн зардлыг өсөхөөр төлөвлөсөн. Тухайлбал, оюутны тэтгэлэгт зориулж 100 орчим тэрбум төгрөг, нийгмийн халамжид 500 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн нь халамжийн зардлыг үргэлжлүүлэн өсгөж байгаа аж.
Төсөвт зарим салбарын хөрөнгийн зарлагыг 20 хувиар буюу 500 тэрбум төгрөгөөр багасгасан байна. Зам, тээвэр, барилгын салбарт төсвийн санхүүжилтийг өмнөх онтой харьцуулахад хамгийн их хэмжээгээр бууруулжээ.
Тухайлбал, зам тээврийн салбарын хөрөнгийн зардлыг 70, барилгын салбарынхыг 50 гаруй хувиар тус тус бууруулсан байна. Гэвч бусад эх үүсвэрээс хэрхэн санхүүжүүлэх талаар тодорхой тусгагдаагүй байгаа юм.
“Улсын төсвийн хөрөнгө оруулалтын болон төслийн зээлээр санхүүжих төсөвт ажлуудыг огцом бууруулсан гол шалтгаан нь төсвийн гадуурхи бондын санхүүжилт хэвээр үргэлжлэхтэй холбоотой гэж үзэж байна” хэмээн дээрх тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл төсвийн гадуурх Засгийн газрын үйл ажиллагаа улам идэвхжих хандлагатай байгаа аж.
Зарлагаас гадна орлогод ч анхаарах шаардлагатайг дээрх судалгаанд тусгажээ. Төсвийн орлого тасалдах эрсдэл байсаар байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг харьцангуй бодитойгоор тооцсон боловч тоо хэмжээг хэт өөдрөгөөр төсөөлсөн нь төсвийн орлогод ихээхэн эрсдэл учруулах магадлалтай байна.
Учир нь 2014 онд 31.4 сая тонн коксжих нүүрсийг экспортлож 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь уул уурхайн салбарын татварын орлогын 41 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлэхээр тооцжээ.
Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 18 сая тонн коксжих нүүрсийг экспортлохоор байгаа юм. Үүнтэй харьцуулбал ирэх онд экспортын хэмжээг даруй 80 орчим хувиар өсгөж төлөвлөсөн нь хэт өөдрөг төсөөлөл хэмээн Нээлттэй нийгэм форумаас дүгнэж байгаа юм. Урд хөрш маань ирэх онд 75 сая тонн коксжих нүүрс импортлохоор тооцоолж байгаа аж.
Тэгвэл үүний 40 гаруй хувийг Монгол Улс дангаар нийлүүлэх зорилт тавьсан нь биелэх магадлал багатай гэж дээрх судалгаанд өгүүлжээ. Үүнд тулгамдаж буй хамгийн том бэрхшээл бол Хятадын Засгийн газраас хүнд үйлдвэрлэлээ цаашид хэт нэмэхгүй байх бодлого барьж байгаа нь манай улсын нүүрсний экспортыг дэмжсэн бодлого болох нь дамжиггүй.
“Төсвийн орлогын бүрдүүлэлтийн бараг 10 хувийг хэт өөдрөг TOO хэмжээгээр төсөөлсөн нэг бүтээгдэхүүнээс хамааралтай төлөвлөсөн нь төсвийн орлогод учрах эрсдлийг нэмэгдүүлж байгаа аж.
Жишээлбэл, коксжих нүүрсний экспорт таван сая тонноор буурсан тохиолдолд төсөвт төвлөрүүлэх татварын орлого 100 тэрбум төгрөгөөр тасрах эрсдэлтэй байна” гэж дээрх судалгаанд дүгнэжээ.
Зөвхөн Нээлттэй нийгэм форум ч бус Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн талаарх улирлын тоймоо зарлаад байгаа. Тус тайланд дурдсанаар “Төсвөөс гадуурхи зарлага нэмэгдэж байгаа нь санаа зовних асуудал хэвээрээ байна.
Чингис бондын орлогын томоохон хэсэг нь төсвөөс гадуурхи улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг, голчлон Хөгжлийн банкаар дамжуулан хийж байна” хэмээн онцолжээ. Түүнчлэн төсвийн бодлогыг цаашид үргэлжлүүлэн чангалж, төсвийн орон зайг дахин бүрдүүлж эхлэх, төсвийн бодлого “сайн зарцуулахад” чиглэгдэх ёстой гэдгийг чухалчилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

