Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр батлагдсан 13 тохиолдол нь ОХУ-аас ирсэн 17 дахь тохиолдлын ойрын хавьтлын хүмүүс"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шинээр илэрсэн 13 тохиолдлын ойрын хавьтлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа:ОХУ-аас ирсэн 282 хүн бол Москвагаас Улаан-Үдэ рүү нислэгээр эсвэл Эрхүүгээс Улаан-Үдэ рүү автобусаар очиж, хилээр нэвтэрсэн. Москва хотоос Улаан-Үдэ рүү ирсэн зорчигчдыг бид Амар зочид буудалд тусгаарласан.

Өчигдрийн хувьд ОХУ-аас ирсэн 20 хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарласан байснаас нэгд нь COVID-19 халдвар батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнээс шинжилгээ авахад 13-аас нь коронавирус илэрлээ.

Өөрөөр хэлбэл, сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Москва хотод сурч байсан хүмүүс учраас бид тэндээс ирсэн 31 оюутныг ойрын хавьтал гэж үзэж шинжилгээ авсан гэсэн үг.

Харин энэ 13 хүн нь өөрсдөө ойрын хавьтал бөгөөд дээрх 31 хүн дотор орсон гэсэн үг. Цаашид бид тэдэнд шинжилгээгээ үргэлжлүүлэн хийнэ.

-Тухайн батлагдсан тохиолдлуудаас  шинж тэмдэг илэрсэн үү. Биеийн байдал ямар байгаа бол?

А.Амбасэлмаа: -Тэдний биеийн байдал харьцангуй гайгүй байна. Сүүлийн тохиолдлуудын зарим нь шинж тэмдэггүй байгаа бол дөрвөн хүүхдэд нь 2-3 шинж тэмдэг илэрсэн.

Энэ нь халдварыг нууц үеийн төгсгөлд илрүүлж, өвчин хүндэрч, уушгины хатгаа болохоос нь өмнө аварч чадсан гэсэн үг.

-Шинээр илэрсэн 13 тохиолдол хэдэн настай хүмүүс байгаа вэ?

А.Амбасэлмаа: -Сүүлд нэмэгдсэн 13 тохиолдол нь 19-23 насны оюутнууд байна.

-Дархан-Уул аймагт нэг нь байгаа гэж хэлсэн. Энэ нт ОХУ-ын аль хотоос нь ирсэн иргэн юм бэ?

А.Амбасэлмаа: -Дархан-Уул аймагт байгаа тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Тухайн сургуульд мөн өвчлөл бүртгэгдсэн байна.

-Өвчтөнүүдийг эмчлэх хүний нөөцийн хувьд хангалттай байгаа юу?

А.Амбасэлмаа: -Одоогоор манай ХӨСҮТ-ийн эмч нар эмчлэх бүрэн чадамжтай.

Халдвартын бэлтгэгдсэн клиникийн хоёр том байшинд тусгаарлалт, ажиглалт болон батлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг хянаж, эмчилж буй эмч нар байгаа. Манай эмч нар ээлжээр ажиллахад бэлэн бөгөөд зохицуулалт хийнэ.

-Дархан-Уул аймагт ОХУ-аас ирсэн хүмүүсээс хэчнээн нь тусгаарлагдсан юм бэ?

А.Амбасэлмаа: -ОХУ-аас эдгээр тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 111 хүн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бөгөөд мөн ялгаагүй нэг, нэгээр нь тусгаарласан.

-Манай улсад халдвар тархах эрсдэл ямар хэмжээнд байгаа бол?

А.Амбасэлмаа: -Монгол Улс эрсдлийн үнэлгээг нийт зургаан удаа хийсэн. Бид өнөөдөр дахин эрсдлийн үнэлгээ хийнэ. 

Өмнө нь Монгол Улсад халдвар орж ирэх магадлал маш өндөр байсан бол өвчлөл бүртгэгдсэнээс хойш одоо ч халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа.

Тиймээс хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагах нь чухал.

Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгдээрээ гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч энэ халдварын голомт дэлхий дахинаа идэвхтэй хэвээр байна. 

-Манай улсад уушги орлуулах аппарат хангалттай байгаа юу?

Д.Нарангэрэл: -COVID-19 халдварын клиникийн шинж тэмдгийн нэг бол уушгины хатгаа өвчин болж буй. ДЭМБ-аас клиникийн эмнэл зүйн удирдамжаа нийт долоон удаа шинэчилсэн.

Үүний дагуу манай клиникийн зөвлөх баг ажиллаж, бүх шаардлагатай тоног төхөөрөмжийн тооцоо судалгааг гаргаж, шинээр 456 ширхэг уушгины аппаратыг авч, нөөцөд хадгалсан. 

Тиймээс одоогоор уушгины амьсгал дэмжих аппарат улсын хэмжээнд хангалттай гэж үзэж байна. 

Гэхдээ өвчлөл хүн амын дунд тархвал тоног төхөөрөмжийн болон бусад зүйлийн дутагдалд орж болзошгүй. Аль болох л бид бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

-COVID-19-ийн шниж тэмдэг илэрсэн хүмүүсийг хилээр нэвтрүүлсэн юм уу?

Д.Нарангэрэл: Манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол хилээр орж ирэх үед нь ямар нэг клиникийн шинж тэмдэг, зовуурь байгаагүй.

Зарим нь халуурсан, хоолой нь өвдсөн л байсан болохоос биш коронавирусийн батлагдсан тохиолдол байгаагүй. 

ХӨСҮТ тэр бүх хүмүүст тандалт судалгаа хийж, тусгаарласны дараа коронавирусийн халдвар авсан нь лабораториор батлагдсан.

Өөрөөр хэлбэл, шинж тэмдгүүд нь илэрсэн болоод COVID-19 халдвар авсан нь батлагдсан тохиолдлыг Монгол Улс  зөөвөрлөн оруулж ирээгүй.

-ОХУ-аас ирсэн хүмүүст хилээр нэвтрэхээс нь өмнө лабораторийн шинжилгээ хийгээгүй хэрэг үү?

Д.Нарангэрэл: -Бид гаднаас иргэдээ зөөвөрлөн авчрахдаа:

  • Хилээр орж ирэхээс нь өмнө бүх хүнд шинжилгээ хийж хариу нь сөрөг гарсан байх, 
  • Ирсэн даруйд нь хүн бүрийг нэг, нэгээр нь тусгаарлах гэсэн хоёр шаардлага тавьж байгаа. БНСУ-аас ирсэн хүмүүсийн ихэнх нь энэ шаардлагыг биелүүлсэн.

Харин ОХУ-аас ирсэн хүмүүс халдвар аль хэдийн тархчихсан Эрхүү, Улаан-Үдэ зэрэг олон хотоор дамжиж ирсэн учраас шаардлагыг биелүүлж чадаагүй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.