Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа.ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-ОХУ-аас орж ирсэн иргэдийг хаана, хаана тусгаарласан бэ?
А.Амбасэлмаа: -ОХУ-аас нийт 282 хүн хилээр орж ирснээс 111 нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бол Улаанбаатарт 169 хүн ирсэн. Улаанбаатарт орж ирсэн хүмүүсээс 149-г нь ажиглах гурван байранд тусгаарласан бол 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
ХӨСҮТ- тусгаарласан 20 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байгаа бөгөөд тэдгээрээс нэг нь одоогоор коронавирусийн халдвар авсан нь батлагдаад байна.
Бид эдгээр хүмүүст тандалт судалгаа хийж байна. Мөн тэдэнтэй хамт хойд хилээр орж ирсэн бүх хүнийг нэг, нэгээр нь тусгаарласан байгаа учраас бидний ажиглалт, тандалтад байгаа. Энэ нь бүх хавьтлуудыг хяналтдаа авсан гэсэн үг.
Бид нийт 149 хүнээс шинжилгээ авсан. Маргааш гэхэд хариу нь гарна.
-ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа франц иргэний биеийн байдал ямар байгаа бол?
А.Амбасэлмаа: -Франц улсын иргэний биеийн байдал сайн байгаа. Гэхдээ бид тухайн вирус ялгараагүй болсон цагт нь эмнэлгээс гаргана.
Тодруулбал, бид өвчтөнүүдээс гурван өдөр дараалсан, таван төрлийн шинжилгээгээр коронавирус илрээгүй бол эмнэлгээс гаргана гэсэн үг. Шинжилгээ тандалтад хяналтад байна.
-ОХУ-д халдвар авсан хоёр хүн байгаа. Тэр хоёр хүн дээрх хүмүүстэй хамт орж ирсэн үү?
Д.Нарангэрэл: -ОХУ-д халдвар авсан хоёр иргэнийг авчраагүй. Хэрвээ Улсын онцгой комиссоос авчрах шийдвэр гаргавал Эрүүл мэндийн яам халдвар хамгааллын дэглэмийг нь сайн сахиулан авчрах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч байна.
Хүний газар өвчтэй байгаа иргэнээ орхих нь манай улсын Үндсэн хуульд нийцэхгүй.
Хэрвээ тухайн хоёр иргэнийг авчрахаар бол бусдад халдвар тараахгүйгээр, халдвар хамгааллын бүх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагыг тавьж байгаа.
-Дэлхийн бусад улс, орнууд гадаадад халдвар авчирсан иргэнээ тээвэрлэн эх оронд нь аваачсан тохиолдол бий болов уу?
Б.Янжмаа: -Халдвар авсан нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан тохиолдлуудыг эрүүл хүмүүстэй хамт тээвэрлэн авчрах нь халдвар хамгааллын дэглэмийг зөрчих учраас олон улсын дүрэмд хориглодог.
Тиймээс ч халдвартай иргэдийг аль улсын нутаг дэвсгэрт байгаагаас үл хамааран тэнд нь эмчлүүлж эдгэрсний дараа зөөвөрлөдөг. Ийм тохиолдлууд өнгөрсөн хугацаанд маш олон улсад гарсан.
Тухайлбал, Япон улсын Diamond Princess усан онгоцонд 50 гаруй өөр улсын иргэншил бүхий хүмүүс байсан ч тэдгээр улс, орнууд өөрийн иргэдээ Япон улсын эмнэлгүүдэд эмчлүүлэн халдваргүй болсных нь дараа тээвэрлэсэн гэдгийг онцлох ёстой.
Өөрөөр хэлбэл улс, орнууд халдвар авсан өөрийн иргэдээ тус улсад эмчлэгдээд, шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд татаж авч байсан.
Харин тусгаарлан тээвэрлэж, зөөсөн ганц л тохиолдол байгаа нь АНУ уг хүлэг онгоц дээр халдварын тохиолдол улам нэмэгдэж байсан учраас бүх халдвартай иргэнээ цэргийн нэгдсэн онгоцоор тээвэрлэн өөрийн улсад карантилж эмчилсэн байдаг.
-Автомашиныг улсын дугаар нь тэгш, сондгойгоор явуулах асуудал яригдаж байна. Үүнд Эрүүл мэндийн яам ямар байр суурьтай байгаа вэ?
Д.Нарангэрэл: -Автомашиныг тэгш, сондгой дугаараар нь явуулах асуудлыг мэргэжлийн байгууллагын хувьд бид дэмжихгүй байгаа.
Учир нь хүмүүсийг хоорондоо дөрвөн метрийн зайнаас харьцахыг ДЭМБ-аас зөвлөж байна. Тийм байхад тэгш, сондгой дугаараар нь явуулах шийдвэр гаргавал нийтийн тээврийн хэрэгсэлд иргэдийн бөөгнөрөл үүснэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!