"Өчигдөр шинэ коронавирусийн 13 тохиолдол илэрч, Монгол Улсад батлагдсан 30 тохиолдол бүртгэгдлээ"
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс энэ үеэр ойрын үед тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг зарлалаа.
Халдвар илэрсэн хүмүүс нь ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 19-23 насны оюутнууд
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 4 дүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд таван хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна.
Өмнө нь ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан хоёр хүн 14 хоног тусгаарлалтад байж байгаад өрхийн эмчийн хяналт буюу өөрийнхөө гэрт тусгаарлагдахаар шилжсэн. Тусгаарлагдсан хугацаанд хэд хэдэн удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Бид цаашид гэртээ байх хугацаанд нь шинжилгээ авч, хянана.
Өчигдөр ХӨСҮТ-д 502 хүний шинжилгээ хийгдсэн.
- Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.
- Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 19 хүний хариу мөн сөрөг гарсан.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүн, ОХУ-аас ирж тусгаарлагдсан 149 хүн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44 хүн уг шинжилгээнд хамрагдсан.
Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Ингэснээр нийт 25 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдвар илэрсэн хүмүүс нь ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 19-23 насны оюутнууд" гэв.
Ингэснээр Монгол Улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 30 болов. Үүнээс эдгэсэн таван тохиолдол байна.
Өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 17 тохиолдол:
- 2020.0310: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлж байв.
- 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
- 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
- 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
- 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
- 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. Алтанбулагийн боомтоор ОХУ-аас ирсэн иргэдээс сэжигтэй 20 тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
