Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Монгол Улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.08/ ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 7-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс коронавирус илрээгүй.

Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээ болон Истанбул-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирж, хянагдаж буй 192 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор хийж буй 25 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ.

Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна.

Харин хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Уг иргэнийг шууд ганцааранг нь тусгаарласан байсан. Ингэснээр манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдэж байна. 

Коронавирус илэрсэн хүний анхны шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-нд сөрөг гарч байсан бол 2020 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Тиймээс хяналтад байгаа хоногууд маш чухал юм. Хяналт, тусгаарлалт, ажиглалтад байгаа хүмүүс өөрийгөө тусгаарлаж, тэвчээртэй байж онцгой нөхцөлд энэ аюулыг хамтарч давах нь зүйтэй гэдгийг энэ жишээ харуулж байна. Тусгаарлалтын хугацааг 21 хоног болгож сунгасан нь ийм учиртай.

Нэг сайн мэдээ нь "Авиган" гээд коронавируст зориулан үйлдвэрлэсэн эмийг ЭМЯ Япон улсаас захиалж авчраад ХӨСҮТ-д эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Японд үйлдвэрлэсэн энэ эмийг хурдан авсан. Ингэснээр коронавирусийн эсрэг дэлхий нийтэд хэрэглэж байгаа хамгийн сүүлийн үеийн эмийг Монгол Улс хэрэглэж байгаа гэдгийг хэлье" гэсэн мэдээллийг өглөө.

Өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 15 тохиолдол:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдварт өвчний 16 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарсан юм. Одоо батлагдсан тохиолдлын 12 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.