Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Тандалтаар 23 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалт гэдэг нь улсын хэмжээнд уушгины хатгаагаар эмчлүүлж буй хүмүүсээс шинжилгээ авсан юм.

Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 221 хүн хяналт, тандалтад байна" гэв.

Үргэлжлүүлэн "Энэ хоёр тохиолдол нь гуравдугаар сарын 28-ны өдөр БНСУ-аас өөрийн иргэдээ авахаар Монголд ирсэн тусгай үүргийн онгоцонд зорчиж ирсэн. Ойрын хавьтал болох 10 хүнийг нь тусгаарлан тандалт шинжилгээ хийж, эмчийн хяналт тавьж байна.

Тухайн онгоцоор Туркийн Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Монгол Улсын хууль, тогтоомжид заасны дагуу Элчин сайдын яамны ажилтны ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх эрхтэй.

Ирэхэд нь тусгаарласан. Үйлчилсэн хүмүүст ч зөвлөгөө өгч, тусгаарлаж байсан. Тусгаарласнаас хойш гурав хоногийн дараа шинжилгээ авсан бөгөөд тэдэнд шинж тэмдэг илрээгүй ч лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тохиолдлыг хяналтын шинжилгээгээр илрүүлсэн.

Бид үргэлжлүүлэн эмчилгээ, хяналт хийнэ.

Тусгаарлалтад байх дүрмийн дагуу байсан учраас хяналтад байгаа гэж ойлгож болно" гэсэн мэдээллийг өглөө.

Монгол Улсад коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдэж байна. Өмнө нь илэрсэн 12 тохиолдлын хоёр нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ.



Өмнө нь бүртгэгдсэн COVID-19-ийн 12 тохиолдол:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.