Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавирусийн халдвар аван эмчлүүлж буй хүмүүсээс эдгэрсэн хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар боллоо"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

"Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон. Сайн мэдээ. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд, гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн үргэлжлэн 14 хоног өөрсдийгөө тусгаарлаж хянагдана.

Анхны батлагдсан тохиолдлын хавьтал болох 59 хүнд 2020 оны гуравдугаар сарын 29-нд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д 16, Сэлэнгэд аймагт тусгаарлагдаж байгаа 10 хүн нийт 26 хүнд давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй

3 дугаар сарын 29-нд ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн ажиглалт, тусгаарлалтад хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр коронавирусийн батлагдсан тохиолдлын 10 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд нийт 12 тохиолдол бүртгэгдээд байсан юм.

Монгол Улсад бүртгэгдсэн COVID 19-ийн 12 тохиолдол:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
  • Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020. 03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад коронавирусийн 12 дахь тохиолдол бүртгэгдэж байна.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.