Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлаж байна.
Тэрбээр "Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 221 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ.
Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдлээ.
Өмнө нь бүртгэгдсэн COVID 19-ийн 10 тохиолдол:
- Гуравдугаар сарын 10-нд Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
- Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
- Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг гуравдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ээс мэдээлэв.
- Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг 2020 оны гуравдугаар сарын 21-нд мэдээлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
