Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баяраа: УБТЗ ХНН-ийн ажилтнууд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй нь шударга бус

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос төмөр замчдын хөдөлмөрлөх эрхийн хамгаалал зөрчигдөж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дэлхий нийтэд тархсан COVID-19 өвчин олон гай гамшгийг дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эдийн засгийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулж, хөнгөлөлт чөлөөлөлтөд хэрхэн хамруулах талаар хэлсэн. 

Улаанбаатар төмөр зам ХНН нийт 16 мянга орчим ажилтантай ба 2019 онд нийт ХАОАТ-т 26.9 тэрбум төгрөг төлсөн. Ажил олгогчийн төлсөн НДШ нь 46.2 тэрбум төгрөг, ажилчдын өөрөө төлсөн НДШ нь нийт 36.7 тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд нийт 109.7 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг төлсөн. Гэтэл энэ их татвар шимтгэл төлдөг байгууллага өнөөдөр төрийн оролцоотой гэдэг шалтгаанаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байх нь шударга бус юм. Үүргээ биелүүлдэг, ажлын хүндийг үүрдэг хамт олонд төр өгөөжөө өгөхийг хүсэж байна.

Иймээс Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дараах шаардлага хүргүүлж буйгаа Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Б.Баяраа мэдээллийн эхэнд онцоллоо.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олон жилд 40 гаруй тэрбумын алдагдлыг өөрсдөө үүрдэг аж. Тус алдагдал дээр нэмж коронавирусээс шалтгаалж одоогийн байдлаар 20 гаруй тэрбумын алдагдал хүлээж байгаа төдийгүй ажлын байраа хадгалахын тулд бүх хүчээ дайчилж буйгаа мөн хэлэв. 

Ажлын байрны дарамтыг арилгах, ажлын байрандаа айдасгүй дарамтгүй ажил хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн төлөө хатуу тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна

 
гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр үргэлжлүүлэн “Бид шаардлагыг хүлээж авахгүй бол шат дараалсан тэмцлийн арга хэмжээг авч, төмөр замчдаа төрдөө ялгаварлагдан гадуурхуулахгүй байхын төлөө Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо тэмцлээ зогсоохгүй болохоо үүгээр мэдэгдэж байна.

Дараагийн нэг зүйл нь сүүлийн жилүүдэд төмөр замд ажлын байрны дарамт, хөдөлмөрлөх эрхийн зөрчил өсөж, гишүүдийн гомдол, санал ихээр гарах болсон. Бид эерэг хандлага, шударга ёс, хамтын түншлэлийн зарчмаа баримтлан холбогдох этгээдүүдэд удаа дараа анхааруулга хүргүүлж, түншлэлийн боломжит бүх л арга хэлбэрийг авсаар ирлээ. Гэвч бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулж, гүтгэх, нууцаар бичлэг хийж цацах, тагнах чагнах, дарамт үзүүлэх, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төрийг гутаах зэрэг зохион байгуулалттай үйл ажиллагааг их явуулж байна.

Иймээс Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо ажлын байрны дарамтыг арилгах, ажилтан хүн ажлын байрандаа айдасгүй дарамтгүй ажил хөдөлмөр эрхлэх эрхийг баталгаатай эдлүүлэхийн төлөө хатуу тэмцэхээ үүгээр мэдэгдэж байна” гэв.