ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улс төрийн тоглолтоос хол, амьдралтай төсөв болсон гэв

Б.Аззаяа, Өдрийн шуудан
2013 оны 12 сарын 2
Өдрийн шуудан
Зураг зураг

Энэ жилийн хувьд нийслэлчүүдээс саналыг авсан, иргэдийн оролцоотой төсөв хийсэн гэдгээрээ онцлог. Иргэдийн зүгээс хамгийн түрүүнд 157 хороонд цэцэрлэг барих хэрэгтэй байгаагаа уламжилсан байна.

Ирэх жил нийслэлд 36 сургууль, 37 цэцэрлэг барьж байгуулна. Мөн цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолборыг барих ажлыг эхлүүлэх аж.

Мөн гэрэлтүүлэг, зам тавиулмаар байгаагаа ч дуулгажээ. Тийм ч учраас ирэх жилийн төсвийн 40 орчим хувийг нийгэм рүү чиглэсэн ажилд зарцуулахаар батлав. Үүний дийлэх нь сургууль, цэцэрлэг барихад зарцуулагдах юм.

Өөрөөр хэлбэл, ирэх жил нийслэлд 36 сургууль, 37 цэцэрлэг барьж байгуулна. Мөн цэцэрлэг, бага сургуулийн 17 цогцолборыг барих ажлыг эхлүүлэх аж.

Өөр нэг авууштай зүйл нь нийслэл анх удаа бичил бизнес эрхлэгчдийг дэмжихээр төсөвтөө багагүй хэдэн төгрөг суулгав.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатарчуудыгаа ажилтай орлоготой болгоход 15.2 тэрбумыг зарцуулах юм байна. Энэ ажил 152 хороонд хэрэгжих бөгөөд дунджаар нэг хороонд 100 орчим сая төгрөг ноогдох юм билээ.

Гэхдээ мэдээж хэн дуртайд нь энэ мөнгө очихгүй. 100 сая төгрөгийг хэнд олгохоо хороогоороо ярьж байж шийдэх юм гэсэн. Мөн иргэдээ орон сууцтай болгоход ч 15 тэрбумыг хаях гэнэ. Ингэхдээ Улаанбаатар орон сууц санг бий болгож байгаа бөгөөд иргэдэд гэхээсээ илүү барилгын компанийнханд хуваарилах юм байна. Үүний зэрэгцээ нийслэл ирэх жил “Хөгжлийн бонд” гаргахаар төлөвлөж байгаа.

Одоогоор бонд гаргах бэлтгэл ажлыг хангаж. ямар төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой эсэхийг судалж буй аж. Энэ бонд нь баталгаатай, баталгаагүй гэсэн хоёр төрөл байх бөгөөд Засгийн газар бонд гаргах эсэх шийдвэрийг эцэслэн гаргах учиртай. Гэхдээ НИТХ-ын төлөөлөгчдийн заримынх нь зүгээс бонд гаргах асуудалд тийм ч таатай хандахгүй байгаа бололтой.

Зарим нь “Бонд гэдэг өр учраас дэмий зүйлд зарцуулж болохгүй. Буцааж ашгаа өгөх зүйлд л зарцуулах ёстой. Тиймээс бондын мөнгийг зам, талбай болгож болохгүй” хэмээж байсан юм.

Гэхдээ хотын удирдлагуудын зүгээс “Бонд гаргах ажлыг Засгийн газраас дэмжүүлэх тал дээр анхаарна” гэдгээ дуулгаж буй. Учир нь төсөв танагдаж, хөрөнгө оруулалт багассан энэ үед бонд гаргаж мөнгө босгох нь хамгийн зөв арга болоод байгаа аж.

Учир нь манай улсын эдийн засаг тун ч хүндхэн байгаа. Тиймээс Ерөнхийлөгч хотын удирдлагуудад “Тэвчиж болох зардлаа танаж, аль болох гаднаас хөрөнгө оруулалт хай” гэдгийг зөвлөсөн.

Тиймдээ ч нийслэл урсгал зардлаасаа 11.8 тэрбумын хассан байна. Мөн ЗДТГ-ын мэдлийн 56 орон тоог цомхотгожээ. Ингэснээр 359.6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа аж. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн шугам сүлжээ, автозамын өргөтгөл барих ажлаас 1.4 тэрбум, хотын гол болон туслах замуудын засвараас нэг тэрбум, Улиастай голын үерийн аманд хамгаалалтын барилга байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлаас 1.8 тэрбум төгрөгийг хассан байна. Гэхдээ “2008 онд 27 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байсан үеийг бодвол илүү боломжтой, олон ч бүтээн байгуулалтыг хийх боломж харагдаж байгаа”-г НИТХ-ын төлөөлөгчид хэлж байгаа.

Учир нь ирэх жил 556.9 тэрбум төгрөгийн орлого олохоор тооцсон. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулбал 108 тэрбумаар нэмэгдэж байгаа гэсэн үг. Мөн Орон нутгийн хөгжлийн санд 48.7 тэрбум төгрөг хуваарилагдаж ирсэн. Үүний 19 тэрбум нь хотын мэдлийнх бӨГӨӨД үлдсэн нь дүүргүүдэд очно. Мөн дүүргүүдэд 33 тэрбум төгрөг нэмж хуваарилсан байна. Үүнийгээ төсөв хийгчид “Дүүргүүдийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх” хэмээн тайлбарлаж байгаа.

Дээрээс нь гадны хөрөнгө оруулалтын мөнгө ч орж ирнэ. Харин зардлын хувьд нийслэлийн төсвөөс 283.4 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулж, 210.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Мөн улсад 44 тэрбум төвлөрүүлэх учиртай юм.

Тэгвэл хотын удирдлагууд нийслэлийи 2014 оны төсвийг “Нэлээд чамбай, орлогын эх үүсвэрийг шавхсан, зардлыг боломжтой хэмжээнд тэвчсэн төсөв” хэмээн тодотгож байна. Харин НИТХ-ын дахь МАН-ын бүлгийн гишүүн С.Амарсайхан “Чамбай төсөв байгаасай гэж хүсч байгаа. Гэхдээ чамбай нэртэй задгай төсөв болж байна уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй юм.

Ер бол нийслэлд хийх шаардлагатай байгаа ажлууд боломжийн туссан гэж бодож байна. МАН-ын бүлгийн зүгээс шаардлагагүй, үр ашиггүй зардлыг танах тал дээр нэлээд анхаарсан. Нэн тэрүүнд иргэдэд тулгамдаж байгаа ус, цахилгаан, дулаан, сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх учиртай.

Энэ бүхнийг шийдвэрлэхгүйгээр сайхан мөрөөдөл ярьж болохгүй” гэдгийг хэлсэн. Харин зарим төлөөлөгч “Улс төрийн тоглолтоос хол, амьдралтай төсөв боллоо” хэмээн дүгнэж буй юм.

Зураг