Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Сүрэнханд: Гахайн ханиад дэгдэх үед хамгийн эрсдэлтэй хүмүүс нь жирэмсэн эмэгтэйчүүд байсан

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2020 оны 3 сарын 16
Өдрийн сонин
 

-SARS-ын тархах хурд удаан байсан нь бидэнд итгэл найдварыг өгч байсан. Тэр нь ч нийгмийг их цочролоос гаргасан –

ХӨСҮТ-ийн тэргүүн дэд захирал асан, ЭМЯ-ны халдварт өвчин, эпидемиологийн ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны магистр, халдвар судлаач Г.Сүрэнхандтай ярилцлаа.

- Дэлхий нийтээр цар тахал гэж зарлаад байгаа шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад ороод ирчихлээ. Ер нь манай улсын нөхцөл байдал ямар байна вэ?

- Өнөөдрийн нөхцөл байдлаар бол анхны тохиолдол гуравдугаар сарын 10-ны үүрээр оношлогдсон.

Энэ тохиолдол нь Франц улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн Монгол Улсад гарсан анхны тохиолдол. Тухайн хүнийг тандах үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Франц иргэнтэй ойрын хавьтлын 170 гаруй хүний нэрс гарч ирсэн. Эмч нарын хувьд ойрын хавьтлыг яаж тогтоох вэ гэдэг ажил цагдаагаар бол мөрдөгч гэсэн үг.

Тэр хүнтэй хамгийн анх хэн уулзсан, хаана байрласан, байрлаж байгаа газар дээр нь хүн ирж уулзсан уу, тэр битгий хэл зочид буудлын үйлчлэгчдээс ойр дотно үйлчилсэн хүн байна уу, хоол цайгаа яаж авч идэж ууж байв.

Тэр үед ямар хүмүүс уулзсан, тогтмол үйлчлэгчид байсан уу, солигдож ирсэн үү, хэд хоносон гээд зөвхөн буудал дээр гэхэд л ийм ергөн асуудлууд гарч ирж байгаа юм.

Түүнээс хойш өөрийнхөө ажлын газрын хүнтэй уулзсан гэдэг өгүүлэмж өгсөн байгаа. Түүнийх нь дагуу тэр хүмүүс ямар хүмүүс байв, энд тэнд хоол унд идсэн үү, зүгээр уулзсан уу гэх мэтээр тандалт үргэлжилсээр энэ хүнтэй хамааралтай байж болох 170 гаруй хүнийг тогтоож 14 хоног хяналтад байлгаж байна.

Тэдгээр хүмүүс бүгд шинжилгээ өгсөн.

Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа хамгийн чухал ажил бол олон нийтэд зориулсан мэдээллийг тасралтгүй өгч байгаа явдал.

Шинэ коронавирусийг цар тахал болсныг ДЭМБ мэдээлсэн.

Зөвхөн хэдэн улс орноор хязгаарлахгүй, бүх тивд энэ өвчин тархжээ гэж үзсэн тохиолдолд ингэж зарладаг. Манайх энэ нөхцөлд онцгой байдал тогтоогоод байна.

Эхлээд Хятадад гарч байхад хил залгаа улс орон учраас эрсдэл маш өндөр байсан.

Нийт зорчигч, аялагчдын тал хувь нь урдаас орж ирдэг гэ^эг тоон мэдээ тэр үед гарсан байсан. Тиймээс үүн рүү чиглэсэн үйл ажиллагааг шуурхай авч хэрэгжүүлж байгаа.

Яамнаас шаардлагатай журам, зааврыг маш шуурхай боловсруулж байгаа. Үүний дагуу эмнэлгүүд бэлэн байдлаа хангаж, олон нийтэд тархаахгүйн тулд хорих арга хэмжээг амжилттай сайн хэрэгжүүлж байгаа учраас өнөөдрийн хувьд нэг тохиолдол бүртгэгдсэн байдалтай байна.

Олон нийт амны хаалт зүүх, гарын ариутгалыг сайн хийх талаар нэлээд мэдлэгтэй болж байна. Энэ бол маш чухал ач холбогдолтой. Түүнээс гадна ийм нөхцөл байдалд бөөгнөрлийг сааруулах арга их чухал байдаг. Манай улсын хувьд энэ арга хэмжээг ч сайн авч байна.

Бидний гол зорилго бол хэрэв өвчин орж ирсэн нөхцөлд эмнэлгийн ажилтнууд өвдөхгүй байх, хоёрт, нас баралтгүй байх л хамгийн чухал. Өчигдөр (2020.03.13) Хятадын Хэбэй мужийн Ухань хотод өвчний голомтод ямар арга хэмжээг яаж зохион байгуулсан талаар туршлагыг ДЭМБ-аас яриуллаа.

- Хятадын гол туршлага нь юу гэх юм бэ?

- Нийт гарсан өвчлөлийн 80 хувь нь хөнгөн, дунд хэлбэрээр явагдсан гэж байна. Илрээд эдгэсэн.

Хүндэрч, нас барж байгаа тохиолдлуудын дийлэнх нь 60-аас дээш насны хүмүүс. Бидний анхаарах нэг гол зүйл бол вирусийн халдвар юугаар тархаж байгаа юм бэ гэдэг их сонирхол татаж байгаа. Энэ бол амьсгалын замын өвчин.

Энэ вирусийн хувьд хүнээс ялгарч байгаа бүхий л шингэнээс илэрч байгаа. Өтгөн, хоолой, хамрын арчдас, бохир гадаргаас халдах боломж байна гэдгийг голомт гарсан судалгаанууд харуулж байна.

- Товчхоноор бол энэ өвчин хүндэрсэн тохиолдолд Монгол Улс бэлэн байна уу, үгүй юү гэдгийг та ний нуугүй хэлж өгөөч?

- Энгийн коронавирус бол томуугийн улиралд авдаг шинжилгээгээр илэрч байдаг. Шинэ вирус нь сарьсан багваахайнаас илэрсэн гэж тогтоогдсон. Энэ удаагийн шинэ вирус амьсгалын цочмог халтай хам шинж (SARS)-ийг үүсгэсэн вирустэй нэлээд төстэй буюу генотипийн 80 орчим хувь нь ижилхэн байгаа.

Гэхдээ хоруу чанар нь бага. Өндөр хоруу чанартай байх юм бол богино хугацаанд хүнд хэлбэрээр өвдөнө. Хүн ам шигүү байрласан бол халдварыг хурдан тархахад нөлөөлнө.

Манай орны нийт хүн амын 1.5 сая орчим нь Улаанбаатар хотод байгаа. Тиймээс бид Улаанбаатар хот руу нэлээд их анхаарч байна.

Манай улсын хувьд хүндэрсэн тохиолдолд үзүүлэх тусламжийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэггүй. Бүгдийг гаднаас авдаг.

Жишээ нь, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 1.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг сая авлаа.

Гол нь амьсгалын аппарат, багаж хэрэгсэл их чухал. Энэ вирус хурдацтайгаар уушгийг гэмтээдэг. Ийм хүмүүсийг хяналтдаа авч халдварт өртөхгүй байхад нь анхаарах учиртай.

ЭМЯ-наас энэ чиглэлээр өрхийн эмнэлгүүдэд ийм суурь өвчтэй хүмүүсийг анхаарч, эмчилгээ хийж байх талаар үүрэг өгөөд ажиллаж байгаа.

Ер нь манай улсын хувьд энэ өвчин хүндрэхгүй байх, эмнэлгийн ажилтнууд өвдөхгүй байх нь чухал. Манайд эмнэлгийн ажилтан цөөн. Нүүр тулж тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч нар өвдөж эхэлбэл асуудал хүндэрдэг.

Хэдийгээр төрөл бүрийн эмч нар байгаа боловч амьсгалын замын хүндрэлтэй хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн эмч нар харьцангуй цөөхөн.

Тийм учраас энэ тал дээр ч ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. ДЭМБ-аас ч энэ чиглэлээр сургалт зохион байгуулах, техникийн болон мэргэжлийн зөвлөгөө, тусламжуудаар байнга хангаж хамтран ажиллаж байна.

Улс бэлэн байна уу, үгүй юү гэдэгт бол амьсгалын цочмог халтай хам шинж буюу SARS-ыг бид нас баралтгүй даван туулсан. Түүний адилаар арга хэмжээг зөв авч чадвал магадгүй бид тийм амжилт гаргаж болно.

Энэ өвчний тоон мэдээг тогтмол мэдээлж байгаа болохоор би түүнийг давтах шаардлагагүй байх.

- Энэ өвчнөөр монгол хүн өвдөхгүй байгааг манайхан олон янзаар тайлбарлаж байна. Таныхаар юу бол?

- Ер нь манайх харьцангуй цаг агаарын талаас хүйтэн бүсийн орон.

Улирлын томуугийн вакцин гэхэд бүтэн жилийн турш харуулдан тандалтын нэгжээс авч цуглуулсан шинжилгээний үр дүнгээ АНУ-ын Өвчний хяналт судлалын төв рүү явуулж тухайн хүйтэн сэрүүн бүсийн орнуудын вакциныг бэлтгэхэд хувь нэмрээ оруулдаг улсын нэг.

Сүүлийн 2-3 жилд ойролцоогоор 200,000 орчим хүн тун вакцин хийсэн.

Халуун орнуудын улирлын томуугийн вакцины омгууд өөр өөр байдаг. Үүний адилаар шинэ вирус өөрөө цаг агаарын байдлаас хамааралтай байж болох юм.

Вирусийн гадна орчинд амьдрах хугацаа зэргээс хамаарна гэх мэт. Нөгөө талаас монгол хүн хооллолтын хувьд амьтны уураг сайтай хоол иддэг.

Махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ гэх мэт. Энэ талаасаа ч байж болох юм. Учир нь энэ халдвар Хятадын Хубэй мужийн Ухань хотын далайн бүтээгдэхүүний захаас эхэлсэн.

Тэр захын 49 хүн дээр хийсэн судалгаагаар тэр хэсгийн хүмүүс ихэнх нь хөнгөн хоолтой.

Хоёрт, ихэнх нь настай хүмүүс худалдаа хийдэг байж. Монгол хүн бараг иддэггүй 530 гаруй төрлийн бүтээгдэхүүн зардаг байсан гэж байгаа.

300 орчимд нь шинжилгээ хийхэд бохирдолтой гарсан. Манайд тийм зах байхгүй. Тэр талын эрсдэл бага гэсэн үг. Ер нь монголчууд өвдлөө гэхэд хөнгөн хэлбэрээр өвдөж болох юм.

Хүндрэл бага байж магадгүй гэж үзэж байгаа.               

- Эмч нарын маань сэтгэл зүй ямар байна вэ. Шинэ вирусийн халдварын талаарх гадаадын улс орны нөхцөл байдлыг сонсож байсныг бодоход өнөөдөр эмч нар маань анхны тохиолдолтой нүүр тулчихлаа шүү дээ?

- Манай халдвартын чиглэлийн эмч, ажилтнууд ямар ч зүйлийг хүлээж авах чадвартай. Байнга шахуу халдвартай орчинд ажиллаж байдаг. Халдвартай орчинд байна гэдэг хүн өөрөө дасан зохицдог.

Энэ өвчний хувьд томуутай адилтгаж үзэж байгаа.

 Тийм учраас Хятад гэхэд коронавирусийг томуу томуу төст өвчин, SARS хоёрын шинжилгээг давхар хийж яваа юм билээ. Манайх ч гэсэн дотооддоо шинжилгээ хийж үзсэн.

Долоон эмнэлгийг хамруулж амьсгалын цочмог халдвараар өвдсөн хүмүүсээс сорьц авч үзэхэд 30 орчим хувьд нь улирлын томуу илэрсэн.

Ер нь үүн дээр айж сандрах юм байхгүй. Томуугаар өвдөөд долоо хоног болоод эдгэрдгийн адилаар хөнгөн хэлбэр нь ч тийм байгаа.

- Та бол өмнөх халдварт өвчний голомтууд дээр ажиллаж байсан хүн. SARS дэгдэхэд манайх хэрхэн ажиллаж байв. Ямартаа ч нас баралтгүй даван туулсан амжилттай байх аа?

- SARS бол адилхан коронавирус. Манайд сэжигтэй 18 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс батлагдсан нь ес. Тэр есөн тохиолдол бүгд бүрэн эмчлэгдсэн. Нас баралт гараагүй.

Эмнэлгийн ажилтнууд өвдөөгүй нь тэмдэглүүштэй. SARS тухайн үед БНХАУ-аас зөөвөрлөгдөж орж ирсэн.

Монголдоо бол ээжээсээ нэг л хүүхэд халдвар авч байсан. Үүнээс харахад шинэ өвчин гарлаа гэхэд манайд гаднаас зөөвөрлөгдөж орж ирэх магадлал маш өндөр байдаг. Тиймээс энэ тал дээр ч анхаарах нь зүйтэй.

Тухайн үед ч бас өвчтөнийг тусгаарлах, нөөц эмнэлэг тасгийг Дорноговь, Сэлэнгэ аймагт 50, 20 ортой байгуулсан. Ялангуяа Замын-Үүд, Алтанбулаг боомт дээр бэлэн байдлыг маш сайн хангасан.

Тэр үед авсан арга хэмжээ одоогийн шинэ коронавирусийн арга хэмжээтэй ижил төстэй. Энэ маань адилхан амьсгалын замын өвчин шүү дээ.

- SARS-ын онцлог нь юу байсан юм бэ?

- SARS бол өөрөө маш богино хугацаанд агшин зуур амьсгалын цочмог дутагдалд оруулдаг. Даамжраад нас барах эрсдэлд хүргэдэг өвчин.

Тархвар судлалын үе нь 2-10 хоног. Тэгвэл шинэ коронавирусийн нууц үе ихэвчлэн тав хоног түүнээс дээш байна гэж байгаа. Нууц үе гэдэг нь вирусээр халдвар аваад шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлж байгаа юм.

SARS ахуйн хавьтлаар халдаж байсан гэдгийг Хонконгийн эрдэмтэд тогтоосон. Яагаад эмнэлэг дотор халдвар гарсан бэ гэхээр тухайн орчны ширээ сандал, цонхны тавцан зэргийг өвчтөнд үйлчилгээ хийж байсан хүмүүс тогтмол цэвэрлэж байгаагүйтэй холбоотой.

Тэгэхээр SARS-ын үед ч, коронагийн үед ч адилхан 20-30 минут тутамд гарыг л тогтмол ариутгаж, гадаргуугийн цэвэрлэгээг тогтмол сайн хийх хэрэгтэй.

- Тухайн үед нийгмийн сэтгэл зүй ямар байв?

- Тэр үед онцгой байдал тогтоогоогүй. Тохиолдлын тоо цөөхөн, халдвар хүн амын дунд тархаагүй.

Гэхдээ бид одоо хийж байгаа арга хэмжээг бүгдийг тэр үед хийж байсан. Эмнэл зүйн шинж тэмдэг 10 хоногоос өмнө шинж тэмдэг илэрч байсан.

Тухайн үеийн баримт дээр нууц үе нь 2-10 хоног гэж манайх үзэж байлаа.

Дийлэнх тохиолдол нь 3-7 хоног байв. Өвчин хурдтай тархахгүй байгаа нь цаашид тархахгүй байх гэсэн итгэл найдварыг бидэнд өгч байсан. Энэ нь ч нийгмийг их цочролоос гаргасан байх л даа.

- 2009 онд дэгдсэн гахайн ханиадыг дэлхий нийтээр цар тахал гэж зарласан. Манайд 30 гаруй хүн амиа алдсан, бас л аймшигт халдварт өвчин шүү дээ?

- 2009-2011 оны байдлаар 1,505 Н1N1-ийн тохиолдол бүртгэгдэж, 30 хүн нас барсан. Нийт өвчлөлийн 45.5 хувь нь 15-29 насны залуучууд өвдсөн байдаг.

Энэ үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь вакцин. Манай улс 2009 оны арванхоёрдугаар сарын 10-нд вакцин хүлээж авсан анхны орон байсан.

Зургаан наснаас дээш насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, эрсдэлт бүлгийн хүмүүс, архаг суурь өвчтэй хүмүүс гээд 700,000 хүнийг вакцинжуулсан. Энэ маань өвчнийг цааш тархахаас хамгаалсан.

Яагаад гэвэл шинэ вируст хүн дархлаа байхгүй учраас эрсдэл өндөр. Тиймээс хүн амд дархлааг бий болгох гол зүйл бол вакцин. Вакцин хийснээр маш олон мянган хүнийг хамгаалж чадсан.

Нэг арга хэмжээ нь Москвагийн онгоцоор ирсэн зорчигчдыг онгоцны буудлаас манай төвд тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж бүх зорчигчдыг шинжилгээнд хамруулж хяналтад авсан үйл ажиллагаа юм.

- Гахайн ханиадны эрсдэлтэй зүйл нь юу байв?

- Жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн эрсдэлтэй байсан. Тухайн эмэгтэйн жирэмсний хугацаанаас хамаарч вакцинд хамрагдахад асуудал гарч Н1N1-ээс хамгаалахад түвэгтэй.

Гэхдээ тэр үед хамгаалагдаагүй хүмүүс халдвар авахаар хүүхдээ алдах, өөрөө нас барах эрсдэлтэй байсан.

- Эмнэлгийн ажилтнууд бас халдвар авсан санагдана...

- Авсан. Тэгэхээс өөр арга байгаагүй. Тухайн H1N1-ийн үед бид айхавтар өмсгөл өмсөөгүй. Амны хаалтыг хэрэглэ, гараа маш сайн угаа гэдэг зөвлөгөөг байнга өгч байсан.

Ер нь амьсгалын замын халдвараар халдаж байгаа үед амны хаалт их чухал үүрэгтэй. Шинэ коронавирустэй холбогдуулаад олон нийт амны хаалт хэрэглэж эхэлснээр томуу ч багассан шүү дээ.

H1N1-ийн үед амны хаалтыг одоогийнх шиг зүүж хэрэглээгүй. Хэлж байсан боловч нэг их сайн хэрэгжээгүй.

- Та бүхэн тангараг өргөсөн эмч хүмүүс. Гэхдээ халдварт өвчний олон голомтод ажиллаж байсны хувьд хүндрэл бэрхшээл бишгүй тохиолдож байсан болов уу?

- Ийм үед тохиолддог хүндрэл бэрхшээлийг цаг тухайд нь зохицуулах хэрэгтэй ч заримдаа хэцүү үеүд бий шүү.

Олон цагаар амралтгүй ажиллана гэдэг бол хүн стресстэх, хоол ундаа идэхгүйгээс бие сульдах, ажилласан илүү цагийн мөнгөө авах гэж бөөн хэл ам болно.

Сэтгэлийн урам өгөх, дэмжих асуудлууд алдаг оног. Өвдсөн тохиолдолд мэргэжлийн талаас нь бага боловч цалин урамшуулал өгөхийг дэмжих нь бага гээд юм юм бий.

- Энэ цаг үед энэ айхавтар өвчинтэй нүүр тулж гардан ажиллаж байгаа гол хүмүүс бол эрүүл мэндийн салбарынхан. Ард иргэдийн дунд цөөн хэсэг нь энэ салбараа гоочилсон өнгө аяс харагдаад байгаа. Ийм байдал гол фронтод ажиллаж байгаа хүмүүст хүндхэн тусах нь мэдээж?

- Хэрэв манайд халдвар гарах юм бол эрүүл мэндийн салбар л энэ ажлыг нуруун дээрээ үүрч таарна.

Харин энэ удаа ОБЕГ, цэрэг, цагдаа гээд хүчний байгууллагууд туслалцаа маш сайн үзүүлж байна. Учир нь хавьтал болсон хүмүүсийг олоход энэ байгууллага их чухал үүрэгтэй ажиллаж байгаа.

Бид жишээ нь H1N1-ийн үед ингээгүй. Одоо бол хүмүүсийг олж шинжилж өвчнийг тараахгүй байх богино хугацаанд хязгаарлалт хийхэд их чухал нөлөөтэй байгааг онцлох ёстой.

Энэ туслалцаа чинь эмнэлгийн ажилтнуудад их дэм болдог.

Урьд нь эмч ажилтнууд өөрсдөө халдвар авсан хүний гэр орноор нь явдаг байсан бол бусад салбарын оролцоо орж ирж байгаа нь эмч ажилтнуудын сэтгэл санаанд ч нөлөөлж байгаа.

Олон нийт рүү чиглэсэн мэдээллүүдийг тогтмол өгч байгаа нь өмнөх үеэс шинэ дэвшил болсон байгаа шүү.

Мэдээлэл харилцаа холбоог өргөн утгаар нь ойлгуулж байна гэж бодож байна. Харин манай эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч тэр ч битгий хэл жолооч техникийн ажиллагсад хүртэл энэ ажлыг үүрч гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа.

Манай ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч нар мэргэшсэн, олон хүнд хүний амь насыг аварч тэдний гэр бүлд аз жаргал бэлэглэсэн хүмүүс.

Энэ хүнд үед өрхийн эмнэлгийн болон бусад эмнэлгийн ажилтнуудын хүчин чармайлтаар даван туулна гэдэгт итгэлтэй байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа олон  талын арга хэмжээ ард иргэдийг халдварт өвчнөөс хэрхэн яаж хамгаалж болох, энэхүү өвчний талаарх мэдлэг олж авч байгаад сэтгэл хангалуун байна.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.