Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"ЭЕШ-ын болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.

"Монгол хэл, бичгийн шалгалтаа давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй"

Энэ үеэр "Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл болон ЭЕШ-ын бүртгэл өөр" гэдгийг Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ онцолсон юм.

 
mpa.mn

Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалт, Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр албан ёсоор эхэлж байна. 

ЭЕШ-ын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 28-нд улс даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана.

Энэ хоёр шалгалтын хуваарийг өмнөх оны төгсөгчид ялгаагүйн улмаас Монгол хэл бичгийн шалгалтынхаа бүртгэлээс хоцорсон тохиолдол олон бий.

Монгол хэл бичгийн шалгалт өнгөрсөн жилээс босго оноотой болсон. Хэрвээ Монгол хэл, бичгийн шалгалтаа давж чадаагүй бол их, дээд сургуульд элсэх боломжгүй зохицуулалттай.

Урьдчилсан байдлаар Монгол хэл, бичгийн шалгалтад 32,000 шалгуулагч орно гэж тооцоолон, улсын хэмжээнд 50 шалгалтын төвийг бэлтгэх ажлын хангаж байна" гэлээ.

"2-10 хүртэл хэдэн ч хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн эрхийн асуудал"

 
mpa.mn

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат бүртгүүлэх журмын талаар хэлэхдээ “Монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн хувьд шалгуулагчид бүртгэлийн мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс автоматаар татаж баталгаажуулан эрхээ үүсгэнэ.

Харин энэ жил 12 дугаар анги төгсөх хүүхдүүд Монгол хэл, бичгийн шалгалтад орох эсэхээ сургуулийн захиргаагаараа дамжуулан баталгаажуулах бөгөөд тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй.

Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид заасан хугацаанд Монгол хэл, бичгийн шалгалтад заавал тусгайлан бүртгүүлэх ёстой. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин явуулахгүй гэдгийг сануулъя.

Харин ЭЕШ-д бүртгүүлэхдээ хүүхэд ямар мэргэжлээр аль сургуульд элсэн орох хүсэлтэйгээ эхлээд эцэг, эх, багштайгаа ярилцаж шийдсэн байх хэрэгтэй.

Учир нь ямар мэргэжлээр, аль сургуульд сурахаас хамаарч ямар хичээлээр шалгалт өгөх нь тодорхой болно.

Мөн 2019 онд Оюутан элсүүлэх журамд орсон өөрчлөлтөөр тухайн шалгуулагч их, дээд элсэхийн тулд заавал хоёроос доошгүй хичээлээр шалгалт өгсөн байхаар зохицуулагдсан.

Харин хоёроос дээш 10 хүртэл хэдэн ч хичээлээр шалгалт өгөх нь тухайн хүүхдийн эрхийн асуудал.

Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад ЭЕШ-д 4-5 хичээлийг сонгож өгсөн хүүхдүүдийн шалгалтад үзүүлсэн дүн нь бусад хүүхдүүдээс харьцангуй өндөр байсан" гэв.