Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"ОУВС хөтөлбөрөө сунгах эсэхийг шинэ засгийн газартай ярьсан нь илүү найдвартай болов уу гэж байгаа"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 31
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Энэ үеэр мөнгө санхүү, гадаад секторын статистикийг 2019 оны сүүлийн байдлаар танилцуулсан юм.   

Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 7 хувьд хүрч, 20.8 их наяд төгрөг болжээ.  Энэхүү жилийн өсөлтийг,

  • 4.9 нэгж хувийг төгрөгийн хадгаламж,
  • 2.4 нэгж хувийг гадаад валютын хадгаламж,
  • 0.3 нэгж хувийг гадаа валютын харилцах,
  • -0.4 нэгж хувийг төгрөгийн харилцах бүрдүүлсэн байна. 

Мөнгөний нийлүүлэлтийг байршил талаас нь авч үзвэл Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 17.9 их наяд төгрөг, гадаад цэвэр актив нь 3 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж буйг Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Б.Батдаваа онцлов. 

Харин банкуудын зээлийн үлдэгдэл 2018 онтой харьцуулахад 2019 онд 5 хувиар өсч, 17.9 их наяд төгрөг болсон байна.

  • Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 4 хувиар өсч, 9.3 тэрбум,
  • Хувийн байгууллагын 7 хувиар өсч 8.5 тэрбум төгрөгт тус тус хүрсэн аж.

Гадаад валютын нөөц 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 4.35 тэрбум ам долларт хүрч нэмэгдсэн

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн "Зээлийн үлдэгдлийн бүтцийг эдийн засгийн ангиллаар авч үзвэл, цалин тэтгэврийн зээл нийт зээлийн 22 хувь, худалдааны зээл 16 хувь, үл хөдлөхийн зээл 12 хувийг тус тус эзэлж байгаа. Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 2019 оны урьдчилан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үетэй  харьцуулахад алдагдал нь 22 хувь буюу 490 орчим сая ам доллараар буурч, 1.6 тэрбум ам долларын алдагдалтай гарсан. 

Харин санхүүгийн дансны хувьд ашиг 200 сая ам доллараар нэмэгдэж, 20.3 тэрбум ам долларын ашигтай гарлаа. Ингэснээр 2019 оны эцсийн байдлаар нийт төлбөрийн тэнцэл 453 сая ам долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 4.35 тэрбум ам долларт хүрч нэмэгдсэн" гэдгийг хэлэв. 

2020 оны батлагдсан төсвийн хэмжээ эдийн засагт нэлээд дэмжлэг үзүүлэх жил байхаар харагдаж байгаа

 
Гэрэл зургийг MPA.mn

2020 оны эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “2020 онд бид анхаарал хандуулах ёстой зүйл нь экспортын хэмжээ, ялангуяа нүүрсний экспортод сайн анхаарах ёстой. Мөн импортын төлөв байдлыг харвал тогтворжсон жил болж эхэлж байна. 2020 оны батлагдсан төсвийн хэмжээ эдийн засагт нэлээд дэмжлэг үзүүлэх жил байхаар харагдаж байгаа. Мөн дотоод эдийн засаг дээр инфляцын төлөв байдлыг анхаарах хэрэгтэй гэдгийг хэлье. 

Коронавирус гарахаас өмнөх дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад худалдаа, аж үйлдвэрийн индекс дээр эерэг өөрчлөлт гарч, дэлхийн эдийн засгийн уналт ажиглагдахгүй нь хэмээн яригдаж байсан юм. Гэхдээ бүрэн сэргэх хугацаа хараахан болоогүй байна. Гэхдээ эдийн засгийн өндөр өсөлт нь цаашид инерцээрээ тодорохой түвшинд хадгалагдана.

ОУВС-гийн хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусна. Гадаад талаас хэлэхдээ сонгууль зургаан сард болох учраас шинэ засгийн газартай хөтөлбөрийг сунгах эсэх асуудлыг ярьсан нь илүү найдвартай болов уу гэж байгаагаа илэрхийлсэн.

ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд үр дүн гарсан уу гэж их асуудаг. тус хөтөлбөр үр дүнтэй байсан. Тухайлбал,

  • Гадаад, дотоод хүндрэлтэй нөхцөл байдал сайжирсан
  • Төсвийн өрийг бууруулж чадсан
  • Эдийн засгийн өсөлт сэргэсэн нөхцөл байдалтай байна” гэв.
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаарх хууль батлахдаа Монголбанкны оролцоог тодорхой тусгасан. Нөгөө талаар Монголбанк дотоодын зах зээлээс үнэт металь худалдан авдаг. Тэгэхээр Эрдэнэс Монгол компанийн Салхитын мөнгөний ордоос олборлосон мөнгийг Монголбанк худалдаж авна. Энэ худалдсан эх үүсвэрээсээ Эрдэнэс Монгол гаргасан бондын эргэн төлөлтөө хийнэ гэсэн төсөөлөлтэй байгаа.

Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан хуулийн дагуу НДЕГ-аас тоо мэдээллээ Эрдэнэс Монгол компанид өгч, тус компани Хөгжлийн банкны баталгаатай таван жилийн хугацаатай бонд гаргана. Уг бондыг банкуудад шилжүүлж өгөх замаар иргэдийн тэтгэврийг төлөх ажил хийгдэж байна. Тэгэхээр Монголбанкнаас шууд мөнгөжүүлээд явна гэсэн зүйл байхгүй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.