Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пүрэвдорж: Орон нутагт ялах магадлалтай учраас МАН мандат нэмж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад 12 гишүүн оролцоноос найм нь уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм. 

Ирэх сонгуулиар нийслэл есөн тойрог, 24 мандат, орон нутаг 20 тойрог, 52 мандаттай байхаар тогтоолын төсөлд заасан. 

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН орон нутагт мандатыг илүү хуваарилдаг. Харин АН буцаагаад нийслэлийн мандатыг нэмэгдүүлдэг. Яагаад гэвэл нийслэлд хүн амын 50 хувь нь оршин суудаг. Нийгмийн асуудлыг шийдвэрлэе гэвэл хотод илүү мандат хуваарилах нь зөв. Харин орон нутагт ялалт авах чиглэлтэй учраас мандат нэмж байгаа бодлогыг МАН гаргаж байна. Энэ нь хуулийн төслөөр батлагдаж байна. Ингэхдээ хуулиар хулгай хийж байна.

Бүсийн төв аймгуудыг гурван мандаттай, бусдыг нь хот руу шилжүүлэх боломж бий. Тиймээс би нийслэлийн мандатын тоог хасахыг дэмжихгүй байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: МАН нийслэлийн мандатыг хасаж, АН нэмдэг гэсэн асуудал байхгүй. Сонгуулийн тогтолцооноос хамаарч ийм өөрчлөлтүүд оруулдаг. Үеийн үед Улаанбаатар хот 20 мандаттай байсан. Харин одоо 24 болгож байгаа юм. Гол асуудал нь дөрвөн аймаг нэг мандаттай болсон. Өмнө нь эдгээр аймаг хоёр мандаттай байсан юм. Үүнийг буцаагаад хоёр болгож буй асуудал.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эрх баригч нам 2016 онд АН-ын тойргийн хуваарилалтыг шог гэж шүүмжилж байсныг санаж байна. Харин энэ удаагийн тойргийн хуваарилалт шогийн шог боллоо.

Хамгийн хэлмэгдэж байгаа нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн байна. Ийм байдлаар газар нутгийн хэмжээг харгалзан үзэж байгаа юм бол бусад аймаг, дүүргийг ч бас хувааж болох нь. Хүн амын тэгш хуваарилалт, тэгш сонголт гэж алга. Та нар намын дарга, бүлгийн даргадаа зориулсан хуваарилалт хийсэн байна. Улаанбаатарын  мандатаас хулгайлдаг, нийслэлийн сонгогчдоос айдаг синдром чинь хэвээрээ байна. Улаанбаатарын сонгогчдыг ад үздэгээ больж, нийслэлчүүд та нарыг дэмжиж байсныг санаарай. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бид одоо юу ч яриад нэмэргүй юм байна. Бурууг нь цаг хугацаа харуулах байх. Тойргийг хуваарилахдаа хүн ам, эдийн засаг, нутаг дэвсгэрийг харгалзах үзэхээр ярилцсан. Гэтэл та нар нутаг дэвсгэрийг л харгалзаж, тойрог байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлд илүү их мандат хуваарилах ёстой байсан. Гэхдээ тоглоомонд хожих эсэхийг нь харъя даа.

Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж байгаа нь зөв. Үүн шиг Орхон, Булган хоёрыг нэгтгэж, нэг мандатыг нь нийслэл рүү шилжүүлсэн бол зөв байсан юм. Нийслэлийн захын гурван дүүргийг нэгтгэж, нэг тойрог болгож байгаа нь зөв. Би зөв зүйлийг чинь зөв гэж хэллээ. Харин бурууг чинь буруу гэж хэлж байна. АН ийм хуваарилалтыг дэмжихгүй.