Автозам ашигласны хураамжийг 1000 төгрөг болгов
Нийслэлийн Автозамын газраас автозам ашигласны хураамжийг 1000 төгрөг болгох саналыг НИТХ-д орууллаа.
Одоогоор энэ хураамж 500 төгрөг байгаа бөгөөд дан ганц Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын орлогоос бүрддэг Замын сангийн эх үүсвэр нь зам засвар, арчлалтыг бүрэн хийхэд хангалттай биш аж.
Тиймээс зам ашигласны төлбөрийг нэмэхээс гадна Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн автозам хэрэглэгчдээс авах саналтай байгаа юм байна.
Ингэснээр нийслэлийн Замын сангийн хөрөнгө жилд 8.8 тэрбум төгрөгөөр өсөх тооцоо гарчээ.
Өнөөгийн байдлаар автозам ашигласны төлбөрийн орлогыг зөвхөн шалган бүртгэх товчоодоор нэвтрэн хот руу орж байгаа тээврийн хэрэгслээс авч төсөвт төвлөрүүлдэг бөгөөд жилд дунджаар 600 орчим сая төгрөгийн орлого нийслэлийн Замын санд ордог аж.
Дашрамд сонирхуулахад, энэ оны авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллогоор нийслэлд 260 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

