Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Зудын нэн өндөр эрсдэлтэй байгаа найман аймгийн 1,000 малчин өрхөд мөнгөн тусламж үзүүлнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр гаргасан Зудын эрсдлийн зургаар нийт найман аймаг зудын нэн өндөр эрсдэлтэй байна.

Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс Өвөрхангай, Архангай, Ховд, Говь-Алтай, Дундговь, Булган, Сүхбаатар, Хэнтий аймгийн 1,000 малчин өрх бүрт 240,000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, малын эрдэс тэжээлийн багцын хамт олгохоор бэлтгэл ажлыг хийж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

 

Энэ талаар Гамшгийн менежментийн хөтөлбөрийн ахлагч Ш.Мөнгөнтуяа "Монголын улаан загалмай нийгэмлэг нь Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурласан санхүүжилт” буюу гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах үүднээс эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны журмыг боловсруулан ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас жил бүрийн арваннэгдүгээр сард боловсруулан гаргадаг “Зудын эрсдлийн зураг” дээр үндэслэж, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ гурав ба түүнээс дээш аймгийн нийт нутаг дэвсгэрийн 20-оос дээш хувь нь зудын нэн өндөр эрсдэлтэй гэж гарсан тохиолдолд эрт хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Энэ жилийн зураг дээр дүн шинжилгээ хийж үзэхэд эхний ээлжинд найман аймаг зудын нэн өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тиймээс эдгээр аймгийн 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлэх гэж байна. Бэлэн мөнгөний тусламж нь бараа материалыг бодвол тээвэрлэлтийн зардал шаардахгүйн дээр богино хугацаанд хэрэгтэй байгаа хүнд нь хүрэхэд хялбар байдаг" хэмээн ярилаа.

Хүмүүнлэгийн тусламжид хамрагдах малчин өрхийг сонгоход тухайн аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмай хороо хамтарч дараах шалгуур үзүүлэлтийг хангасан малчин өрхийг сонгоно:

  • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эсвэл эх;
  • 60-аас дээш насны, харж хандах хүнгүй өндөр настан;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл;
  • 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх.

Бэлэн мөнгөний тусламжийг ХААН банкаар дамжуулан олгох юм байна. 

"Цасны хэмжээ бага, харын зудтай байгаа аймаг, сумын малчдад, ялангуяа, отроор нүүдэллэн яваа малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа.

Иймд Улаанбаатар нийслэлд ажиллаж, амьдарч буй аж ахуйн нэгж, байгууллага, нутгийн зөвлөл, иргэдийг малчдад туслахыг уриалж байна.

МУЗН өмнөх жилүүдэд зуд болсны дараа тусламж үзүүлдэг байсан бол энэ жил эрсдэл бүхий аймгуудын малчдад тусламж үзүүлж байгаа" хэмээн МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа хэлэв.