2020 оноос хэрэгжиж буй нийгмийн даатгалын салбартай холбоотой хуулиудыг өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас танилцууллаа.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болсон. Холбогдох хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо.
Тодруулбал, Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийн үйлчилж буй хугацаанд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй аж.
Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42,000 (420 мянгын 10 хувь) төгрөгөөр тооцож төлнө. Тус хуульд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гаргажээ.
Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн билээ. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНХМАУ-ын тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөө 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна.
Уг хуулийн үйлчлэлд дээрх 4 нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдана. Ингэхдээ 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэгдүгээр сарын 20-ны дотор олгож эхлэхээр төлөвлөөд байгааг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг хэлэв.
Тэтгэврийн даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэ нь 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарах юм.
Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь хүүхдээ үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.
Хуулийн үйлчлэлд 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа (1 жил 6 cap) нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүй.
Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:
Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. /Өмнө нь 70 хувиар тооцдог байсан/\
Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Өмнө нь 2 удаа л олгодог байсан/
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.
Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил. Гэхдээ доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56,700 төгрөг болжээ. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй байна.
ХХДХ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420,000 төгрөг боллоо.
Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14,858 төгрөг (420,000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1,129,245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.
Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд opcoн бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
|