Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн хурдан жолоочгүй галт тэрэг Хятадад ашиглагдаж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Дэлхийн хамгийн хурдан жолоочгүй галт тэрэг Хятадад ашиглагдаж эхэллээ
Sara, ikon.mn - text to speech

Хятадын нийслэл Бээжинг Жанжякоу хоттой холбосон өндөр хурдны төмөр замаар дэлхийн хамгийн хурдан, жолоочгүй галт тэрэг зорчиж эхэлжээ.

Автомат жолоодлоготой уг галт тэрэг цагт дээд тал нь 350 км хурдалдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Шинэ галт тэрэг 2022 онд болох Өвлийн олимпийн наадмын үеэр хоёр хотыг холбох үндсэн зорилготой юм.

Бээжин, Жанжякоу нь 2022 оны өвлийн олимпийг хамтран зохион байгуулах хотууд ажээ.

Уулын бүсэд оршдог Жанжякоу (монголчууд Хаалган хот гэдэг) хотод цанын уралдаан тэмцээнүүд нь зохион байгуулагдах юм. Хоёр хотын хооронд 175 орчим километр зайтай. Өмнө нь энэ замыг газраар туулахад гурван цаг зарцуулдаг байсан бол одоо 45 минут зарцуулна. 1909 онд хоёр хот анх төмөр замаар холбогдоход найман цаг аялдаг байжээ.

Шинэ галт тэрэг нарийн цагийн хуваарийн дагуу бүрэн автоматаар ажилладаг. Гэхдээ онцгой үед жолоодлогыг гартаа авах хяналтын ажилтан галт тэргэнд явах юм байна.

Галт тэргийг өвлийн спортын техник хэрэгсэл ачих хэсэгтэй байхаар зохион бүтээсэн гэнэ. Бас суудал бүрт 5G технологитой, хуруугаар удирдах дэлгэц байрлуулжээ. Галт тэргэнд суухдаа царай таних технологиор нэвтрэх гэнэ.

Хятадын өндөр хурдны төмөр замын сүлжээний нийт урт 35,000 км хүрээд байна.

Хамгийн хурдан галт тэрэг нь цагт 430 км хурдтай Shanghai Maglev (соронзон өргөлттэй) юм. Бээжин, Жанжякоу чиглэлийн галт тэрэг нь автомат жолоодлоготой хамгийн хурдан гэдгээрээ онцлог ажээ.

 

Эх сурвалж: The Guardian